Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдээр болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорихоор зэхэж байна. Энэ наадамд “Парис-2024” олимпын наадмаас медаль атгасан 17 боксчин тулалдах юм.
Харин Монголын 10 тулаанч рингэнээ өрсөлдөхөөс гурав нь дэлхийн медальт тамирчин байна.
Есдүгээр сарын 5-ны өдөр ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал Монголын тулаанчдын салхийг хагална.
57 кг-ын жинд тоглох М.Энхжаргал эхний тойрогт Австрийн Жули Рамадантай тулалдахаар оноолт таарсан.
Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гурван тамирчин мeдаль хүртсний нэг нь М.Энхжаргал юм. Анхны медалийг М.Нандинцэцэг авчирсан бол анхны мөнгөн медалийг Л.Алтанцэцэг атгасан билээ.
Түүнчлэн М.Энхжаргалын тухайд олимпын наадамд эрх авч оролцсон Монголын анхны эмэгтэй тулаанч билээ. Тэрбээр “Парис-2024” олимпын үеэр дэлхийн медальт хоёр тамирчинг дараалан ялж, олимпын наадмаас хожил авсан Монголын анхны эмэгтэй боксчноор тодорсон. Улмаар хүрэл медалийн төлөө тоглож, дэлхийн аварга тамирчинд ялагдсан юм.
Мөн түүний хувьд, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга тамирчин билээ.
