АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын чуулганы индэр дээрээс “Би долоон дайн зогсоогоод байна” гэж мэдэгдсэн. Түүний засгийн газраас мөн Ерөнхийлөгч Трампад Нобелийн Энх тайвны шагнал олгох ёстой гэж мэдэгдээд Ерөнхийлөгчийн зогсоосон 7 дайныг нэрлэжээ. Зарим дайн хэдхэн хоног үргэлжилсэн, дахин сэргэх магадлалтай мөргөлдөөн ч байгаа. Ингээд энэ дайн дажин зогсоход Трамп ямар үүрэг гүйцэтгэснийг эргэн нэг санацгаая.
Израиль vs Иран
12 хоног үргэлжилсэн энэ дайн зургаадугаар сарын 13-нд Израилын тал Иранд пуужингийн цохилт өгснөөр эхэлсэн. Довтлох гэж байгаагаа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху урьдчилан мэдэгдсэн гэж Трамп ярьж байв. Мэдэгдээд зогсоогүй Трампын тушаалаар АНУ-ын арми Ираны цөмийн объектод бас цохилт өгч, хохирол учруулсан билээ. Америкийн пуужин дайныг төгсгөхөд тус болсон гэж олон хүн үздэг. Трамп зургаадугаар сарын 23-нд Truth Social сүлжээнд “Иран гал зогсоосныг албан ёсоор мэдэгдэж байна. Израил 12 цагийн дараа мөн гал зогсооно. Харин 24 цагийн дараа дэлхий ертөнц 12 хоногийн дайн дууссаныг тэмдэглэж болно” гэж бичсэн юм. Дайн дууссаны дараа Ираны дээд удирдагч, аятолла Али Хаменеи ялалт байгуулснаа зарласан бол Израил дахин хэзээ ч довтолж чадна гэдгээ анхааруулсан.

Пакистан vs Энэтхэг
Цөмийн зэвсэгтэй энэ хоёр гүрний сөргөлдөөн олон арван жилийн түүхтэй. Энэ удаагийн дайн тавдугаар сард Энэтхэгийн эзэмшилд байдаг Кашмирийн хэсэгт болсон халдлагын дараа эхэлсэн билээ. Дөрвөн өдөр харилцан буудалцсаны дараа Ерөнхийлөгч Трамп “Хоёр тал бүрэн гал зогсоохоор тохиролцлоо” гэж бичиж байлаа. Тэрээр АНУ-ын зуучлалаар шөнө дөл олон удаа хэлэлцэж ярилцсаны дүнд байлдаан өндөрлөсөн гэж хэлсэн бол Пакистан улс түүнд талархал илэрхийлээд Трампыг энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн юм. Харин Энэтхэг улс Трампыг нэр заалгүй, хоёр талын зэвсэгт хүчний сувгаар хэлэлцээ хийсэн гэж зарласан байна.
Руанда vs Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Эртний өс хонзонт хоёр улс энэ оны эхээр M23 бүлэглэлийн босогчид Конго улсын ашигт малтмалаар баялаг бүс нутгийг эзэлсний дараа байлдсан. Зургаадугаар сард хоёр тал Вашингтонд энхийн хэлэлцээр байгуулсан. Ерөнхийлөгч Трамп үүний хариуд тэдэнтэй хийдэг худалдааны хэмжээг нэмэгдүүлнэ гэж амалсан.

Тайланд vs Камбож
Хоёр улсын хил дээр гарсан мөргөлдөөн 4 хоногийн байлдаан болж хувирсан. Зургаадугаар сарын 26-нд Трамп Truth Social сүлжээндээ “Би Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэй одоо утсаар ярьж, гал зогсоон, дайнаа дуусгахыг хүснэ” гэж бичиж байлаа. Хоёр улс ямар ч нөхцөлгүй гал зогсоохыг зөвшөөрсөн. Малайзад болсон энхийн хэлэлцээрийн үеэр Трамп байлдаанаа зогсоохгүй бол хоёр улстай хийж байгаа худалдааны татварын хэлэлцээрээ цуцална гэж сүрдүүлсэн юм. Тайланд, Камбож улсуудын эдийн засаг АНУ-ын экспортоос ихээхэн хамаардаг билээ.
Армени vs Азербайжан
Наймдугаар сарын 8-нд Цагаан Ордонд Дональд Трампын дэргэд энхийн хэлэлцээр байгуулсны дараа хоёр улсын тэргүүн Ильхам Алиев, Никол Пашинян нар Трампыг энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн.

Египет vs Этиоп
Нил мөрний далангаас болж, хоёр улс 12 жил дайсагналцаж байгаа. Яг байлдаад эхлээгүй ч тун хүнд нөхцөл үүссэн нь үнэн. Энэ зун Этиоп улс “Этиопийн сэргэн мандалтын агуу далан” хэмээх бүтээн байгуулалт ашиглалтад орсныг зарласан. Хариуд нь Египет энэ далан бидний Нил мөрнөөс авдаг усны хэмжээнд нөлөөлнө гэж мэдэгдсэн. Сөргөлдөж эхэлсэн ч Ерөнхийлөгч Трамп байдлыг намжаажээ.
Серби vs Косово
1990 оны үеийн Балканы дайны дараа хоёр улсын харилцаа хурцадсан хэвээр үлдсэн. Зургаадугаар сарын 27-нд Ерөнхийлөгч Дональд Трамп “Серби, Косово хоёр яг дайтах гэж байхад нь би зогсоолоо. Хэрэв байлдаж эхэлсэн бол бүс нутгийн том дайн болон хувирах байсан. Би хоёуланд нь “Дайтах юм бол АНУ-тай ямар ч худалдаа хийх аргагүй болно шүү” гэж хэлсэн. Тэд тэгвэл байлдахгүй гэж хариулсан” гэж зарласан юм. Трампын зуучлалаар хоёр улс хамтын ажиллагааны талаар хэлэлцэж эхэлсэн юм.