Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээн ирэх сарын 3-нд эхлэх гэж байна. Энэ улирлын тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа. Шинэ дүрэм ёсоор нэг баг 4 хүртэлх гадаад тамирчин мэдүүлэх эрхтэй. “Алтайн барс” баг Монголын волейболын түүхэнд анх удаа Олимпын наадамд тоглож байсан тамирчин урьж авчирлаа. Энэ бол Японы шигшээ багийн тоглогч асан Юү Кошикава юм.

Энэ жил 41 настай Кошикава 2022 онд зодог тайлаад байсан. 189 см өндөр, 86 кг жинтэй. Ишикава мужийн Каназава хотын уугуул. Японы волейболын шигшээ баг, элсний волейболын шигшээ багт тоглож байсан. 2002 оны Бусаны Азийн наадамд 18 настайдаа шигшээ багт сонгогдож, оролцсон. Японы волейболын түүхэнд анх удаа ахлах ангийн хүүхэд Үндэсний шигшээ багт багтсан тохиолдол болж байлаа. 2005 оны есдүгээр сард болсон Азийн АШТ-д түрүүлж, Шилдэг тоглогчийн шагнал хүртсэн. 2007 оны Дэлхийн Цомын тэмцээнд оролцож, “Японы волейболын ханхүү” нэр зүүж байлаа.
2008 оны Бээжингийн олимпын наадамд хэсгийн гурав дахь тоглолтдоо зүүн хөлөө гэмтээсэн ч үргэлжлүүлэн тоглосоор 9-р байрт орсон. Олимпын дараа хагалгаанд оржээ.
2009 онд Италийн хоёрдугаар лигийн “Pallavolo Padova” багт элссэн. 2011 онд багаа Италийн Дээд лигт дэвшүүлж чадсан юм. Ингэснээр Юү Италийн дээд лигт хүч сорьсон Японы тав дахь тоглогч болон түүхэнд тэмдэглэгдсэн билээ.
2012 онд эх орондоо харьж, “Suntory Sunbirds” багтай гэрээ байгуулсан.
2012 оны “FIVB World Grand Champions Cup” тэмцээнд оролцсон. 2013/2014 улиралд лигийн шилдэг тоглогчоор шалгарч байсан.

2017 онд элсний волейболд шилжсэн ч 2020 оноос их волейболд эргэн ирж, 2022 онд зодог тайлах хүртлээ “Voreas Hokkaido” багт хүчин зүтгэжээ.
Маш хүчтэй, үсрэлттэй давуулалтаараа гайхагдаж байсан. Холбогч, либеро, довтлогч гээд олон байрлалд тоглож чадна. Аав, ээж нь волейболчин байсан. Багаасаа онгоцны нисгэгч болох мөрөөдөлтэй байсан. Хурдан машинд дуртай.
Замнал
Suntory Sunbirds Japan 2003–2009
Pallavolo Padova Italy 2009-2012
Suntory Sunbirds Japan 2012–2013
JT Thunders Japan 2014–2017
Voreas Hokkaido Japan 2020–present