Нэр хүнд, цар хүрээ, оролцогч, үзэгч сонирхогчдын тоогоороо их спортын ертөнцөд "айргийн тавд" өлхөн орох хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн энэ есдүгээр сарын 13-21-нд Японы Токио хотноо болох гэж байна.
Хэдийгээр халуун цэг дээрээс, "Токио-2020" Олимпийн наадам болсон "National stadium" цэнгэлдэх хүрээлэнд дахин нэг очиж, хөнгөний ДАШТ-ийг ахин нэг сурвалжлахыг бодож байсан ч амжсангүй, энэ удаа.
Гэсэн ч өмнө нь "Орегон -2021" ДАШТ-ийг газар дээрээс нь, "Лондон-2017", "Доха-2019", "Будапешт-2023" ДАШТ-ийг "зайнаас" сурвалжилж, тойм, мэдээ хүргэж байсан ( Мөн Зуны хоёр олимпийн хөнгөн атлетикийн тэмцээний "амьд" сурвалжлага орох байх) уламжлалаа таслахгүй уншигч олон, хөнгөн атлетик, спорт сонирхогчдодоо "Токио-2025" тэмцээний мэдээ мэдээлэл, тоймыг чадлаараа хүргэхийг хичээнээ.
"Бие халаалт" болгоод "Токио-2025" хөнгөн атлетикийн ДАШТ-ий товч таамгаа хүргэе! Таалан соёрхоно уу!
Том, жижиг ямар ч уралдаан тэмцээнд хамгийн эхлээд Монголын баг тамирчдад " гол анхаарлаа" хандуулах ёстой. Энэ удаагийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцох эрхээ авсан. Бүгд марафоны төрөлд.
Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын СЭР-ОД маань ДАШТ-д 12 дахь удаагаа оролцох гэж байна. Ердөө сарын дараа 44 нас хүрэх хүн шүү дээ!!! Хөнгөний ДАШТ-ий түүхэнд марафон гүйлтээр ийм олон удаа оролцсон гүйгч ширхэг ч байхгүй. Ийм амжилт үзүүлж, эвдэхэд бэрх рекорд тогтоож, оролцож байна гэдэг нь л Б.Сэр-Одын гавьяа, Монголчууд бидний бахархах зүйл мөнөөс мөн.
Манай Сэр-Одын өмнө хөнгөний ДАШТ-д оролцсон тоогоор бүх төрлийг тооцвол спорт алхааны хоёр тамирчин л бичигддэг, бүх цаг үед. Энэ нь Испанийн Хесус Анхель Гарсиа, Португалийн Жоао Виейра нар. Хоёулаа 13 удаа ДАШТ-д тоосоо өргөсөн. Гэхдээ марафон гүйлт, спорт алхаа хоёрын хооронд асар их ялгаа бий л дээ.
Б.Сэр-Одоос гадна эрэгтэйчүүдийн марафонд Цэвээнравдангийн БЯМБАЖАВ, эмэгтэйчүүдийн марафонд Баярцогтын МӨНХЗАЯА , Галбадрахын ХИШИГСАЙХАН нар оролцоно. Бямбажав, Мөнхзаяа хоёр маань тав дахь, Хишигсайхан маань дөрөв дэх дэлхийн аваргадаа хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорино.
Эмэгтэй марафон есдүгээр сарын 14-ний өглөө 08.00 цагаас (Японы цагаар), эрэгтэйчүүдийн марафон есдүгээр сарын 15-нд мөн 08.00 цагаас гараанаас гарна. Дашрамд өгүүлэхэд энэ удаагийн ДАШТ-ийг Монголд "Central" TB албан ёсны эрхтэйгээр дамжуулан үзүүлэх юм билээ.

За тэгээд Токиод мэдээж олон орны олимп, дэлхийн аваргууд, медальтнууд цуглана. 49 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Хэний од гийж, аз ивээж , хэн нь илүү бэлтгэл, формтой байж аварга, медальтан болохыг тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг ч барагцаа, таамаг гаргахад юу нь буруудах гэж?
Галав юүлэхгүй л болохгүй гарцаагүй, бүүр баттай түрүүлж, Дэлхийн гурав дахь алтаа авах хүн бол Шведийн тулгууртай харайлтын тамирчин Арманд "Мондо" Дюплантис байна даа.
Дэлхийн аварга болоход нь эргэлзэх хэрэггүй, харин Дэлхийн рекордыг шинэчлэх үү гэж л харна. Энэ онд гэхэд л өөрийн тогтоосон дэлхийн рекордоо гурван удаа шинэчилж , 6 м 29 см болгоод байгаа залуу даа.
