Өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөж, Украины бөх Аонишики түрүүлэн, 3 дахь удаагаа Эзэн хааны цом хүртлээ. Тэрээр Зуны тэмцээнд гэмтлийн улмаас барилдалгүй бүтэн өнжиж, озэки цолоо алдаад байсан ч озэки цолоо эргүүлэн аваад зогсохгүй түрүүлж чадлаа. Энэ тэмцээн дээр ч Аонишики зүүн хөлөө шинээр гэмтээсэн. Тийм болохоор энэ удаагийн түрүү нь түүнд хамгийн үнэтэй нь байсан биз ээ.
Украины тусгай ажиллагааны хүчин телеграм хуудсаараа дамжуулан, Аонишикид баяр хүргэсэн байна. Мэндчилгээнд “Украин залуу Японы дохён дээр зогсож байна. Гарт нь Эзэн хааны цом харагдана. Данила Явгусишин Аонишики түүх бүтээлээ. Энэ нь түүний гурав дахь цом. Анхны түрүү нь Украины залуу бөх гарч ирж байгааг харуулсан тунхаглал байсан бол хоёр дахь нь үнэхээр хүч чадалтай гэдгээ баталгаажуулсан зүйл байлаа. Харин гурав дахь нь гэмтэл бэрлтийг даван туулсан, өөрийгөө ч элдэв бэрхшээлийг ч ялсан ялалт байв. Анх харахад сүмо бөх Тусгай хүчин хоёр огт өөр мэт харагдана. Гэхдээ энэ хоёрт ижил төстэй гүн ухаан, нийтлэг мөн чанар байдаг. Энэ бол ямар ч таагүй нөхцөл байдалд орсон эцсээ хүртэл үзэлцэх эр зориг, сахилга бат, үхлээс үл эмээх шийдмэг зан. Дайчин цэрэг хүний эр зориг дохён дээр, рингэн дээр, дайны талбар дээр ч, хаана ч байсан өөрчлөгдөхгүй. Сүмо бөхөд ялагч гэдэг нь нэг алхам ч дохёноос гаралгүй өрсөлдөгчөө гадагш нь түлхэн гаргасан бөх. Дэвжээний захад шахагдсан ч бууж өгөлгүй тэмцсээр өрсөлдөгчөө ялдаг бөх. “Үргэлж нэг алхам урагш” гэдэг нь манай тусгай хүчнийхний уриа. Сүмод ч адилхан. Өнөөдөр гэрээсээ хэдэн мянган км хол газарт нэгэн украин залуу үүнийг өөрийн биеэр баталж харууллаа” гэжээ.
