Өнөөдөр BTS хамтлагийн Kim Namjoon буюу RM төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрээр Илсанд 1994 оны 9 сарын 12-нд төрсөн юм.
RM төрсөн өдрөө тохиолдуулан, БНСУ-ын хоёр том эмнэлэгт тус бүр 100 сая воны хандив өргөлөө. Сөүлийн “Асан” эмнэлэг, Корё их сургуулийн анагаахын төв энэхүү өгөөмөр хандивыг хүлээн авчээ.
Дуучин залуу “Би төрсөн өдрөөрөө ямар нэг сайн үйлс хийхийг хүссэн. Миний хандив яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай ч санхүүгийн хүндрэлтэй өвчтөнүүдэд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна. Анагаах ухаан, эмнэлгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах нь миний хувьд их чухал” гэж ярьсан байна.
“Асан” эмнэлгээс RM-ийн хандивыг эмзэг бүлгийн өвчтөнүүдийн эмчилгээ, хагалгааны зардалд зориулна гэж мэдэгдлээ.
RM өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө Ахмадуудад туслах санд 100 сая вон өргөж байлаа. Түүний фенүүд ч жишээг нь даган өнөөдөр янз бүрийн сайн үйлсийн ажил өрнүүлж байна.