Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш хийж байгаа гол ажлын нэг нь хууль бус цагаач, дүрвэгчдийг улс орноосоо үлдэн гаргах. Тэрээр хяналтгүй цагаачид агуу америк үндэстний цусыг бохирдуулж, америкчуудаас ажлын байрыг нь булаан авч, төрийн албанд ачаалал үүсгэж байна гэж мэдэгдэж ирсэн.

АНУ-ын холбогдох албанаас мэдээлснээр Трамп Ерөнхийлөгч болсноос хойш нийт 400 мянган гадаадын дүрвэгчийг эх оронд нь буцаасан байна. Трампын албан тушаалдаа орж байхад дүрвэгчдийг түр саатуулах байранд 39 мянган хүн байсан бол одоо 60 мянган хүн хоригдож байна. Цагаачлалын албанаас баривчилгааныхаа тоог өдөрт 3000 болгож нэмэгдүүлнэ гэж Цагаан Ордон найдаж байна.
Энэ бүх арга хэмжээний эсрэг бразил цагаачид хамтран тэмцэж байна. Тэд групп чат нээж, нэг нэгэндээ зөвлөгөө өгнө, сэрэмжлүүлэг тараадаг. Зөвлөгөөний ихэнх нь Цагаачлалын албанд баригдахгүйн тулд “америк” хүн шиг байх хэрэгтэй. Үүнд: юуны өмнө олон хүний өмнө чанга ярихгүй байх. Португалаар ярьдаг хүүхдүүдээ гудамжинд бүү гарга, нарны хар шил байнга зүү, машин дээрээ Трампыг дэмжсэн хуудас наах гэх зэргээр үргэлжилжээ. Мөн зарим дүүрэгт дрон нисгэж, цагдаа нараас сэргийлж байна.

Дараа нь чатад Цагаачлалын албаны шалгалтын байр, байршил, машиных нь дугаар, дүрс, баригдсан хүмүүсийн гэрэл зураг, машиныг гэр бүлд нь таниулах зорилгоор нийтэлж байна. Хууль ёсоор Цагаачлалын албаныхан зөвшөөрөлгүй гэрт нэвтрэх эрхгүй. Харин олон нийтийн газар баривчилгаа явуулах зөвшөөрөлтэй. Сүүлийн үед ажилдаа явсан, эсвэл дэлгүүр орсон гадаад иргэд сураггүй алга болсон мэдээлэл их ирж байгаа гэнэ.