Ирэх 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд болох хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнд анх удаагаа 48 орны шигшээ баг оролцоно гэдгийг бүгд мэдэж буй биз ээ. Тэгвэл өнөөдрийн (2025.10.14) байдлаар эдгээр 48 багаас 28-ынх нь нэр тодорхой болоод байна.
Мэдээж тэмцээнийг зохион байгуулагч гурван орон (мөн л анх удаа) ДАШТ-д оролцох эрхээ шууд авсан нь АНУ, Мексик, Канад.
CONCACAF буюу Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн бүсээс дахин гурван баг ДАШТ-д оролцох эрхээ урьдчилсан шалгаруулалтын тэмцээнээс (гурван хэсэгт 12 баг өрсөлдөж байгаа) авах бөгөөд 11 дүгээр сард энэ гурван багийн нэр тодорхой болно. Мөн хоёрдугаар байрт шалгарсан сайн үзүүлэлттэй хоёр баг нь тив хоорондын плэй-оффт оролцоно.
Товчхондоо энэ бүсээс 6 баг (АНУ, Мексик, Канад ороод) ДАШТ оролцох нь тодорхой, тив хоорондын плэй-оффт оролцох хоёр баг нь эрхээ авбал бүүр найман баг ДАШТ-д оролцох боломж ч бий.
CONMEBOL буюу Өмнөд Америкийн бүсээс Аргентин, Эквадор, Колумби, Уругвай, Бразил, Парагвай гээд зургаан баг эрхээ өвөртөлсөн. Боливи тив хоорондын плэй-оффт оролцоно.
AFC буюу Азийн бүсээс Япон, БНСУ, Иран, Австрали, Узбекистан, Иордан, Катар, Саудын Араб гээд найман орон ДАШТ-д оролцох эрхээ авсан. Одоо Ирак-АНЭУ хоорондоо хоёр тоглоод ялагч нь тив хоорондын плэй-оффт хүч үзнэ.
OFC буюу Далайн орнуудын бүсээс Шинэ Зеланд эрхээ авсан. Шинэ Каледони тив хоорондын плэй-оффт оролцоно.
CAF буюу Африкийн бүсээс Египет, Сенегал, ӨАБНУ, Кабо Верде, Марокко, Кот д Ивуар, Алжир, Тунис, Гана гээд есөн орон ДАШТ-д "Хар тив"-ийг төлөөлнө. Мөн Габон, Ардчилсан Конго, Камерун, Нигери дөрвөөс нэг нь л тив хоорондын плэй-оффт оролцоно.
UEFA буюу Европын бүсмйн урьдчилсан тоглолт 12 хэсэгт болж буй. Хэсэгтээ тэргүүлсэн 12 баг Хойд Америкийг зорих эрхээ шууд авна. Одоогоор "Хуучин тив"-ээс ганцхан Англи эрхээ аваад байна.

12 хэсэгт хоёрдугаар байрт эзэлсэн 12 баг дээр (хэсэгтээ эхний хоёрт ороогүй багуудаас) УЕФА-ийн Үндэстнүүдийн лигийн чансаагаар дөрвөн багийг нэмээд нийт 16 баг Европын плэй-оффт өрсөлдөж, эндээс 4 баг эрхээ авна. Европоос 2026 оны ДАШТ-д 16 баг оролцоно гэсэн үг.
ТИВ ХООРОНДЫН плэй-оффт Европоос бусад таван бүсийн зургаан баг (Хойд Америкаас хоёр, Африк, Ази, Өмнөд Америк, Далайн орнуудын бүсээс нэг нэг) өрсөлдөж, хоёр баг ДАШТ-д оролцох эрхээ авах юм. Тив хоорондын плэй-оффийн тоглолтууд 2026 оны гуравдугаар сард Мексикийн Монтеррей, Гвадалахара хотуудад болно.
Ийнхүү 2026 оны ДАШТ-ий 48 "суудлаас" 28 нь эзэнтэй болсон. Үлдсэн 20 "тасалбар"-ын 15 нь Европын багт, гурав нь Хойд Америкийн багт, хоёр нь тив хоорондын плэй-оффоос шалгарсан багт оногдоно.
Арваннэгдүгээр сард болох урьдчилсан шатны тоглолтын дараа дахин 15 багийн нэр нэмэгдэж, нийт 42 баг тодорхой болох бөгөөд үлдсэн зургаан баг 2026 оны гуравдугаар сард болох Европын болон Тив хоорондын плэй-оффын дараа тодрох юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин