Нас ахих тусам хүний уураг тархи ажиллагаа нь муудаж, мартамхай болдог нь байгалийн жам. Гэвч ухаан санаагаа он удаан жил саруул хэвээр нь хадгалан үлдэх арга бий. Хэдийгээр эрдэмтэд албан ёсоор батлаагүй ч энд гарах 6 эгэл зуршлыг давтан хийхэд ой санамж мууддаггүй гэдгийг шинжлэх ухааны судалгаа харуулж байгаа юм.
1. Хөдөлгөөн бүхний үндэс
Тогтмол биеийн тамирын дасгал хийх нь тархины дасан зохицох чадварыг сайжруулж, оюун ухааны хомсдол үүсэхээс хамгаалдаг гэдгийг судалгаа харуулжээ. Йог, хүчний дасгалууд тархины хөгшрөх үйл явцыг сааруулж, уураг тархины үйл ажиллагааг дэмжинэ. Долоо хоногт доод тал нь 150 минут хөдөлгөөнтэй дасгал хийж байхыг эмч нар зөвлөж байна.
2. Тархиа байнга ажиллуулах
Тоо бодох, үгийн сүлжээ бөглөх, сүдокү тоглох зэргээр тархиа байнга өдөж, ажиллуулж байх хэрэгтэй. Шинэ гадаад хэл сурах, шинэ хоолны жор турших, байнга хийдэг зүйлээ өөр аргаар хийхэд л (жишээ нь, шүдээ нөгөө гараараа угаах) тархины үйл ажиллагаа идэвхжиж, танин мэдэхүйн сонирхол үүсдэг нь тархины насжилтыг бууруулдаг.
3. Зөв хооллолт
Жимс, хүнсний ногоо, үр тариа болон тос багатай хоол идэх нь тархинд ач тустай. Омега-3 агуулсан загасны мах, самар идэх хэрэгтэй. B ялангуяа B12 витамины дутагдалд орохоос сэргийлээрэй. Гэхдээ гэнэт хоолны дэглэмээ сольж, хүчээр жимс, ногоо идээд эхэлж болохгүй. Учир нь тав тухгүй хооллож байгаа мэдрэмж тархинд төрөх болно. Бага багаар “чанаргүй” хүнснээс зайлсхийж, шинэ ашигтай бүтээгдэхүүн хэрэглэж эхлээрэй.
4. Сайн нойр
Сайн, бөх унтах нь эрүүл мэндэд хамгийн тустай зүйл. Учир нь тухтай амарч байж, тархи төдийгүй хүний бүх бие эрхтэн маргаашийн үйл ажиллагаандаа бэлэн болдог. Нойр муутай, нойргүйдэлд орсноор хүний тархи хамгийн их ядардаг. 50-79 насны хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар нойр муутай байх нь оюуны хомсдол, тархины сааталд хүргэх аюулыг 30 хувь нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Унтахын өмнө өрөөндөө агаар оруулж, чимээгүй, тухтай орчныг бүрдүүлэн, доод тал нь 7-8 цаг унтахыг хичээгээрэй.
5. Нийгмийн харилцаа
Нийгмийн идэвхтэй байж, хүмүүстэй харилцаж байх хэрэгтэй. Ингэснээр таны уураг тархи хөгшрөхгүй, саатахгүй байх нөхцөл бүрдэх юм. Ахмад настнуудыг нийгмээс тусгаарлаж, харилцаа холбоог нь хязгаарлах үед ой санамж муудаж, илүү хурдан хөгширдөг гэдгийг эрдэмтэд нотолсон. Тэгэхээр янз бүрийн арга хэмжээнд оролцож, кино, жүжиг үзэж байх нь тархи хамгаалах нэгэн арга билээ.
6. Тогтмол эмчид үзүүлэх
Чихрийн шижин, цусны даралт болон бусад хууч өвчнүүдээ байнга хянаж байх нь тархинд маш тустай байдаг. Учир нь эдгээр өвчний улмаас судас гэмтэхэд тархинд очих цусны хэмжээ багасаж, тархи сааталд орох эрсдэл өндөр болдог. Цусны даралт өндөр байхад ой санамж алдагддаг гэдэг нь батлагдсан. Тэгэхээр тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, даралтаа хэмжүүлэн, витамин, эрдэс бодисын дутагдалд орсон эсэхээ байнга хянаж байгаарай.