Их Британийн жүжигчин, кино найруулагч, хөгжимчин Гэри Олдман хүлэг баатрын хэргэм хүртлээ. Энэ өдрөөс эхлэн түүнийг сэр Гэри гэж дуудах юм.
Эзэн хаан Чарльз III өнгөрсөн зургаадугаар сард түүнд энэхүү хүндэт хэргэм олгосноо зарласан. Өнөөдөр түүнд хэргэмийг ханхүү Уильям олголоо.

Гэри Олдман 67 настай. Эерэг, сөрөг ямар ч дүрийг амархан бүтээж чаддагаараа алдартай. Гурван удаа Оскар шагналд нэр дэвшиж, 2017 онд Ерөнхий сайд Уинстон Черчиллийн дүрээр Оскар хүртэж байлаа. Түүний найруулсан “Nil by Mouth” кино хоёр BAFTA шагнал авсан билээ.

Брэд Питт түүнийг “Бурхан” гэж нэрлэсэн бол Дэниел Рэдклифф “Олдмен бол миний шүтдэг жүжигчин”, Райан Гослинг “Хамгийн хайртай жүжигчин”, Энтони Хопкинс “Хэт авьяаслаг жүжигчин”, Том Харди “Дэлхийд амьдарч байсан, байгаа бүх жүжигчдээс хамгийн агуу нь” гэж тодорхойлж байлаа.