UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Бид юунд дурлаж байна вэ? №39

Ub.life
Ub.life
Бид юунд дурлаж байна вэ? №39

Ub.life-ийн редакцын хамт олон юу үзэж, уншиж, сонсож, ямар шинэ кино, уран бүтээлч, “од” мэндэлсэн, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн зэргээ өөр хоорондоо яриад зогсохгүй уншигч Тантай хуваалцдаг билээ.


Б.Цагаандалай, Сурвалжлагч

Урин дулаан Улаанбаатараас аажмаар алсарч, навч шарлаж, модод нүцгэрэхтэй зэрэгцэн хотдоо буцаж ирсэн маань саяхан юм. Ухаан орсон цагаасаа өдийг хүртэл жилийн дөрвөн улирал хотоосоо холдож үзээгүй надад зуны гурван сар харь улсад, өөр хүмүүсийн дунд өнгөрүүлсэн минь цоо шинэхэн, догдлол дүүрэн цаг хугацаа байсан. Гэхдээ тэр догдлолын хажуугаар хотоо бишгүй их санасан байлаа. Буцаж ирсэн өдрөө “Сонслоо” группын эвентэд очиход тэнд цугларсан хүмүүс ил гал тойрч суугаад хамтдаа дуулж, хуурдаж байсан нь сэтгэлд маш дотно санагдсан. Багаасаа “Oasis” хамтлагийг шимтэн сонссон миний хувьд тэнд очоод сонссон эхний дуу ‘’Wonderwall’’ байсан нь тэр оройг мартагдахааргүй болгосон. 

Санасан сэтгэлийнх үү, эсвэл үнэхээр л ер бусын дулаан сайхан мэдрэмж төрснийх үү хэлж мэдэшгүй ч бидний, миний Улаанбаатар хот саарал бараан, санаа зовних зүйлсээр дүүрэн боловч хайрлам, догдлом өнгөөр ч бас баялаг юм шиг. Ундуй сундуй өрсөн шинэ бродюрууд, утаатай, түгжрэлтэй гээд тоочоод байвал дуусашгүй асуудлууд байвч хайртай хүмүүстэй нэг л орон зайд, нэгэн цаг мөчийг хамтдаа туулж буй минь юу юунаас илүү Улаанбаатараа хайрлан санаах шалтгаан мөнөөсөө мөн. Тийм ч болохоор ойрд юунд дурлаж байна вэ гэвэл би Улаанбаатар хотдоо гэж л хэлмээр байна. Бяцхан тэмдэглэлээ “The Lemons” хамтлагийн “1983..86” дуугаар өндөрлөе.

…Сайн байна уу, солонгорон харагдах миний нийслэл 

Улам улам өнгө нэмсээр

Энэ бол миний Улаанбаатар

М.Сугар-Эрдэнэ, Тоймч

Жил бүрийн намрын эхлэл спортын үйл явдлаар арвин байдаг. Гэхдээ энэ жил бүр арай л хэтэрхий арвин байгааг онцлууштай. Спорт сонирхогчид бид хэт их үзэх юмтай байгаа тул телевизийн удирдлагын товчоо байнга дарж, суваг сольсоор ихэд ядарч байна даа. Бодоод үз л дээ. Өчигдөр ням гараг гэхэд 7-р сувгаар Хөнгөн атлетикийн ДАШТ, 8-р сувгаар Волейболын ДАШТ, 10-р сувгаар Чөлөөт бөхийн ДАШТ, 206-р сувгаар сүмо бөх, 602-р сувгаар Английн Премьер лиг, 604 сувгаар холимог тулааны  UFC тэмцээн гээд  зэрэг зэрэг маш олон том тэмцээн болж өнгөрлөө. Чөлөөт бөх дээр монгол тамирчин гарахад гялс үзээд шууд хөнгөн атлетикийн ДАШТ-д шилжиж, 100 метр гүйлт хараад тэр дор нь волейболын ДАШТ-д Японы багаа хальт дэмжчихээд хөл бөмбөг дээр очтол хэдийн хаалганд гоол орчихжээ. Ухрааж гоолоо хараад буйдангаасаа нэг юм өндийж, цай уув. Бүтэн өдөржингөө амрах цаг өгөлгүй спорт үргэлжилсээр. Шөнийн 02:00 цагт тэмцээнүүд дуусахад ямар ч гэсэн Т.Тулга чөлөөтийн ДАШТ-ээс мөнгөн медальтай, Английн Ливерпуль баг эцсийн минутад гоол хийж, ялсан, эрэгтэй 100 метр гүйлтэд ямайк тамирчин түрүүлсэн, сүмод аварга, арслангууд бүгд ялсан гэсэн амжилттай. Тайландад болж байгаа сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ий үеэр их аварга Хакүхо Олон улсын сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, бие төлөөлөгчөөр сонгогдож, сүмо бөхийг дэлхийд түгээх их ажил нь амжилттай эхэллээ. Бас телевизээр гараагүй ч сагсан бөмбөгийн Европын АШТ болж, Германы баг түрүүллээ. Энэ тэмцээний мэдээг бол онлайнаар харж суулаа.  

Сүүлдээ жаргаад байгаа юм уу, зовоод байгаа юм уу гэдгээ ялгахгүй амралтын өдрүүдээ өндөрлүүллээ. Энэ байдал ахиад 7 хоног үргэлжилнэ гээд төсөөл дөө.

Г.Хүсэл-Эрдэнэ, Менежер

Өнгөрсөн амралтын өдрүүдээр санамсаргүй нэгэн боломж гарч Налайх дүүрэгт байрлалтай “Тайж” хайрхны ойролцоо болж өнгөрсөн “Mining Week & Minepro 2025“ арга хэмжээнд очиж үзлээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын зохион байгуулалтад анхаарал хандуулдаг би энэ удаад сэтгүүлчдийнхээ нэгэн адил үйл явдалд оролцож, уул уурхайн салбарын талаар цоо шинээр мэдэж авав. Уул уурхайн тоног төхөөрөмж, үйл ажиллагааны талаар сонирхохоос гадна компаниудын үйл ажиллагаатай танилцаж, холбоо, харилцаагаа ч нэмэгдүүлээд авлаа. Цаг агаар маш хүйтэн байсан ч сонирхолтой байсан тул тоосон ч үгүй. Тэр ч бүү хэл “Quiz“ тааврын тэмцээнд орж түрүүлээд, коктейлээр дайлуулчихсан тул дулаан ч байсан байж мэднэ.

Тайж хайрхнаас буцахынхаа өмнөхөн үндэсний сур харваачаар хэрхэн нум сум харвахыг заалгалаа. Мэдээж хэн ч уул уурхайн арга хэмжээний үеэр сур харваж сурна гэж төсөөлөөгүй байх. Гэхдээ заримдаа мэдээгүй, төлөвлөөгүй зүйлдээ зориг гаргаад туршаад үзвэл үнэхээр сонирхолтой байдаг юм байна шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.