UBLife Logo
Спорт

Израилын тамирчдад Индонез виз өгсөнгүй

Израилын тамирчдад Индонез виз өгсөнгүй

Дэлхий дээрх улс төрийн халуун цэг спортод нөлөөлөх нь нэмэгдсээр. ОХУ-ын тамирчид тэмцээн уралдааны хоригт ороод 3 жил өнгөрч байгаа бол Израилын тамирчид ч олон улсын тэмцээнд оролцох боломж нь хумигдсаар л.

Энэ жилийн гимнастикийн ДАШТ Индонез улсад болно. Тус улсын Засгийн газар 19-нд эхлэх гэж байгаа ДАШТ-д Израилын тамирчдыг оруулахгүй гэж зарлалаа. Тэмцээнийг зохион байгуулагч орон албан ёсоор хэн нэгнийг тэмцээнд оруулахгүй байх эрхгүй ч тэд өөр арга олсон юм. ДБНХ-ноос Оросын Садулаевт ДАШТ-ий эрх олгосон ч Румын улс зүгээр л виз олгоогүй тул хил дээрээс буцаж байсныг сана. Энэ ёсоор Индонез улс Израилын багт виз өгсөнгүй. Олон улсын гимнастикийн FIG холбоо шаардлага тавиад ч бүтсэнгүй.

Индонезийн Хууль зүйн сайд Юсрил Ихза Махендра “Манай Засгийн газраас спортын гимнастикийн дэлхийн аваргад оролцохоор мэдүүлсэн Израилын багт виз өгөхгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн.

Индонез бол дэлхийд хамгийн их исламын шашинтантай улс бөгөөд Палестиныг идэвхтэй дэмждэг. Тус улс Газын зурвасын мөргөлдөөн дуусаагүй цагт Израилтай харилцаагаа сэргээхгүй гэдгээ эртнээс мэдэгдэж ирсэн. Хоёр улс дипломат харилцаа ч байхгүй.

“Эзлэн түрэмгийлэх бодлогын бүх хэлбэрийг бид эсэргүүцдэг. Учир нь Израилын бодлого хүмүүнлэг ёс, шударга ёсонд харшилж байна” Индонезийн Исламын дээд холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амирсях Тамбунан

“Өнөөгийн байдалд Израилын баг манай улсад ирэх нь нийгмийн дургүйцлийг төрүүлнэ” Газын зурвасын асуудал бол жинхэнэ хүмүүнлэгийн асуудал” Жакартагийн амбан захирагч Прамоно Анунг

2023 оны гуравдугаар сард Индонез улс хөлбөмбөгийн U20 ДАШТ-ийг хүлээн авахдаа мөн Израилын тамирчдыг оруулахгүй гэж мэдэгдсэн. Тэмцээнээс 14 хоногийн өмнө ФИФА тэмцээнийг өөр улсад шилжүүлж байсан билээ. Харин энэ удаад тэмцээн эхлэхэд тун бага өдөр үлдээд байна. Израилын тамирчдад виз өглөө ч аюулгүй байдлын баталгаа хэн ч гаргаж чадахгүй.

Ингээд Израил улс Олон улсын спортын шүүхэд CAS хандсан ч тусыг эс олов. CAS хүлээн авсангүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.