Дэлхийн хамгийн анхны кино баримтат бүтээл байдаг. Кино бол дүрсээр дамжуулан цаг хугацааг илэрхийлдэг урлаг билээ. Бид өөрсдийн амьдралаа, түүхээ эргүүлж харахыг хүсвэл баримтат кино үзэх, түүнд хөрөнгө оруулдаг байх нь чухал. Киноны энэ төрөл ихэнх тохиолдолд орхигддог хэдий ч бидний түүх, дурсамжийг хадгалдаг, мөн амьдралыг харах өнцгийг тэлдгээрээ онцлог билээ. Тиймээс энэ удаад монгол хүн бүрийн заавал үзэх ёстой баримтат бүтээлүүдийг хүргэж байна.
1. “Улаанбаатар” баримтат кино (1959, 1984)

Манай улс социализмын үеийг туулаад гарсан нь үнэн. Тэр үеэс эхлэн орчин үеийн Монголын бүтээн байгуулалтууд эхэлсэн байдаг. Кино урлаг ч мөн тухайн үед сууриа тависан түүхтэй. Түүнчлэн Улаанбаатар хотын түүхийг сонирхдог, хотынхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохыг хүсэж буй хэн бүхэнд тус хоёр баримтат киног санал болгож байна. Эдгээр бүтээлээс 1959 он ба 1984 оныг харьцуулах, одоогийн Улаанбаатар хотоо эргэн харах соньхон боломж шүү дээ. Их хотын иргэд амьдарч байгаа газар, соёл иргэншлийнхээ талаар мэдлэгтэй, бодол санах өөрийн гэсэн үнэт зүйлстэй байх ёстой. Та ч бас хотын иргэн тул өөрийн оршин буй түүхдээ хувь нэмэр оруулах болов уу.
2. “Нохойн орон” (1998)

Монголчууд мал амьтан адгуулан амьдрах хэв маягаа уламжлан үлдэж, дэлхийн өвөрмөц нэгэн соёлыг дархлан бүтээж, бас хадгалж ирснээрээ ялгаатай. Энэ кино бүтсэн түүх их сонирхолтой. Киноны зохиолч, найруулагч Д.Төрмөнх галт тэргээр Бельги улсыг зорьж явах зуур болсон явдлаас үүджээ. Өмнө нь нэг кинонд хамтарч ажилласан найруулагч Питер Бросенс түүнээс “Монголд яагаад ийм олон золбин нохой байдаг юм бэ” гэж асууж л дээ. Хариуд нь Төрмөнх “Монголчууд нохойг дараа төрөлдөө хүн болж төрдөг гэдэгт итгэдэг юм. Үхсэнийх нь дараа сүүлийг тасдаад аманд нь зуулгаад, шар тос хийдэг” гэж. Ингэж л энэ киног хийх санаа төрсөн байдаг. Баримтат бүтээл боловч уран сайхны аргатай хослуулсан тул hybrid бүтээлд тооцогддог. Ирээдүйд баримтат киноны чиг хандлага хаашаа чиглэхийг урьдчилан харуулж чадсан бүтээл 27 жилийн өмнөх монгол киноноос харж болмоор санагддаг. Танд ч бас бүтээлчээр ажиглаж, орчин үед бүтээгдсэн шинэ кинонуудтай харьцуулж үзмээр киног санал болгож байна.
3. The story of the weeping camel, "Ингэн нулимс" (2003)

“Ингэ ботгоо голоход хуурдах хөгжимчин хэрэг болно”. Д.Бямбасүрэн найруулагчийн тус бүтээл Оскарын 77 дахь шагнал гардуулах ёслолд анх удаагаа Монгол Улсаас баримтат кино төрөлд нэр дэвшжээ. Ёс уламжлалаа эргэн харах, монгол хүний гэх ондоошилоо сэргээн санахад тань тус бүтээл туслахаас гадна Оскарт шалгарч байсан анхны баримтат бүтээл тул монгол хүний хувьд заавал үзэх бүтээл юм.
“Ингэн нулимс” баримтат кино бүтээгдэж байх цаг үе бол олон улсын харилцаа, дэлхий нийтийн улс төр хийгээд боловсрол, урлаг соёлын бодлогод даяаршил зайлшгүй гэх ойлголт давамгайлж, хөгжиж буй орнууд их гүрнүүдийн соёл, сурталд уусан өөрийгөө өөр гэдгийг мартан дагах зам жимүүд тодорч байх онцлог үе билээ. Тиймээс он цагийн өнгө аясад үзэл санааны туйлбарыг монгол найруулагч сөрж, үндэсний уламжлал, ахуй соёлын хүчийг уран агаад бодитоор харуулснаараа энэ кино ялгарч байлаа.
Үзэх: https://archive.org/details/TheStoryOfTheWeepingCamel?utm_source=chatgpt.com
4. “103” баримтат цуврал (2025)

