Энэ сар олон нийтийн сүлжээ Стив Жобсын 17 настай үзэсгэлэнтэй охин Ив Жобсын талаар ярьж өнгөрлөө. Түүнийг “Стивен Жобсын хамгийн сайхан шинэ бүтээгдэхүүн” гэж нэрлээд Стив охиноо бүтээхдээ анхны Iphone хийхээсээ илүү хичээжээ гэж шоглож байлаа. Загварын 7 хоногийн Bottega Veneta шоун дээрх Ив Жобсын гэрэл зургийг долоо хоногт 105 сая хүн үзэж, 16 мянган ретвит, 4 мянган сэтгэгдэл авчээ.
Ингээд дэлхийн хамгийн баян хүмүүсийн өв залгамжлагч охид юу хийдэг, ямар харагддагийг нь сонирхоцгооё.
Ив Жобс - Стив Жобсын охин

Стив Жобсын отгон охин Ив аавынхаа алдар нэрээр биш өөрийн хүчээр дээш гарах хүсэлтэй. Тэрээр Стэнфордийн их сургуулийг Шинжлэх ухаан, технологи, нийгэм” мэргэжлээр төгсөж, морин спортоор хичээллэн, олон улсын тэмцээнээс маш олон медаль хүртсэн. Спортоос гадна загварын ертөнцөд ч тэр нэр хүндтэй. Ив DNA Models агентлагтай хамтран ажиллаж, Парисын Загварын 7 хоногт оролцоод байна. Гоо сайхны Glossier, Louis Vuitton брэндүүдтэй хамтран ажилладаг. Өнгөрсөн долоодугаар сард Их Британийн морин спортын тамирчин Гарри Чарльзтай гэрлэсэн.
Ариана Рокфеллер - Дэвид Рокфеллерийн зээ охин

Домогт гэр бүлийн тав дахь үеийн төлөөлөл Ариана бол банкны эзэн Дэвид Рокфеллерийн зээ охин. Тэрээр 1982 онд Нью-Йоркт төрж, Колумбийн их сургуулийг улс төр, урлагийн чиглэлээр дүүргэсэн. Ариана бол дизайнер, буяны үйлстэн, Ariana Rockefeller хэмээх загварын брэндтэй бизнес эмэгтэй. Хандивын ажилд маш идэвхтэй оролцдог.
Тамара Экклстоун – “Формула-1”-ийн эзэн асан, тэрбумтан Берни Экклстоуны охин

Берни Экклстоуны хамгийн том өв залгамжлагч тэрээр 1984 онд Лондонд төрсөн. Шазруун зан, этгээд хувцсаараа багаасаа л шар хэвлэлийн анхаарлын төвд өссөн тэрээр Эдийн засгийн сургуульд боловсрол эзэмшсэн. Гэхдээ телевизийн хөтлөгч, моделийн ажлаар замналаа эхлүүлсэн. 2013 онд нэгэн компанийн захирал Жей Ратландатай гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон. Түүний амьдардаг харш 70 сая фунтын үнэтэй. Экклстоун хүүхэд, амьтантай холбоотой сан, төслүүдэд хандив өргөх дуртай.
Матильда Пино - Kering группийн тэргүүн Франсуа-Анри Пиногийн охин

Матильда бол Gucci, Balenciaga, Saint Laurent, Bottega Veneta зэрэг дээд зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг Kering группийн эзний өв залгамжлагч. 24 настай. Тэр төрөхдөө ааваасаа олон саяын эд хөрөнгө, ээжээсээ гоо үзэсгэлэнг нь авсан юм. Ээж нь Сальма Хайек. Эцэг эх нь түүнийг багаас нь олны анхаарлаас хол өсгөсөн. Матильда Лондон хотын элит сургуульд суралцаж, урлаг, загвар, хүмүүнлэгийн ухаанд сонирхолтой.
Айви Гетти – АНУ-ын Нефтийн босс Жан Поль Геттигийн гуч

XX зууны хамгийн баян хүн, нефтийн салбарын магнатын гуч охин 1994 онд Сан-Францискод төрсөн. Калифорнид урлаг, загварын түүх судалж, багаасаа уран зураг, гэрэл зураг, загвар сонирхдог байлаа. Маш хурц стилийн загвар зохиодог тул хэдийн загварын ертөнцөд алдаршжээ. Айви буяны ажилд идэвхтэй оролцож, музей, урлагийн наадам зэрэг соёлын төслүүдийг дэмждэг. Vogue, Tatler, Marie Claire сэтгүүлүүд түүний загварыг онцлон дурддаг.
Аманда Херст - Hearst Corporation-ий үүсгэн байгуулагчийн гуч охин

Hearst Corporation-ий үүсгэн байгуулагч, орчин үеийн сэтгүүл зүйн үндэслэгчдийн нэг Уильям Рэндольф Херстийн гуч охин Аманда Нью-Йоркт төрсөн. Тэрээр Фордем их сургуулийг “урлагийн түүх” мэргэжлээр төгссөн. Дараа нь Marie Claire, Town & Country зэрэг хэвлэлд редактораар ажиллаж байсан. 2019 онд Аманда продюсер, найруулагч Жо Кармонетой гэрлэсэн.
Иша Амбани – Энэтхэгийн хамгийн баян хүний охин

Дэлхийн хамгийн баян 10 хүний нэг Мукеша Амбанигийн ганц охин, өв залгамжлагч Иша нь Йельскийн их сургууль төгсөж, Стэнфордод магистр болсон. Мэргэжил нь хууль, сэтгэл зүй. Энэтхэгт эргэж ирээд тэр гэр бүлийн бизнестээ орсон. Одоо Иша аавынхаа Reliance Retail, Reliance Jio компаниудад тэргүүлэх алба хашдаг. 2018 онд Ананд Пирамалтай гэрлэхэд тэдний хуримын ёслол тэр жилийнхээ Энэтхэгийн хамгийн дуулиант үйл явдалд нэрлэгдэж байв. Бейонсе дуулж, зочдын дунд Хиллари Клинтон сууж байлаа.