Амьтны үсэн хувцас эдлэлээс татгалзах хандлага сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж байгаа. ‘’Conde Nast’’ группын шинэ бодлогын дагуу цаашид “Vogue” сэтгүүлийн редакцын агуулгад амьтны үсэн хувцас эдлэл огт дурдагдахгүй, сурталчлагдахгүй болжээ. Энэ бодлого нь зөвхөн “Vogue” сэтгүүлд бус, тус группын эзэмшлийн “The New Yorker”, “Vanity Fair”, “GQ” зэрэг томоохон сэтгүүлүүдэд ч мөн хамаарна.
Загварын томоохон брэндүүд 2010-аад оны эхэн үеэс эхлэн амьтны үсийг хувцас эдлэл үйлдвэрлэлээсээ хасч эхэлсэн. Тодруулбал, Гүччи, Прада, Майкл Корс, Канада Гүүс зэрэг брэндүүд амьтны үсний оронд хиймэл үс ашигладаг болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. ‘’Vogue’’ сэтгүүлээс өмнө 2021 онд “Elle” сэтгүүл олон улс дахь бүх салбар редакцийнхаа бодлогод амьтны үсэн хувцас эдлэлийг сурталчилсан мэдээ нийтлэхгүй гэж тусгаж байв. Үүнтэй зэрэгцэн Их Британи, Итали, Австри, Норвеги зэрэг орнууд амьтны үсэн хувцас эдлэл үйлдвэрлэлийг хориглож, Израиль улс зөвхөн үйлдвэрлэл бус худалдаалахыг хориглосон анхны улс болсон юм.

Гэсэн хэдий ч 2024 онд ТикТок платформ дээр “mob wife” гэх чиг хандлага дэлгэрч, амьтны үсэн эдлэл тухайн жилийн томоохон трэнд болсон билээ. Том үслэг шуба, хүрэм, барын эрээн хээ, алтлаг гоёл, гялалзсан савхин өмд зэрэг нь уг чиг хандлагын гол элементүүд байв. Тухайн үед ‘’Vogue’’ сэтгүүл “Үслэг хүрэмнүүд эргэн ирлээ. Энэ бол том асуудал”, “Винтеж үслэг хүрэм өмсөх хэвийн үзэгдэл үү?” гэх мэт нийтлэлүүдээр уг трэндийн ёс зүйн талаар хөндөж байв.

Олон жилийн турш тус сэтгүүлийн ерөнхий редактороор ажилласан Анна Винтур үслэг эдлэлд маш дуртай нэгэн бөгөөд амьтны эрхийн төлөөх идэвхтнүүд, жагсагчдын шүүмжлэлийн гол бай болсоор ирсэн. 2005 онд амьтны үсэн эдлэлийн эсрэг жагсаалын үеэр жагсагчид түүн рүү өндөг шидэж байсан удаа ч бий.

Тус шийдвэр нь ‘’Coalition to Abolish the Fur Trade’’ (CAFT) гэх байгууллагын есөн сарын турш үргэлжилсэн кампанит ажлын үр дүн юм. Энэ хугацаанд амьтны эрхийн төлөөх идэвхтнүүд ‘’Vogue’’ сэтгүүлийн барилгын гадна жагсаж, Лондон, Нью-Йоркт болсон арга хэмжээнүүдийн үеэр болон брэнд дэлгүүрүүд дотор эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулжээ. ‘’Conde Nast’’ группын шийдвэр зөвхөн нэг редакцын бодлогыг өөрчлөх бус, загварын салбарын үнэт зүйл, чиг хандлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж буйг харуулж байна.