Мэдээж эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаан хамгийн их анхаарал татдаг. "Дэлхийн хамгийн хурдан" хүн болохын төлөөх гол өрсөлдөөн Олимп, дэлхийн аварга цолыг эзэмшиж буй АНУ-ын Ноа Лайлз, ДАШТ-ий мөнгөн медальт Ботсванагийн спринтер Летсиле Тебога, "Парис-2024" Олимпийн " аман хүзүү" Ямайкийн Кишэйн Томпсон нарын дунд өрнөх байх. Гэхдээ АНУ-ын Кенни Беднарекийг мөн энэ өрсөлдөөнд нэмж тооцох хэрэгтэй.
Лайлз гол фаворит ч гэсэн Томпсон дэлхийн аварга болох магадлалтай. Энэ жил Кишэйн Томпсон 9.75 сек гүйж хувийн дээд амжилтаа үзүүлсэн, "Diamond league"-ийн хоёр ч гараанд түрүүлсэн, форм сайтай байгаа. Харин 200 метрт Лайлз аваргаа хамгаалчих болов уу? Мэдээж Тебого ана мана үзэлцэнэ. Беднарик бас байгаа. Бас энэ зайд Австралийн залуу од , "Шинэ Усайн Болт" гэгдээд байгаа , 17 настай Гоут Гоут уралдах бөгөөд судан гаралтай энэ хүү насанд хүрэгчдийн тэмцээнд анх удаагаа оролцох гэж буй билээ. Хэдийгээр медаль авна гэж хэлэхэд хэцүү ч Усайн Болтын өсвөр насандаа гаргаж байсан амжилтуудыг эвдсэн энэ хүүг харах юмсан гэсэн бодол олон хүнд байгаа байхаа.
4х100м, 4х400м -ийн буухиа уралдаанд АНУ, Ямайкийн багууд алтын төлөө өрсөлдөх нь тодорхой. 4х100м-т нь Ямайка, 4х400м-т нь АНУ аварга болох болов уу? Энэ хоёртой Өмнөд Африкийн баг нэгийгээ үзнэ, нэхий дээлээ уралцана.
1500м, 5000 м -ийн зайд Норвегийн дундын болон холын зайн гүйгч Якоб Ингебритсен хоёр ч алт авчих боломжтой. Гол өрсөлдөгч нь Их Британий Жош Керр.
10,000 метрт Олимп, дэлхийн аварга Уганда улсын Жошуа Чептегеиг харах ч Этиоф гүйгчид энэ зайд тун сайн даа.
За тэгээд марафонд Этиоф, Кени , спорт алхаагаар Испани, Япон, Бразилийн тамирчдаас медальтнууд төрөх нь тодорхой ч яг хэн гэдгийг хэлэх хэцүү. Тэмцээн болгон дээр л өөр өөр тамирчин цойлдог болохоор.
Өндрийн харайлтад дэлхийн гурван удаагийн аварга Мутаз Баршимийг харах хэдий ч мань хүн сүүлийн олимп, дэлхийн аваргаар аль алинд нь хүрэл дээр буугаад байдаг болсон, алт авна гэхэд хэцүү. Харин Олимпийн аварга Шинэ Зеландын Хамиш Керр, БНСУ-ын У Сан Хёк алтын төлөө гол өрсөлдөөнийг үзүүлэх байх.
Уртын харайлтад бол Олимпийн хошой аварга, дэлхийн аварга Грекийн Милтиадис Тентоглу урдаа хүн гаргахгүй байх.
Бөөрөнцөг түлхэлтэд Олимпийн гурав, ДАШТ-ий хоёр алттай АНУ-ын Райан Краузер гээд нөхрийг барах хүн гарахгүй л болов уу, харин зээрэнцэг шидэлтээр Литвийн залуу тамирчин олимп, дэлхийн мөнгөн медальт , дэлхийн рекордыг эзэмшиж буй Миколас Алекна анхны алтан медалиа авна гэж найдая.
Жад шидэлт мөн их сонирхолтой болно. Олимп, дэлхийн аварга Энэтхэгийн Нираж Чопра, Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Аршад Надим нар "дайтна". Гэхдээ дайны талбарт бие бие рүүгээ жад шидэхгүй, спортын шударга өрсөлдөөнөөр жадаа хэн нь хол шидэх вэ гэдгээр.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин