Сүүлийн үед цахим орчинд хандалт аваад буй “Оюутан байх хугацаа ердөө 4 жил, эцэг эхийнхээ мөнгийг дэмий үрэх нь харамсалтай, сурах хугацаандаа сурч ав” гэсэн постыг та харсан байж магад. Гэтэл их дээд сургуулийн орчин, энд сурдаг дөрвөн жилийн хугацаагаар хязгаарлагдахгүйгээр хиймэл оюун ухаантай зэрэгцэн хөгжих шаардлага тулгараад буй. Хиймэл оюун болон бусад хүчин зүйлс ирээдүйг улам бүр тодорхойгүй болгож буй нь өмнөх бүх цаг үеийн залуустай харьцуулахад сэтгэл гутралд орох магадлалыг өсгөж байна. Удахгүй хичээлийн жил эхэлж, хичээл сонголт, их сургуулийн бүртгэл эхлэхтэй холбогдуулан оюутан байх хугацаандаа хийж үзэх ёстой 5 зөвлөгөөг хуваалцаж байна.
1. Хоббигоо олж нээх
Ахлах сургуулиас оюутны ширээ рүү, завсар жилээс оюутны ширээ рүү шилжих нь ачаалал хэд дахин нэмэгддэг. Кредитээс хамаараад ачаалал янз бүр байж болох ч лекц, бие даалт, багийн ажил, сайн дурын ажил, клуб, явцын шалгалт, эцсийн шалгалт, номын санд сууж хичээллэх гээд л цагт нь амжуулах ёстой ажлуудаас болж стресс үүсэх нь их. Харин хичээл сургуулиас болж цаг наргүй мэт явахад үүссэн стрессээ шинэ хоббигоор саармагжуулах нь хамгийн үр дүнтэй байж болно. Жишээлбэл, зураг зурах, тэмдэглэл хөтлөх, бичих, дуулах, хоол хийх, алхах гэх мэт нэг их цаг авахааргүй, авсан ч авсан нь мэдэгдэхээргүй хоббигоо олж нээснээр та стрессээ бага ч гэсэн хумьж чадах юм.
2. Өөрийн сонгосон мэргэжлийнхээ дагуу цагийн ажил хийж үзэх
Социологиор сурдаг бол судалгаа авах, эмчээр сурдаг бол сэтгэлзүйн цахим зөвлөгөөний цагийн ажил, сувилалд туслах, амьтны эмч бол амьтны төвүүдэд асрагч, хуулиар сурдаг бол хуульчийн нарийн бичиг, багшаар сурдаг бол сургалтын төвүүдэд цагийн багш, худалдаагаар сурдаг бол дарс амталгаа дээр цагийн ажилтан, борлуулалтын цагийн ажилтан, соёлын өвөөр бол нэг өдрийн тайлбарлагчаар ажиллаж болох юм. Хэрвээ та өөрийнхөө сонгосон мэргэжилд эргэлзэх, эсвэл хийж чадах эсэхээ мэдмээр буй бол оюутан байх хугацаандаа мэргэжилтэйгээ холбоотой ажлыг заавал хийж үзээрэй. Ингэснээр та ирээдүйн мэргэжилдээ тууштай хандах, цаашид ажиллаж чадах, улмаар өөрийн юуг чадахгүйгээ ч мэдэх боломжтой. Ажлын байранд гарахад юуг зайлшгүй мэдэж төгсөх ёстой талаар ч туршлага хуримтлуулах юм. Үр дүнд та өөрийн хатуу ур чадваруудаа дадлагаар сайжруулах боломж мөн бүрэлдэх боломжтой.
3. Хүүхдүүдтэй ажиллаж үзэх
Оюутан байх хугацаандаа асрамжийн газар, цэцэрлэг, зуслан, эсвэл өөрийн төгссөн ЕБС-даа очиж хэсэг хугацаанд ч болов юу чаддагаараа туслах нь (багшлах, өдөрлөг зохион байгуулах, клуб нээх гэх мэт) эргээд танд зөөлөн ур чадвараа хөгжүүлэх, тэр болгон ажил дээр гарсан хойноо олж авч чадахааргүй бүтээлч санааг өгөх болно. Магадгүй та дуртай зүйлээ шинээр олох, хүүхдүүдтэй хамт тоглосноор тархиа сэргээх, бүр шинэ бизнес санаа ч олж болох юм.
4. Дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах
Монголд нэг үеэ бодоход тэтгэлэгт хөтөлбөрүүд олноор зарлагдаж, мэдээллүүд нь ч элбэг болсон цаг. Тиймээс та мэргэжил, сонирхолдоо үндэслэн богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж үзээрэй. Энэ нь танд шинэ хүрээллүүд бий болж, илүү мэдлэгээ тэлэхэд маш их тустай байдаг. Жишээлбэл, Бадраа сан, Зориг сан (Ардчилал зуны зуслан гэх мэт хэд хэдэн тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй), Оюу Толгой, Социологийн зуны сургууль- Цогц үндэсний хөгжлийн төвийн хөтөлбөр, Батзориг сангийн Гэрэл зургийн тэтгэлэгт хөтөлбөрүүд, олон улсынхаас гэвэл НҮБ болон бусад олон улсын сангийн тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт. Та интернэтээр сайн хайвал хүссэн хөтөлбөр тань нээлттэй байгаа шүү.
5. “Шоудаж үзэх”
Хачин буруу сонсогдож магадгүй л юм. Гэвч шоудаж үзэх бол оюутан байхдаа хийж үзэх зүйлсийн нэг зайлшгүй мөн. Учир нь олон нийтийн дунд хэрхэн биеэ зөв авч явах, цаашлаад шоудах нь танд тохирох зүйл мөн эсэх, өөрийгөө буруу зүйлсээс хэрхэн холдуулах, олсон мөнгөө зөв зарцуулах зэрэгт сургахаас гадна, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөх дурсамж бүтээхэд тань хамгийн их хэрэг болох болно.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа