UBLife Logo
Спорт

Неймар хожигдоод уйлав

Неймар хожигдоод уйлав

Бразилийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Неймар уналтад орсон замналаа аврахаар нутгийнхаа “Сантос” клубт хүчин зүтгэж байгаа билээ.

“Сантос” бол түүний бага насандаа тоглож байсан баг юм.

Ням гарагт тэд өөрсдийн талбайдаа “Васко да Гама”-тай тоглож, 6:0-ээр бут ниргүүлэв.

Эстадио Урбано Калдейра цэнгэлдэх хүрээлэнд 50 мянга гаруй хөгжөөн дэмжигч энэ тоглолтыг үзэж сонирхсон байна.

Неймар бүтэн тоглосон агаад түүний эсрэг “Байерн”-ий хуучин цэрэг Филиппе Коутиньо дубль толилуулж, гялалзсан юм.

“Сантос” Серие А лигийн 15-р байранд бичигдэж, унах бүсээс ердөө хоёр онооны зайтай байна.

Өдгөө 33 настай Неймарын гэрээ 12-р сард дуусна.

Угтаа тэр өдийд Европын аль нэг баг руу шилжихээр төлөвлөж байсан юм. Ингэж түүний хувьд, ирэх жил болох ДАШТ-д шигшээ багийнхаа хамтаар оролцох боломж нь нээгдэх байв.

Неймар 3-р сард Бразилийн шигшээ багтаа ахин дуудагдсан ч, түүнийг талбайд гаргаагүй.

Тэрбээр Бразилийн шигшээ багийн төлөө 128 тоглолтод оролцож, 79 гоол оруулаад буй. Харамсалтай нь, 2023 оны аравдугаар сард Уругвайн эсрэг тоглох үедээ бэртэж, тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд шигшээдээ ахин тоглоогүй байгаа юм.

Тиймээс “Васко да Гама”-д хожигдсоныхоо дараа асгартал уйлсан. “Сантос” багийнхан энэ ялагдлынхаа дараа дасгалжуулагч Клебер Хавьерийг ажлаас нь халав. Энэ нь Неймарийн хувьд, “Сантос”-ийн төлөө талбайд гарсан 250 дахь тоглолт болсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.