UBLife Logo
Спорт

Physical Asia: Өрсөлдөгчдөө басаад буланд шахагдсан Австралийн багийн хэн нь хэн бэ?

Physical Asia: Өрсөлдөгчдөө басаад буланд шахагдсан Австралийн багийн хэн нь хэн бэ?

Netflix-ийн “Physical: Asia” реалити шоуны шигшээ 4 баг тодорлоо. Тэдний дунд хамгийн түрүүлэх найдвар өндөр гэгдэж байгаа нь Австралийн шигшээ баг. Эхний өдрөөс эхлээд л бусад багийг дээрээс харж, хэнийг нь ч ялна гэсэн омогтой. Шигшээ дөрөвт шалгарсан байгаа ч дараагийн даалгаварт оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. Буухиа олсны тэмцээнд угаасаа ялах юм чинь “Хамгийн хүчтэй гурваа гаргая” гээд үлдсэн даалгаврыг үл тоосон. Гэвч хамгийн хүчтэй гурав нь гараад ч Японы багт ялагдсан билээ. Одоо тэд “Бул эргүүлэх үхлийн тулаан”-д Монгол, Солонгостой өрсөлдөнө. Солонгосын гурван тамирчин бүгд эрэгтэй гэсэн маш давуу талтай байгаа бол Монголын багт Улсын арслан Б.Орхонбаяр хоёр эмэгтэйтэй бий. Харин Австралийн баг паркурын тамирчин Томато, хоёр эмэгтэйтэй оролцох тул хасагдах магадлал өндөр болоод байна.

Багийн ахлагч

Холимог тулааны UFC холбооны дунд жингийн аварга асан Роберт Уиттакер.

Эдди Уильямс

Хүчний спортын тамирчин. 35 настай, 191 см өндөр, 190 кг жинтэй. “Австралийн хамгийн хүчтэй хүн” тэмцээний хошой аварга, “Дэлхийн хүчтэй хүн” тэмцээний шагналт байрны эзэн. Дуучин, модель, жүжигчин төдийгүй аутизмтай хүүхдүүдийн багшаар ажилладаг. “America’s Got Talent” тэмцээнд дуу дуулж, оролцсон. 176 мянган дагагчтай инфлюенсер. Хүчний дасгалууд дээр үнэхээр багаа авч гарсан.

Элони Вунакече

Фижи улсын рагбийн шигшээ багийн гишүүн асан. Аав нь фижи, ээж нь австрали хүн. 2018 онд зодог тайлаад реалити шоунд оролцдог болсон. "The Celebrity Apprentice”, “Australian Ninja Warrior” шоуны оролцогч. 38 настай, 187 см өндөр, 102 кг жинтэй. Маш овсгоо самбаатай, шоунд гараад сурчихсан. Буухиа олсны тэмцээнд тун тааруухан оролцож, багаа хөөдсөн.

Александра Милне

Фитнессийн дасгалжуулагч. Тик ток од. Филиппин, австрали гаралтай. Хөнгөн атлетик, бүжгийн спортоор хичээллэж байсан.

Дон Томато

Жинхэнэ нэр нь Доминик Ди Томмазо. Паркур, Free running-ийн мэргэжлийн тамирчин. 33 настай. Instagram, TikTok, YouTube гэсэн олон нийтийн сүлжээнд идэвхтэй, инфлюенсер. Red Bull компанийн тамирчин. Team Farang багийн гишүүн. Уран гулгалт, балетаар хичээллэж байсан.

Кателин ван Зил

Кроссфитийн тамирчин. 33 настай. 171 см өндөр. 68 кг жинтэй. Тэсвэр хатуужлаар эмэгтэй өрсөлдөгч нарынхаа дунд дээгүүрт тооцогдоно.

UFC холбооны аварга, каратэ залуу Роберт Уиттакер

Reaper хочтой Роберт 35 настай. 183 см өндөр, 85 кг жинтэй. Түүний аав европ гаралтай австрали хүн бол ээж нь уугуул иргэн буюу маори үндэстэн. Роберт багаасаа рагби тоглох дуртай байв. 18 нас хүртлээ өсвөрийн багт тоглож, мэргэжлийн тамирчин болох санаатай байв. Гэхдээ тэр каратэ гэсэн бас нэг хоббитой. Аав нь сахилгагүй хүүгээ томоотой болгох гээд каратэ сэкцэнд оруулсан нь амьдралын замыг нь зааж өгчээ. Роберт удалгүй каратэ хар бүс аваад хапкидод шилжив. Харин багш нь танхимаа холимог тулааных болгон өөрчилснөөр Робертод холимог тулаанч болохоос өөр сонголт үлдсэнгүй.

2008 онд тэрээр мэргэжлийн тулаанч болж, Xtreme Fighting Championship холбоотой гэрээ байгууллаа. Австралид өрсөлдөгч болгоноо нам цохиж байсан залуу “Legend Fighting Championship 6” тэмцээнд Өмнөд Солонгосын Хун Кимд эхний үед боолгож ялагдлаа. Ингээд тэр дэлхийн дэвжээнд гарахаар хатуу шийдсэн байна.

2012 онд Роберт холимог тулааны хамгийн том холбоо UFC-д элсэж, The Ultimate Fighter тэмцээний аварга боллоо. 2014 оноос эхлэн тасралтгүй ялсаар 2017 онд дэлхийн аваргын бүсийн төлөө үзэлцэх эрх олж авлаа. Кубын домог Йоэль Ромерог ялсан Роберт Австралийн анхны UFC холбооны аварга болсон юм. 2019 онд Австралид “UFC 243” тэмцээн болж, Уиттакер авара цолоо хамгааалан, Шинэ Зеландын Исраэль Адесаньятай тулалдах болоод байлаа. Гэвч Роберт гэнэт мухар олгойн хагалгаанд орохоос өөр аргагүй болсон юм. Гэрийнхэн, багш нар бүгд түүнийг тулаанаас татгалз гэсэн ч Роберт нутагтаа болж байгаа том тэмцээнд гарахыг хүссэн. Ингээд тэр хүнд цохилтоор ялагдаж, аваргын бүсээ алдсан.

2020 онд тулалдах ёстой байсан боловч Роберт гарсангүй. Хэт шатсанаас болж, сэтгэл зүйгээ бэлтгэж чадсангүй.

“Тэр үед би бүх хувийн амьдралаа золиосолсон. Баг, дасгалжуулагчийн хэлсэн болгоныг гүйцэтгэж байлаа. Гэвч байнга тэгж ажиллаж болохгүй. Сэтгэл зүйн дарамт маш их. Би найзуудынхаа төрсөн өдөр, хурим, бүр оршуулган дээр ч очиж чаддаггүй байсан” Роберт

Тэр эхнэр хүүхэд, гэр бүлтэйгээ хамт байхыг хүсэж байв. 2022 онд гурав дараалан ялсан түүнд аваргын бүсийн тулааны боломж олдлоо. Гэвч дахиад л Адесаньяд ялагдлаа. Роберт холимог тулаанд нийт 36 тулалдаж, 27 ялсан. Таван удаа шилдэг тулааны шагнал авсан. 2018 оны Австралийн шилдэг тамирчин.

Роберт хайрт бүсгүй Софиятайгаа 2014 онд гэрлэсэн. Тэд одоо 5 хүүхэдтэй.

“Таван сайхан хүүхэд бэлэгдэсэн эхнэрээрээ би бахархдаг. Би холимог тулаанаар гэр бүлээ авч явж чадаж байгаадаа баярладаг. Энэ бол миний хувь заяа” гэж тэр ярьж байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.