Эмч, эмнэлгийн ажилтнууд, ерөөс энэ чухал салбарын ажил амьдралыг харуулсан хэд хэдэн баримтат кино Монголд бий. Гэхдээ шууд үзэж болохоор болон олон ангит баримтат цуврал гарсан нь хараахан үгүй. Хүний амийг аврах, алдах мөч гэдэг нь тоолж болохуйц агшин байдаг, бүр хэдхэн секундийн сорилт байдаг аж. Амь нас, эрүүл мэндийн сэдвийг эмч нарын ажил гэж төсөөлж байснаас үзэх гэх, үзүүлэх гэх уран бүтээлчдийн эрэлхийлэл байсангүй л хэрэг.
Тэгвэл “103” баримтат цуврал түргэн тусламжийн албаныхан үргэлж айж сандарсан, яарч тэвдсэн дуудлагаар ажлаа хийдэг. Тиймээс тамирчдаас ч илүү хурдтай, шүүгчээс ч илүү мэргэжлийн шийдвэр гаргаж, төсөөлөө ч үгүй саад бэрхшээлийг даван туулдгийг харуулжээ. Бид эмч нарын зовлон, жаргалыг хэн нэгний амь нас дээсэн дөрөөн дээрээс, үхлээс аврагдаж буй мөчийг авчрахын төлөөх тэмцлээр, дэргэд нь хамтдаа зүтгэж байгаа мэтээр үзэх болно. Магадгүй хэн нэгэнд нь эмч болмоор санагдаж, үгүй ядаж гэнэт бие муудах хүнтэй таарвал яаж туслахаа мэддэг болоод үлдэх ч билүү. Нэг удаа 103-ын эмчээр ажиллаад үзэх боломжийг энэ кино өгч байна. Уран бүтээлчид 101, 102 гэх яаралтай тусламжийн багийнхны тухай цуврал хийсэн байна лээ шүү.
Хэрвээ та түргэн тусламжийн ард ямар хүнлэг ертөнц оршиж байдгийг бодитоор олж харахыг хүсвэл "103" баримтат цувралаа Юнивишнийн Монгол багц, LookTV-ийн Nomadia Originals цэсээс сонгон үзээрэй.

5. “Хүсэл, Шунал” С.Бямба (2010)

Найруулагч С.Бямбын тус бүтээл социализмын үеийн кино үйлдвэр болон 2000-аад оны буюу тогтолцооны шилжилт эхэлснээс 10 жилийн дараах кино үйлдвэрийн дүр зураг, нийгмийн шилжилтээс үүдэж оюун санааны “үйлдвэрлэлийн салбарт” юу болж өөрчлөгдсөн үйл явцыг үзүүлэхийг зорьжээ. Ингэхдээ уран бүтээлч хүний тэмүүлэл, гал цог, хүсэл зоригийг дүрсийн хэлээр илэрхийлсэн нь үгээр хэлэхэд хэцүү хатуу байх олон мэдрэмжтэй үзэгчийг уях болно. Уран бүтээлч болохыг хүсдэг хүн бүр “Хүсэл, Шунал”-аар дамжуулан уран бүтээлчийн золиос, зүдгүүр, жаргал, зовлонг харах боломж бүрджээ. Энэхүү бүтээл хүсэл мөрөөдлийнхөө үнэ цэнэ, түүндээ хүрэх зоригийг тань ирлэх билүүр болох нь дамжиггүй.
Үзэх: Guru Media Films, Univision болон LookTV -ийн видео сангаас
6. The Wheel (2020)

Найруулагч Л.Номингийн “Хүрд” баримтат кино бол амиа хорлох үзэгдлийн тухай бүтээл. Төгсгөл хэсэгт гарах тоо сэтгэл сэртхийлгэм боловч харамсалтай нь, бидний дундаас гарсан бодит үзүүлэлт. Энэхүү уран бүтээл эдгээр тоог хараандаа авахыг баримтат киноны хэлээр хамгийн тод хашгирч чадсан бүтээл болсноороо онцгой. Бидэнд энэ тухай шивнэх шаардлага бий гэж үү. Манай улсад амиа хорлохыг гол төлөв хувь хүний сэтгэлзүйн асуудал гэж дүгнэх нь элбэг байдаг хэдий ч үнэндээ энэ бол бас нийгмийн асуудал. Ихэнх Монголын баримтат кино уламжлал, заншил, соёлын тухай өгүүлдэг бол тус бүтээл таны хорвоог харах өнцөгт шинэ салхи оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
7. “Бэхи хүү” (2022)

Нэгэнт баримтат кино гэж ярьсан тул богино баримтат киног дурдахгүй өнгөрч болохгүй. Монголыг хатуу ширүүн гэдгийг мэдрүүлдэг хамгийн тод баримтуудын нэг бол манай өвөл. Ийм улиралд 11-хэн настай хүү боохойноос айлгүй эзгүй хээрээр оторлож, гэртээ ганцаар малаа маллаж буй хөвүүний тухай өгүүлнэ. Энэхүү бүтээл нүүдэлчид бидний доторх зориг, омогшил хурц билгүүнийг илэрхийлэх мэт. Н.Бэхи гэх энэ цовоо сэргэлэн хүү саяхан 16 нас хүрч ахлах ангиа дүүргэсэн тухай бид мэдээлж байсан билээ. Тухайн бүтээлийг үзсэний дараа өвлийг хүлээлгүй, мал маллахгүй ч энэ хотдоо, өөрийнхөө амьдралын өмнө зориглох, босох, өндийх шалтгаанаа мэдрэх болов уу.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа