Өнөө жилийн Үндэсний Их баяр наадамд тав давж, улсын начин цолонд хүрсэн Шаравдоржийн Отгонтөгсийн мялаалга наадам 8-р сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болов.
Энэ наадмын үеэр улс, аймгийн цолтой 128 бөх барилдаж, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон нар зүүн, барууныг манлайлсан юм.
Уг барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэлээ. Э.Оюунболд энэ наадамд хязаалан үрээгээ түрүүлгэсэн төдийгүй 2016 онд болсон аймгийн арслан цолных нь мялаалга наадамд шүдлэн түрүүлгэж байсан юм.
Их шөвөгт улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарсан.
Ш.Отгонтөгс Улсын наадмаар нэгийн даваанд сумын заан Д.Мөнхбаяр, хоёрын даваанд Архангайн арслан П.Баярхүү, гурвын даваанд улсын гарди М.Баяржавхлан, дөрвийн даваанд улсын заан Б.Серик, тавын даваанд улсын арслан Э.Оюунболд нарыг өвдөг шороодуулсан юм. Улмаар зургаагийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсөд амлуулан барилдаад унасан.
Түүнийг энэ хаврын Сар шинийн барилдаанд одтой сайхан наадаж, Их шөвөгт шалгарсан хүчтэн гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй биз ээ.
Тэрбээр Хэнтий аймгаас улсын начин цолонд хүрсэн 13 дахь бөх юм.
