Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хүн болж, түүхэнд тэмдэглэгдлээ. 2025 оны эхээр Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанд ажиллаж байхад нь түүний хөрөнгө цаг, минут тутам нимгэрч байсан. Харин Цагаан ордноос явснаар хөрөнгө нь дахин арвижиж эхэлсэн байна.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр өчигдөр биржийн худалдааны үеэр Маскийн активын нийт үнэ 500 тэрбум ам.долларыг давжээ. Дараа нь 499 тэрбум болж, бага зэрэг буусан байна.
Илон дэлхийн хамгийн баян хүний жагсаалтыг тасархай тэргүүлж байгаа. Түүний ард бичигдэж байгаа “Oracle”-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон 350 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
Илон Маск өөрийн цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компанийн хувьцааны 12 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн 1-3 сард Трампыг эсэргүүцэгчид Tesla машиныг шатаахыг дэлхий даяар уриалж байхад хувьцааны үнэ их унасан. Гэхдээ Илон, Трамп хоёр муудалцсаны дараа эргээд өссөн юм.
Илоны мөн хиймэл оюун ухааны xAI, сансрын SpaceX компаниудын хувьцааны үнэ ч өссөөр байна.