UBLife Logo
Дэлхий

Киргиз бага насны хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноох болно

Киргиз бага насны хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноох болно

Саяхан гарсан нэгэн хэрэг Киргизийн нийгмийг цочирдуулж, шуугиан тариад байна. 17 настай сурагч охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэргийн дараа Ерөнхийлөгч Садыр Жапаров насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгтнүүдэд цаазын ял оноох хуулийн төсөл боловсруулах үүрэг өглөө.

Ерөнхийлөгч Садыр Жапаров

Энэ улс 2007 оноос цаазын ялаас татгалзаад байсан юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “Ерөнхийлөгч Садыр Жапаров эмэгтэйчүүд, хүүдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт хөнгөн шийтгэл оноож болохгүй гэж үзэж байгаа. Айсулуу охины амийг хөнөөсөн хэргийг тэр анхааралдаа авсан” гэж мэдээлжээ.

Айсулуу

Хэргийг товч дурдахад: есдүгээр сарын 27-нд Барскоон тосгоны 17 настай сурагч охин Айсулуу ойролцоох Каракол хот орж, найзтайгаа уулзахаар замын машинд суужээ. Тосгоны шатахуун түгээх станцын камерын бичлэгт охин 12:45 цагт Honda Stream маркийн машинд сууж байгаа нь үлджээ.

Мөрдөгчдийн мэдээлснээр охиныг машины жолооч, 41 настай эрэгтэй хөрш тосгонд аваачиж, хүчирхийлсэн байна. Дараа нь 60 км газар явж, цөөрөм дээр боож алжээ. Цогцсыг Бишкек явах замын дэргэд хаяад машинаа угааж, орхиод, гар утас, сим картаа устгаж, ул мөрөө арилгах гэж оролдсон байна. Цагдаа нар түүнийг Бишкек хотод баривчилсан бөгөөд хэрэгтэн өмнө нь шийтгэгдэж байсан гэнэ.  

Өчигдөр Барскоон тосгонд Айсулуу охиныг оршууллаа. Хэдэн зуун хүн цугларч, Засгийн газарт хандан, хүүхэд хүчирхийлэгчдийг хатуу, чанга шийтгэхийг шаардсан байна. Охины ээж “Энэ хэрэгтнийг шоронд хорих биш, шууд устгах ёстой. Түүнийг чулуугаар шидэж алсан ч яадаг юм. Тэр миний Айсулууг яасан билээ? Адилхан түүнтэй харгис хандъя л даа” гэж нулимс унагаан өгүүлсэн байна.

Энэ мэдээг сонссон киргизчүүд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг гэмт хэрэгт хатуу чанга ял оноох, бага насны хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноодог болохыг шаардаж эхэллээ. Цаазын ялаа сэргээе гэсэн хөдөлгөөн хүчээ авчээ. Киргизийн Ерөнхий сайд асан Феликс Кулов “Өнөөгийн нөхцөл байдалд бага насны хүүхэд хүчирхийлэгчдэд цаазын ял оноодог болох нь зөв. Шийтгэл гэхээсээ илүү Улс сул дорой иргэдээ хамгаалдаг, ийм хэрэг үйлдээд хөнгөн ял горьдож болохгүй гэдгийг харуулсан зүйл болох юм” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.226.147
Манайд бол ийм алуурчдыг их хайрладаг хуульчидтай, хууль нь өршөөлтэй