UBLife Logo
АЛХАМ 2.0

АЛХАМ | Ажлын байранд чинь супер хүч өгөх 7 AI хэрэглүүр

Ub.life
Ub.life
АЛХАМ | Ажлын байранд чинь супер хүч өгөх 7 AI хэрэглүүр

“Алхам 2.0” аяныг Зориг сан нь “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Ub.life сайттай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Лоринэт сан, МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээтэй хамтран залуусын ажилд орох алхам бүрд зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, сонирхолтой контентуудыг цувралаар хүргэж байна.


Хиймэл оюуны технологи үсрэнгүй хөгжсөн энэ цаг үед “таны ажлыг хиймэл оюун булаахгүй харин хиймэл оюуныг хамгийн сайн ашиглаж чаддаг хүн л булаах болно” гэгдэж байна. Тиймээс ажлын орчиндоо үр бүтээмжээ нэмж, цаг хугацааг хэмнэхэд тань туслах хамгийн чухал 7 хэрэгслийг бид танилцуулж байна.

ChatGPT, Gemini, Copilot… 

Дэлхийн шилдэг компаниудад ажилд ороход хиймэл оюуны чатботуудыг төлбөртэйгөөр ашиглаж байсан уу, өөрт хэрэгтэй даалгаврыг зөв өгч, гарсан хариуг чанартай нягталж чадах уу гэдгийг харгалздаг болжээ. Мөн байгууллагууд оффис хэрэглээндээ албан ёсны Google Workspace эсвэл Microsoft ашигладаг болсон тул эдгээр бүтцэд дагалдаж ирдэг хиймэл оюуны хэрэглүүрүүдийг өндөр түвшинд ашигладаг байх нь хамгийн эхний шалгуур болоод байна. 

Notion AI 

Өдөр тутмын тэмдэглэлээс гадна төслийн удирдлага, зохион байгуулалт хийхэд хамгийн тохиромжтой Notion программ хиймэл оюуны туслахтай болсноор мэргэжлийн орчинд таны цаг хугацааг улам илүү хэмнэж, бүтээмж нэмэгдүүлнэ. Аливаа уулзалт, хурлын тэмдэглэлийг тоймлон багцлах, хуваариа эмхлэн цэгцлэх, олон өгөгдлөөсөө шаардлагатай, оновчтой хайлт хийх зэрэг олон нэмэлтүүд бий. 

Otter AI 

Хэрэв та англи хэлний орчинд ажилладаг бол Otter хамгийн чухал хэрэгсэл. Дуу хоолойг зөв таньж, тэмдэглэл буулгахад өндөр оновчлолтойгоос гадна хиймэл оюуны туслах нь хурлын явцад шууд эх бичвэрт буулгах, хайлт хийхэд хурдтай, оновчтой илэрц өгөх давуу талтай. Мөн Google Meet, Microsoft Teams болон Zoom-д шууд нэмэлтээр суулгах боломжтой тул цахим уулзалтын тэмдэглэл хөтлөхөд ч тус болно. 

Any.do 

Аливаа гүйцэтгэх ажлыг хаанаас эхлэхээ мэдэхгүй хүнд юу тохиолддог уу? Энэ программд хийх ажлаа бичээд үз, шат дараалал бүрээр нь хиймэл оюун танд туслан төлөвлөж өгөх болно. Мөн төслийн удирдлага, хуанлитайгаа холбочихвол ажлыг төлөвлөхөөс эхлээд бүрэн дуусгах хүртэл Any.do тусална шүү. 

Slidesgo 

Илтгэл бэлдэх олон хэрэгсэл байдаг ч Slidesgo дээр зөвхөн сэдэв, бичиглэлийн хэв маягаа сонгоход л танд хиймэл оюунаар тохиромжтой загвар, дэглэлтийг бэлтгэж үзүүлэх болно. Бүхэл загвараа хуудас бүрээр өөрөө дэглэх, зарим мэдээллийг солих, хиймэл оюунаар эх бичвэр бэлтгүүлж, зураг үүсгэх, цаашлаад шинэ загварууд гаргуулах гэхчлэн бүх л боломжууд нэг дор бий. 

EnhanCV 

Мэдээж CV-гээ бэлтгэх олон загвар интернэтээр дүүрэн байх болсон. Гэхдээ яг таны ур чадвар, давуу талыг тодотгон бэхжүүлэх, агуулгын гүнийг бэлтгэж өгөх туслах тэр олдож байна уу? EnhanCV дээр өөрийн туршлагаа бичиж өгөх эсвэл LinkedIn профайлаа шууд өгснөөр гол давуу тал, хүний нүдэнд шууд тусах онцлог шинжүүдийг тань ялгаж, санал болгоно. Мөн бэлэн боллоо гэж үзвэл хиймэл оюунаар шалгуулж автомат CV унших хэрэглүүрүүдээс ямар оноо авах нь вэ гэдгээ мэдэх боломжтой. Сүүлийн үед томоохон байгууллагууд шинэ ажилтан авахдаа эхний шатны буюу анкет, CV шалгах үе шатаа хиймэл оюунд даатгах болсон үед хамгийн хэрэгтэй туслах тань EnhanCV шүү. 

100 school 

Өдөр бүр хиймэл оюунтай холбоотой шинэ мэдлэг, ур чадварыг маш богино, хялбар байдлаар авахыг хүсвэл нийтлэлийнхээ төгсгөлд энэ цахим товхимлыг санал болгоё. Хиймэл оюун хурдтай хөгжиж байгаа энэ үед тэр бүр мэдлэг, мэдээллээ шинэчилж амжихгүй байвал өдөрт ердөө 30 минут гаргаад энд санал болгох шинэ зүйлсийг туршаад үзээрэй. Ажилд тань тус болох нь гарцаагүй. 


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.