UBLife Logo
Дэлхий

Ли Вонг: Энэ сорви намайг эх оронч хүн гэдгийг батлахад хангалттай юу?

Ли Вонг: Энэ сорви намайг эх оронч хүн гэдгийг батлахад хангалттай юу?

Сүүлийн саруудад АНУ-д халдлага, гадуурхал, доромжлолд өртөх ази хүмүүсийн тоо хэдэн мянгад хүрснээр “Азиудыг үзэн ядахаа зогсоо” хэмээх нийгмийн уриалга, жагсаал цуглаан идэвхжээд байна. Өнгөрсөн долоо хоногт Атланта хотод зургаан ази эмэгтэйг буудан хөнөөсөн хэрэг гарсан нь энэхүү уриалгыг идэвхжүүллээ. Ковид-19 халдвар АНУ-д өргөн дэлгэрснээс үүдэн тус өвчлөлийг азиуд тарааж буй хэмээн үзэж ийнхүү арьс өнгөөр ялгаварлах үзэл хүчтэй болоод буй юм. Урлаг соёлын алдартнууд, улс төрчид, АНУ дахь ази гаралтай нийгмийн бүлгүүд дээрх уриалгад идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэж буй. 

Тэгвэл Охайо мужийн Уэст Честер хотын удирдах зөвлөлийн гишүүн, ахмад дайчин Ли Вонг арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай хэлэлцүүлгийн үеэр армид алба хааж байхдаа цээжиндээ авсан хүнд бэртлийнхээ сорвийг дэлгэн харуулсан нь олны анхаарлыг татав. 

Тэрээр хэлэлцүүлгийн үеэр өөрт тулгардаг ялгаварлан гадуурхлын тухай ярьж байснаа босч ирж костьюмаа тайлж, цамцаа яран, цээжин дэх гүн сорвио харуулаад “Энэ бол миний Нэгдсэн Улсын армид алба хааж байхдаа авсан гэмтлийн сорви. Миний хэр эх оронч болохоо батлахад энэ хангалттай юу?” хэмээн асуув. Үргэлжлүүлэн “Арьс өнгөний үзэл, азиудыг ялгаварлах явдлыг тэвчиж би удаан дуугүй явсан. Дуугарвал улам их үзэн ядалт ирэх болов уу гэж айдаг байсан. Хүмүүс намайг ази болохоор америк хүн гэж хардаггүй, түүнчлэн энэ улс орны төлөө зүтгэсэн гэдгийг ч мэдэхгүй, зөвхөн царай зүснээс үүдэн ялгаварлан гадуурхах нь их. Тиймээс би өөрийн эх оронч, америк хүн болохоо батлан харуулж байна.” гэлээ. 

69 настай ноён Вонг Фокс Ньюст өгсөн ярилцлагадаа “Би 1960 онд Америкт цагаачлан ирсэн. Тэр үед хүмүүс ази гэж гадуурхаж, үг хэлээр доромжлох болон төрөл бүрээр үзэн яддаг байсан. Чикаго хотод нэгэн удаа зодуулж, хүнд бэртэл авч байсан нь ч бий. Энэ нөхцөл байдал өнөө үед хэр өөрчлөгдсөнийг хүмүүс дахин бодож үзэх шаардлагатай болжээ” хэмээж.  

Мөн “Зөвхөн ази гарал үүслээсээ болж олон америк хүн өөрийгөө энэ улсын иргэн биш, гадны хүн мэт мэдэрч явдаг нь үнэн. Би армид 20 жил зүтгэсэн боловч намайг энэ улс орны нэгэн хэсэг биш, хангалттай АМЕРИК биш гэж хэлэх, харьцах хүмүүс өдөр бүр таардаг“ гэсэн байна.

Түүний энэхүү сорвио харуулж буй, сэтгэл хөдлөл дүүрэн бичлэг интернэт орчинд вайрел болж, STOPASIANHATE хаштагтай тархаж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
0
0
2
7
1
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.