Английн хөлбөмбөгийн багууд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудыг хийж байна.
“Ливерпүүл”-ийн хувьд, “Энфилд” цэнгэлдэхдээ “Атлетик Бильбао”-г хүлээн авч, нэг өдөрт хоёр удаа тоглосон.
Английн 17 хүртэлх насныхны шигшээ багт хүчин зүтгэдэг довтлогч Нгумоха ердөө л эхний таван минутад гоол оруулж, гоолын дамжуулалт бүртгүүлж, шуугиан тарьсан юм.
“Ливерпүүл” багийнхан энэ зун тоглогч худалдан авахад 263.5 сая фунт стерлингийг зарцуулжээ.
Эдгээрт хагас хамгаалагч Флориан Виртц, довтлогч Уго Экитике, хамгаалагч Жереми Фримпонг, Милош Керкез, хаалгач Гиорги Мамардашвили нар багтана.
Ийм зузаан бүрэлдэхүүнтэй багт энэ сарын сүүлчээр 17 насанд хүрэх Нгумохаг тоглуулах зай бий эсэхийг сонирхох хүн олон байна.
Нэгдүгээр сард Английн цомын тэмцээнд “Аккрингтон”-ыг 4:0-ээр хожсон тоглолтын үеэр 16 нас 135 хоногтой байсан Нгумоха “Ливерпүүл”-ийн гараанд нэрлэгдсэн хамгийн залуу тоглогч болсон билээ. Гэвч энэ нь түүний хувьд, үндсэн багийн төлөө тоглосон цорын ганц тохиолдол юм.
Нунез буурь сэлгэх магадлал өндөр байгаа ч, түүнийг зарвал Исакийг авчирч бас магад. Мөн Улаануудын тэргүүн сонголт Салах, шинээр авчирсан Экитике, хуучин тоглогч Гакпо нар довтолгооны шугамд Нгумоха шиг залуу хүүд зай олгохгүй болов уу.
Нгумоха үнэндээ “Ливерпүүл”-ийн академийн тоглогч ч биш тэрбээр өнгөрсөн зун “Челси”-гийн залуучуудын багаас “Ливерпүүл”-д ирсэн.
