Өчигдөр Хорватын нийслэлд 2025 оны чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний медальтнууд тодорлоо. Энэ өдөр гялалзсан бөх бол манай Т.Тулга. Эрэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга хагас шигшээд Казахстаны Нуркожа Кайпановыг 5:2 ялсан. Финалд алтан медалийн төлөөх түүний өрсөлдөгч нь Японы бөх, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Ёшиносүкэ Аояги байлаа. Хэдий түүнд ялагдаж, мөнгөн медаль зүүсэн ч Т.Тулга шинэ жиндээ хэдийн тэргүүн бөх болсноо батлан харууллаа. Түүний мөнгөн медаль манай чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх мөнгөн медаль юм. Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Эрэгтэй 79 кг-д хүч сорьж байгаа Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Олонбаярын Сүлдхүү эхний тойрогт гоц мөргөсөн. Дараа нь Туркийн Метехан Япракыг 11:5, шигшээ наймд Францын Зелимхан Хажиевийг 3:1 оноогоор ялж, хагас шигшээд АНУ-ын Леви Хайнест 4:1-ээр ялагдлаа. Манай бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана. ОХУ-ын Завур Угуев (61 кг), Ираны Амир Заре (125 кг) нар гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо.

ДАШТ, Загреб
Эрэгтэй
61 кг
Финал
Завур Угуев (ОХУ) - Ахмад Жаван (Иран) - 11:2
Хүрэл медалийн төлөө
Ассылжан Есенгельди (Казахстан) - Жаксен Форрест (АНУ) - 10:8
Нураддин Новрузов (Азербайжан) - Кум Хёк Ким (БНАСАУ) - 6:0 цэвэр
70 кг
Финал
Ёшиносүке Аояги (Япон) – Т.Тулга (Монгол) - 4:1
Хүрэл медалийн төлөө
Эрназар Акматалиев (Кыргызстан) - Арман Андреасян (Армени) - 8:2
Нуркожа Кайпанов (Казахстан) - Василий Дьякон (Молдав) - 13:2
86 кг
Финал
Захид Валенсия (АНУ) - Хаято Ишигүро (Япон) - 12:0
Хүрэл медалийн төлөө
Камран Гасемпур (Иран) - Мухул Дахия (Энэтхэг) - 10:0
Арсений Жиоев (Азербайжан) - Рахим Магамадов (Франц) - 7:0
125 кг
Финал
Амир Заре (Иран) - Георгий Мешвилдишвили (Азербайжан) - 6:0
Хүрэл медалийн төлөө
Роберт Баран (Польш) - Владислав Байцаев (Унгар) - 3:0
Шамиль Шарипов (Бахрейн) - Жонован Смит (Пуэрто-Рико) - 5:0 цэвэр