Энэ сарын 15-19-нд Английн Лондон хотод мэргэжлийн сүмо бөхийн аялан тоглолт болно. Энэ жил Японы сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоороо ийнхүү англи бөхийн хорхойтнуудтайгаа уулзахаар болжээ. Лондонд өмнө нь 1991 онд аялан тоглолт болж байсан билээ. Лондон хотын “Royal Albert Hall”-д явагдах тус аялан тоглолтод дээд зиндааны бөхчүүд өрсөлдөнө.


Лондон хотын гудамжаар асар том биетэй, кимонотой, магэ үстэй бөхчүүд зугаалж явах нь харагдах болж, англичууд гайхан, хамт зураг авхуулдаг болоод байна.

“Royal Albert Hall” нь 5400 хүн орох багтаамжтай бөгөөд хэд хоногийн барилдааны тасалбар бүгд зарагдаж дуусчээ.


Бөхчүүдээс мэдээж хоёр ёкозүна олны анхаарлын төвд байгаа.

Тэднийг хаа явсан газар нь дотоод, гадаадын сэтгүүлчид шавж байна.


Маргаашнаас барилдаан эхлэх юм. Нийт таван өдрийн барилдааны нийлбэр дүнгээр аваргаа шалгаруулна.




