Олимпийн хошой аварга, Дэлхийн АШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арман "Мондо" Дюплантис наймдугаар сарын 12-нд Унгарын Будапешт хотноо болсон Иштван Дюлайн нэрэмжит хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд оролцохдоо 6 метр 29 сантимер дээгүүр харайж Дэлхийн рекордыг шинэчиллээ.
Энэ жил 25 настай Дюплантис 2020 онд 6 м 17 см дээгүүр гарч Дэлхийн рекордыг шинэчилж байснаас хойш өөрөө өөрийнхий тогтоосон рекордыг шинэчилсээр байгаа юм.
Энэ удаагийн рекорд нь түүний 13 дахь Дэлхийн рекорд. Мөн швед харайгч танхимын Дэлхийн рекордыг 6 удаа шинэчилсэн бөгөөд нийтдээ 19 удаа Дэлхийн рекордыг шинэчлээд байна.

Хөнгөн атлетикийн Дэлхийн рекордын мөнгөн шагнал нь 100 000 ам.доллар байдаг бөгөөд Мондо " моньд" шагналын мөнгөнд болоод сантиметр сантиметрээр дэлхийн рекордыг ахиулж байна гэсэн шүүмж ч сонсогддог.
Хэдийгээр Дюплантис энэ үедээ тасарчихсан харайгч, ойрхон очих ч өрсөлдөгчгүй байгаа боловч ЗХУ болон Украины домогт тулгууртай харайгч Сергей Бубкагийн тогтоосон Дэлхийн рекордын тоонд хүрэхэд бас л хол хэвээр.
С.Бубка 1984-1994 оны хооронд Дэлхийн рекордыг 35 удаа ( 17 + 18 танхимын дэлхийн рекорд) эвдэж байсан билээ.

Ирэх есдүгээр сарын 13-21-нд Японы Токио хотноо болох хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд Арманд Дюплантис алтан медаль авах нь бараг л тодорхой бөгөөд харин ДАШТ-ий үеэр Дэлхийн рекордыг шинэчлэх эсэх нь л сонин байна.
2025 онд л гэхэд Мондо Дэлхийн рекордыг 3 удаа шинэчлээд байгаа юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин