Өдгөө хүмүүсийг хамгийн их талцуулдаг жижиг ч гэлээ өдөр тутмын амьдралд гарч ирдэг нэгэн асуулт бий. Та өглөө сэрээд л шууд шүршүүрт ордог хүмүүсийн нэг үү, эсвэл орой унтахаасаа өмнө биеэ угаахыг илүүд үздэг үү? Эсвэл Америкийн хүн амын 34 хувь шиг өдөр бүр шүршүүрт ордоггүй хүмүүсийн эгнээнд багтах уу?
Ямар ч тохиолдолд, бидний сонголт эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол гэсэн асуулт гарч ирнэ.

Өглөөний шүршүүрийн давуу тал
Өглөө сэрээд халуун усаар 10 минут орчим шүршүүрт зогсох нь бие сэргэж, өдрийн ажилд бэлэн болгодог гэж олон хүн үздэг. Өглөөний шүршүүр нь шөнийн турш ялгарсан хөлс, арьсан дээрх нянгийн хуримтлалыг цэвэрлэж, илүү цэвэрхэн, шинэхэн өдрийг эхлүүлэх боломж олгодог гэж Лестерийн их сургуулийн микробиологич Примроуз Фристоун тайлбарлажээ.

Оройн шүршүүрийн давуу тал
Нөгөө талаас, оройн шүршүүрт ордог хүмүүс өдрийн турш хуримтлагдсан тоос, бохирдол, хөлс, тосыг арилгаж, ор хөнжлөө илүү цэвэрхэн байлгах боломжтой гэж үздэг. Судалгаагаар унтахаасаа нэг цагийн өмнө бүлээн усаар шүршүүрт орох эсвэл ваннд орох нь хурдан нойрсох, унтах чанараа сайжруулахад тусалдаг болохыг тогтоосон байна.

Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй
Фристоун “Орой шүршүүрт орлоо ч хүн шөнө дунджаар 280 мл хөлс ялгаруулж, 50,000 орчим арьсны эсийг ор хөнжлөндөө үлдээдэг. Энэ нь тоосны хачиг болон арьсны нянгийн хувьд баярын оройн ширээ шиг л гэж ойлгож болно” хэмээн анхааруулжээ.
Иймээс оройн шүршүүрийн ашиг зөвхөн ор хөнжлийн цагаан хэрэглэлээ тогтмол угаадаг нөхцөлд л үнэхээр үр дүнтэй. Бактери, мөөгөнцөр, тоосны хачиг нь дэр, хөнжил дээр долоо хоногоос олон сар хүртэл амьдрах боломжтой бөгөөд харшилтай хүмүүс, ялангуяа астма өвчтэй хүмүүсийн хувьд эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Халлын их сургуулийн арьсны микробиом, шархны эдгэрэлтийн судлаач Холли Уилкинсон:
“Хэрэв та оройн шүршүүрт орсон ч цагаан хэрэглэлээ сар бүр л сольдог бол ашиг бараг алга. Харин ор дэрний цагаан хэрэглэлээ тогтмол угаах нь илүү чухал” хэмээн зөвлөжээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар, өдөрт нэг удаа шүршүүрт ордог бол өглөө эсвэл орой гэдэг нь эрүүл мэндэд төдийлөн ялгаагүй. Илүү гол нь өөрийн амьдралын хэв маягт тохирсон цагийг сонгох юм. Жишээлбэл, биеийн хүчний ажил хийдэг хүмүүс өдөржин бохирдсон биеэ орой угаах нь илүү оновчтой байхад, бусад нь өглөө сэргээх зорилгоор шүршүүрт орохыг илүүд үзэж болно.
Эцсийн дүндээ, цэвэрхэн ор дэрний хэрэглэл, тогтмол арчилгаа нь шүршүүрт ордог цагаас ч илүү ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: BBC