Хорватын нийслэл Загреб хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлсэн явагдаж байна. Өчигдөр нэгэн барилдаан шуугиан дагуулсан нь эрэгтэй 70 кг жингийн 1/4 финалд таарсан Японы Ёшиносүкэ Аояги, Унгарын Исмаил Мусукаев нарын барилдаан байлаа. Япон бөх 10:0 ялсан. Гэхдээ барилдааны дундуур унгар залуу япон өрсөлдөгчөө цохисон. Учир нь тэрээр ар талд нь гарсан Аоягиг зохисгүй үйлдэл гаргасан гэж уурласан юм.
Ингээд барилдааны дараа Исмаил Мусукаев тайлбар хийжээ. Тэрээр Унгарын шигшээд барилддаг ч уугуул нутаг нь Кавказ гэдгийг дурдах нь зүйтэй.
Исмаил “Өнөөдөр дэвжээн дээр болсон зүйл бол бахархах зүйл биш. Би хэнийг ч ийм зүйл хийгээсэй гэж уриалаагүй. Та бүхэн намайг мэднэ. Ямар нэг шалтгаангүйгээр би хэзээ ч хүнтэй муудалцахгүй. Өөрийн үйлдлээрээ тэр намайг доромжилсон, миний нэр хүндийг гутаасан. Өөрийгөө хүндэлдэг ямар ч эр хүн тийм үйлдэлд уурлана. Японд ийм зүйлд яаж ханддагийг би мэдэхгүй юм. Манай Кавказад бол ийм явдал байж таарахгүй” гэж тайлбарласан байна.
