UBLife Logo
Спорт

Улаан чөтгөрүүд хэрэв аваргын төлөө зүтгэе гэвэл сайн хаалгачтай болох хэрэгтэй

Улаан чөтгөрүүд хэрэв аваргын төлөө зүтгэе гэвэл сайн хаалгачтай болох хэрэгтэй

Английн Премьер лигийн 2024-25 оны улирлын нээлтийн тойргийн онцлох тоглолт Мөрөөдлийн театрт явагдлаа.

Талбайн эзэн Улаан чөтгөрүүд энэ тоглолтод Их буучдын өмнө 1:0-ээр ялагдал хүлээв.

Улаан чөтгөрүүд өнгөрсөн улирлын Премьер лигийг 15-р байраар, унах бүсийн чанх дээхнэ дуусгасан учир зун 200 сая фунтээр шинэ тоглогч худалдаж авсан.

Гэхдээ тэд довтолгооны бүсээ чангалахад хэт анхаарал төвлөрүүлж, дээрх үнийн дүнг бүхэлд нь Бенжамин Сеско, Матеус Кунья, Брайан Мбеумо нарт зарцуулсан юм.

Харин Их буучидтай хүч сорьсон нээлтийн тоглолтод хаалгач Алтай Байиндирийг гараанд нэрлэж, улмаар Турк хаалгач маш том алдааг гаргасан.

Булангийн цохилтын үеэр хамгаалагчид хашуулж, дутуу хатгасан бөмбөгийг нь Риккардо Калафиори гоол болгосон. Энэ нь уг тоглолтын хувь заяаг шийдсэн цор ганц гоол байсан юм.

Улаан чөтгөрүүдийн довтолгооны идэвх өнгөрсөн улирлынхаас хавь илүү байсан. Матеус Куньягийн дайчин, зүтгэлтэй тоглолт тэдний дэмжигчдэд таалагдсан нь лавтай биз ээ. Харин гараанаас тоглолтыг эхлүүлсэн Брайан Мбеумо, сэлгэгдэн талбайд гарсан Бенжамин Сеско нарын гүйцэтгэл хангалтгүй байлаа.

Энэ тоглолтын дараа “Кристал Палас”-ийн хуучин довтлогч Клинтон Моррисон “BBC Radio 5 Live”-д өгсөн ярилцлагадаа “Улаан чөтгөрүүдэд асуудал байгааг харж л байна шүү дээ, бид. Уг нь тэднийг “Вилла”-гийн хаалгач Эмилиано Мартинезийг авахаар тохиролцсон гэх цуу яриа түгсэн. Өдгөө Жанлуижи Доннарумма ч гэсэн буурь сэлгэхэд бэлэн байгаа. Хэрэв “Юнайтад” өндөр түвшинд өрсөлдөе гэвэл сайн хаалгачтай болох хэрэгтэй. Андре Онана өнгөрсөн улиралд уучлашгүй алдаа олонтоо гаргасан. Хаалгач бол хамгийн сүүлчийн хамгаалагч учир хэзээ ч түүн шиг алдааг гаргаж болохгүй” гэжээ.

Харин Английн шигшээ багийн төлөө 75 тоглолтод оролцсон Жо Харт хэлэхдээ “Байиндир булангийн цохилтын үеэр хамгийн сайн байрлалыг эзлэх ёстой байсан. Тэр ингэж чадаагүй” хэмээн ярьсан.

Харин Улаан чөтгөрүүдийн дасгалжуулагч Рубин Аморим тоглолтын дараа “Бид өнөөдөр Премьер лигийн ямар ч тоглолтод, бүүр тодруулбал “Арсенал” шиг том багийг ч төвөггүй хожиж чадна гэдгээ нотолж харууллаа. Энэ тоглолтын илүү баг нь манайх байсан. Би гурван хаалгачдаа сэтгэл хангалуун байгаа” гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.