Өнгөрч буй энэ 7 хоногт дэлхий дахинд юу болж өнгөрөв?
“Анзаар!” булангаараа бид магадгүй таны анзаараагүй өнгөрсөн байж болох мэдээллийг хүргэж байх юм. Дэлхий ертөнц, улс төр, урлаг спорт, шинэ технологи гээд салбар бүрийн мэдээлэл таныг хүлээж байна. ТА анзаараад үзээрэй!
Онцлох үйл явдлууд
ХАМАС, Израил гал зогсоолоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үнэхээр Газын зурвасын дайныг зогсоож чадлаа. Хэдэн долоо хоногийн өмнө тохиолдсон бол Нобелийн Энх тайвны шагналыг ч хүртэж мэдэхээр гавьяа байлаа. Палестинчуудыг хоморголон устгах дайныг эцэст нь хүртэл хийхээр завдаж байсан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд тэр л шахалт үзүүлж чадсаны ачаар Израил довтолгоогоо зогсоолоо. ХАМАС барьцааны хүмүүсээ суллаж, хариуд нь Израил шоронд байсан палестинчуудыг эх оронд нь буцаав. Хэврэгхэн ч гэсэн хэсэг зуур буун дуу намдсан тул хүмүүнлэгийн тусламж Газын зурваст очих боломжтой болсон. Энхийн хэлэлцээний хоёрдугаар шат гэсэн хүндхэн даалгавар хүлээж байгаа. Газын зурвасын сэргэн босголт, дайны дараах удирдлага, ХАМАС-ын дайчдыг яах вэ гээд асуудал байсаар байна. Энэ бүхнийг Дональд Трамп хэрхэн шийдэх бол? Бүх зүйл түүний зурсны дагуу явагдах болов уу?
Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын 80 жилийн ой

БНАСАУ-д Хөдөлмөрийн Намын 80 жилийн ой өргөн дэлгэр болж өнгөрлөө. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар халуун баяр хүргэж, Вьетнам зэрэг хөрш, дотно орны төлөөлөгчид байлцлаа. Нийслэл Пеньян хотын төв талбайд цэргийн сүрт жагсаал хийж, хүчин чадлаа гайхуулав. Ялангуяа сүүлийн үеийн пуужингуудыг нь гадаадын шинжээчид одоо болтол шинжсээр байна. Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ун баярын илтгэлдээ улс орноо социалист диваажин болгоно гэж дурдсан юм. Тэрээр “Өнөөдөр дэлхий дахин биднийг хүчирхэг ард түмэн гэж хүлээн авдаг болсон. Бидэнд давж чадахгүй саад гэж үгүй” хэмээн мэдэгдлээ.
Сүмочид Лондонд барилдаж байна

Энэ сарын 15-19-нд Английн Лондон хотод мэргэжлийн сүмо бөхийн аялан тоглолт болж байна. Аварга биетэй ази хүн хараагүй англичууд сүмочдыг хараад гайхан цочирдож, тав хоногийн барилдааны тасалбар бүгд зарагдаж дуусжээ. Энэ жил Японы сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа.

Сүмочид хамгийн сүүлд гадаадад үзүүлэх тоглолт хийсэн нь 2005 оны АНУ-ын Лас Вегас башё байлаа. Ийнхүү 20 жилийн дараа сүмочид гадаад оронд барилдаж байгаа юм. Гадаад оронд явагддаг башёг гадаад орны урилгаар зохион байгуулдаг бөгөөд ихэнх тохиолдолд дээд зиндааны бөхчүүдийн барилдаан явагддаг. Лондон хотын “Royal Albert Hall”-д явагдаж байгаа сүмо башёг өдөрт 5400 хүн үзэж байна. Сүмочид нийт таван өдрийн барилдааны нийлбэр дүнгээр аваргаа шалгаруулах юм.
Бусад мэдээ
-АНУ, Украины Ерөнхийлөгч нарыг Баасан гаригт уулзахаас нь өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Трамптай утсаар ярилцлаа. Путин Америкийг алсын тусгалын Tomahawk пуужин Украинд нийлүүлвэл, хоёр улсын хооронд дайсагналцал үүснэ гэж анхааруулжээ.

-Уругвайн сенат сайн дураар нас нөгчих эрхийн хуулийн төслийг баталснаар тус улс эвтаназиг хүлээн зөвшөөрсөн анхны Латин Америкийн улс боллоо. Эвтанази гэдэг нь эдгэршгүй хүнд өвчтөнийг өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь хүсэлтээр эмнэлгийн тусламжтайгаар зовлонгоос нь ангижруулахыг хэлдэг.
-Монголчуудын сайн танил “Бригада” киноны Пчелагийн дүрийг бүтээсэн жүжигчин Павел Майков “Бригада” кино нийгэмд маш их хор хөнөөл авчирсан гэж мэдэгдлээ. Тэрээр тус кинонд тоглосноо амьдралынхаа том алдаа гэж нэрлэжээ.

-Өдөн хүрэмний Moncler брэндийн шинэ сурталчилгааг гүйцэх сурталчилгаа дахин хэзээ ч гарахгүй гэжээ. Учир нь домогт Аль Пачино, Роберт де Ниро нар хамтран тоглосон. Хүрэмний сурталчилгааны нэр нь “Хамтдаа дулаахан”. Зөвхөн бие дулаан биш сэтгэл санаа ч дулаахан байна гэдгийг харуулжээ. Аль 85, Роберт 82 настай.

-Перуд бүтэн сар үргэлжилж байгаа авлигын эсрэг эсэргүүцлийн жагсаалын үеэр 32 настай жагсагч залуу буудуулан, амиа алдлаа. Гэвч Ерөнхийлөгч Хосе Хери албан тушаалаа өгөхөөс татгалзсан хэвээр байна.
- Америкийн модель Хейли Бибер өөрийн Rhode брэндээ тэрбум ам.доллароор зарсан. Тэрээр 600 сая доллар бэлнээр, 200 сая ам.долларыг хувьцаа хэлбэрээр авч, харин 200 саяыг ирэх гурван жилд цувруулан авхаар болсон билээ. Хейли энэ мөнгөө бүгдийг нь хүүхдийнхээ нэр дээр хадгалсан, нэг доллар ч үрээгүй гэж ярьжээ.

Бонус
"Алисагийн тэмдэглэл" булангийн уншигчдын уулзалт
Уулзалтын үеэр UB LIFE сайтын оффистой танилцаж, цай, кофе, жигнэмгээр дүүрэн цайны үдэшлэг болно. Тэмдэглэлийн дэвтэр, үзэг балаа бүү мартаарай. Учир нь өөр сонирхолтой арга хэмжээ зөндөө болох юм шүү.
