UBLife Logo
Хөгжим

Алла Пугачева: Путиныг шүтдэг байсан үе надад бий

Алла Пугачева: Путиныг шүтдэг байсан үе надад бий

ОХУ-ын домогт дуучин Алла Пугачева Украины дайн эхэлснээс хойш анхныхаа ярилцлагыг өгчээ. Түүнтэй сэтгүүлч Катерина Гордеева уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага авсан байна.

3,5 цаг үргэлжилсэн ярилцлагын гол сэдэв нь мэдээж Украины дайн, гэр бүлийн хамт эх орноосоо явсан талаар байлаа. Гэхдээ Алла ойр дотнынхон, улс төрчид, нөхрүүд, мөн уран бүтээлийнхээ талаар, хэн түүнийг хайрладаг байсан, хэн үзэн яддаг байсныг ч өгүүлжээ.

Алла Пугачева ийм том ярилцлага өмнө нь 2017 онд Олег Меньшиков, 2012 онд Владимир Познерт л өгч байсан. Гэхдээ тэр үед цаг өөр байсан тул гол нь уран бүтээлээ л ярьж байлаа.

Харин энэ удаад огт өөр агуулгатай. Нөхөр Максим Галкиний хамт Украины дайн эхлэнгүүт л тэр Оросоос гарч явсан. Галкинийг гадаадын тагнуул гэж ОХУ-ын Засгийн газраас зарлахад Алла Пугачева өөрийг нь мөн тагнуул гэж үзэхийг хүсэж байв. Киев хотын “Охматдет” хүүхдийн эмнэлэг цохилтод өртөхөд Алла 2024 онд “Бурхан тэвчээртэй, гэхдээ бүх юманд хязгаар гэж бий” гэж бичиж байлаа.

Энэ удаад ярилцлага өгөх болсон зорилгоо Алла “Хүмүүст бодит явдал ямар байсан талаар баримт үлдээхийг хүссэн” гэж тодорхойлсон юм.

ОХУ-аас гарч явах шийдвэрийг шууд гаргаагүй, алгуурхан гаргажээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Сергей Кириенко түүнтэй ярьж, санаа зовохгүй байхыг хүсэж байсан гэнэ. Түүнд итгээд байж байтал хоёр хоногийн дараа Галкинийг гадаадын тагнуул гэж зарлажээ. Хүүхдүүд нь хичээлдээ явна, ангийнхан нь тэднийг “Тагнуулын хүүхдүүд” гэж дооглоно. Яг л Анатолий Рыбаковын “Арбатын хүүхдүүд” романы 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үе шиг.

“Өвдөг муудсан ч гар салганаж, чичирдэггүй” гэж Алла Пугачева өөрийн нас, эрүүл мэндийн талаар талаар ярихдаа хэлсэн.

“Хүн чанар гэдэг ойлголт бий. Энэ бол ямар ч алдар нэр, хөрөнгө мөнгөнөөс илүү үнэтэй зүйл. Эх орондоо алдаад байна, буруу юм хийгээд байна гэж хэлэх нь жинхэнэ эх оронч үзэл юм” гэж Алла нэмж ярьсан.

Мэдээж Алла уран бүтээл, дуу хөгжмийн талаар ч олон зүйл ярилаа.

“Намайг “Примадонна” гэж нэрлэхэд би маш дургүй. “Примадонна” бол дууны нэр. Харин би бол “Дуулж байгаа эмэгтэй”

Энэ ч бас дууны нэр билээ.

Пугачева “Би Владимир Путиныг дэмждэг, бүр фен нь байлаа. Тэр маш зөв юм ярьдаг байсан. Украины талаар ч зөв зүйл хэлдэг байсан. Харин “Курск” шумбагч завины сүйрлийн дараа бүх юм өөрчлөгдсөн” гэж хэллээ.

Ярилцлагын сүүлд Алла шүтэн бишрэгчдэдээ хандахдаа хэд хэдэн удаа нулимс унагаасан. Үргэлж дэмжиж байдагт нь талархсан ч “яаж ингэж амьдраад” байдгийг нь гайхаж байлаа.

“Түүхээ мэдэхгүй, гэхдээ түүхээрээ бахархана. Анагаах ухаан мэдэхгүй ч эрүүл мэндийн системээрээ бахархана. Сайн, сайхан зүйлд тэмүүлж сурах хэрэгтэй. Юмыг сүйтгэж болохгүй, бүтээх хэрэгтэй. Дайн хийх биш энх тайвныг хүсээрэй”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УКРОП\52.221.182.245
Эх болсон Орос орноо хүнд үед орхин явсан урвагч чаавка хүний газар үхнэ биз дэ