Удай, Хамзу хоёр бол ихэр хүүхдүүд. Тэд Газын зурваст 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагаас хэдэн долоо хоногийн дараа төрсөн юм. Тэдний амьдрал эхний өдрөөсөө бөмбөг, суман доор эхэлсэн, одоо ч мөн адил.

Ээж нь хүүхдүүдээ дайны аюул, гамшгаас хамгаалах гэж оролдов ч байнгын бөмбөгдөлт, өлсгөлөн, зовлон дунд амьдрал маш хэцүү.
Фото: REUTERS/Ramadan Abed

Дайнаар гэрээ орхисон тул Удай, Хамза хоёр дүрвэгчдийн асар, майханд бага насаа өнгөрүүлж байна.

Тэд төрснөөсөө хойш үүнээс өөр газар үзээгүй.

Тэдний майхантай лагерьд хүмүүс хашгарч, онгоц нисээд, бууны дуу сонсогдож, байнгын дуу чимээтэй.

Ихрүүдийн ээж Иман хүүхдүүдээ амгалан тайван тоглож, ирээдүйд сайхан боловсрол эзэмшихийг хүсэн мөрөөддөг. Гэвч бодит байдал өөр. Тэд үеийнхнээсээ хөгжлөөр илт хоцорч байна.

Хоёр нас хүрсэн ч алхахдаа муу, ээж гэсэн хэдхэн үг л хэлж чаддаг.

Дайн эхлэхэд тэд гэрээсээ зугтаж, дүүрэн хүнтэй сургуульд нуугдсан. Түлш шатахуун огт байгаагүй тул Иман төрөхөөр эмнэлэг рүү өөрөө алхаж очжээ. Төрөх тасаг шархадсан хүмүүсээр дүүрэн байсан гэдэг.

Ихрүүдийн аав тэднийг төрснийх нь дараахан анд найзаа аврах гэж байгаад алагджээ.

Израилын цэргүүд Газын зурвасыг бүслэн хаасан учир хүүхдийн хоол, живх зэрэг хэрэгцээтэй зүйл хомс байлаа.

Хэдэн долоо хоногийн дараа хүмүүнлэгийн тусламж ирсэн ч хүүхдийн хэрэгцээтэй зүйл бараг байхгүй.

Иман ихэр хүүхдүүдээ төрүүлчхээд ор олдоогүйн улмаас тэр өдрөө эмнэлгээс гарч, гэр бүл дээрээ очжээ. Түүний мөрөөдөл хүүхдүүд нь сайхан амьдрах явдал. Дайн зогсвол амьдрал сайжирна гэж тэр найдаж байгаа.

Ихрүүд хааяа ээж, ах, эгч нартайгаа далайн усанд орох дуртай. Энэ үе л тэдний хүүхэд насны ганц гэрэлтэй дурсамж болон үлдэх буй заа.