Израил, ХАМАС бүлэглэлийн Газын зурвас дахь дайныг зогсоох хэлэлцээр өнөөдөр Египет улсад эхэллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талуудыг хурдан шуурхай ажиллахыг уриалжээ. Хэлэлцээрт АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар мөн оролцох юм.
Трамп “Яриа, хэлэлцээр амжилттай явагдаж байгаа. Даваа гаригт Кайрт техникийн хэсэг хуралдаж, сүүлийн деталиудыг шийдэх болно. Энэ долоо хоногтоо эхний хэсэг дуусна гэж надад мэдэгдсэн. Би оролцож байгаа бүх талуудыг маш хурдан ажиллахыг хүсэж байна” гэж Truth Social сүлжээндээ бичсэн байна.
Израилын арми Газа хотыг бүсэлсэн ч дайралт хийхгүй хүлээлтийн байдалд орсон гэж мэдэгдсэн. Харин ХАМАС барьцааны бүх хүнийг суллахаа амлаад байгаа. Сүүлийн мэдээллээр барьцааны 48 хүн байгаагаас зөвхөн 20 нь амьд байгаа гэнэ.

ХАМАС барьцааны хүмүүсийг суллахад Арабын орнууд хүчтэй шахалт үзүүлсэн. Барьцааны хүмүүсийг сулласны дараа Израил улс палестин хоригдлуудыг суллахаар жагсаалт гаргаж байна. Гэхдээ энэ солилцоо магадгүй энхийн хэлэлцээрийн хамгийн хялбар хэсэг болно. Цаашдаа Газын зурвасын сэргээн босголт, хэн удирдах гээд олон хүнд асуудал шилээ даран хүлээж байна. ХАМАС зэвсгээ хураалгах, Газын зурвасаас гарч явах Трампын шаардлагыг хүлээн авах уу, хэлэлцэж цаг хожих уу гэдэг бас л асуудал. Тус хөдөлгөөний удирдагчдын нэг Муса Абу Марзук Al Jazeera-д ярилцлага өгөхдөө “Палестины тусгаар тогтносон улс байгуулагдсаны дараа бид зэвсэгт хөдөлгөөн байхаа больж, зэвсгээ Палестин улсад хураалгана” гэж мэдэгдээд байгаа.

Нөгөө талаас Израилын Ерөнхий сайд Нетаньяху дайнаас залхсан ард түмэн, барьцааны хүмүүсийн гэр бүл болон Газын зурвасыг бүрэн эзлэх гэсэн дотоодын баруунтнуудын хоёр шахалт дор байгаа.
Трампын төлөвлөгөө
Ерөнхийлөгч Трампын боловсруулсан төлөвлөгөөний зарим хэсэг хэвлэлд гарсан. Хэлэлцээр дууссаны дараа 48 цагийн дотор ХАМАС барьцааны хүмүүсийг суллаж, харин Израил насаараа хорих ял сонсоод Израилын шоронд байгаа хэдэн зуун палестин хоригдлыг чөлөөлнө.
Энхийн гэрээг хүлээн зөвшөөрсөн ХАМАС-ын гишүүдэд өршөөл үзүүлж, Газын зурвасаас гарч явах зөвшөөрөл олгоно. ХАМАс цаашдаа Палестины хувь заяанд оролцохгүй. Тус бүлэглэлийн бүх үйл ажиллагааг зогсооно.
Израилын тал цэргээ Газын зурвасаас гаргана. Тус бүс нутгийг Шилжилтийн засгийн газар удирдана.