UBLife Logo
Хөгжим
Spotify хиймэл оюунд суурилсан хөгжмийн хэрэглүүрүүд бүтээхээр ажиллаж байна

Spotify хиймэл оюунд суурилсан хөгжмийн хэрэглүүрүүд бүтээхээр ажиллаж байна

Дэлхийн хамгийн том хөгжмийн стриминг платформ болох Spotify хиймэл оюуныг “хариуцлагатайгаар” ашиглах зорилгоор томоохон хөгжмийн студиутдай хамтран ажиллаж эхэлснээ мэдэгдлээ. Тэд уран бүтээлч, хөгжмийн зохиолчдыг нэн тэргүүнд тавьж, зохиогчийн эрхийг хүндэтгэдэг хиймэл оюуны загвар бэлтгэхийг зориж байгаа аж. Ингэхдээ ‘’Sony Music’’, ‘’Universal Music Group’’, ‘’Warner Music Group’’ гэсэн гурван том студитэй хамтран ажиллах юм. Яг ямар төрлийн хиймэл оюуны хэрэглүүр бүтээхээ одоогоор ил болгоогүй байгаа ч “төслийнхөө суурийг аль хэдийн тавьж эхэлсэн” гэж мэдэгджээ. Түүнчлэн тус компани “Хөгжмийн салбар дахь хиймэл оюуны хэрэглээний талаар уран бүтээлчдийн дунд олон янзын байр суурь байдаг тул тэд бидний хөгжүүлсэн хэрэглүүрийг хэрэглэх эсэхээ өөрсдөө мэдэж болно” гэсэн юм. 

Сүүлийн жилүүдэд Дуа Липа, Элтон Жон, Пол МкКартни зэрэг алдартай уран бүтээлчид хиймэл оюуны чиглэлийн компаниудыг тэдний хөгжим, уран бүтээлийг зөвшөөрөл, төлбөргүйгээр ашиглан, хиймэл оюуны систем, загвараа сургаж буйг шүүмжлээд байсан билээ.

Мөн Spotify-ийн үүсгэн байгуулагчдын нэг Алекс Норстром “Технологи үргэлж уран бүтээлчдэд үйлчлэх ёстой болохоос технологи тэднийг ашиглаж, мөлжих эрхгүй” гэжээ. Харин ‘’Mid Citizen Entertainment’’-ийн захирал Макс Бонанно “Хиймэл оюун хүмүүсийн бүтээлч ертөнцийг бусниулж, стримингийн орлогоос уран бүтээлчдэд ногдох цөөхөн хувийг улам багасгаж байна” гэж шүүмжилсэн байна. 

Spotify ба хиймэл оюуны хамтрал

Spotify хөгжмийн бүтээл, контент туурвихдаа хиймэл оюун ашигладаггүй гэдгээ ил тод зарласаар ирсэн. Гэхдээ тус платформ хиймэл оюуныг сонсогчдын сонсох дуртай хөгжмийн төрөл, жанрыг тодорхойлох, тэдэнд таалагдах плейлист автоматаар үүсгэж өгөх зэрэгт ашигладаг. 

Мөн тэд хиймэл оюун ашиглан бүтээгдсэн дуу хөгжмийг зарим тохиолдолд байршуулахыг зөвшөөрөх ч тодорхой уран бүтээлчийг хуулбарласан эсвэл хиймэл оюун ашиглан бүтээсэн гэдгээ нууцласан тохиолдолд хатуу арга хэмжээ авна гэдгээ саяхан мэдэгдсэн. 2023 онд Дрейк болон The Weeknd нарын дуу хоолойг дуурайлган хиймэл оюунаар бүтээсэн дууг удалгүй устгасан нь үүний жишээ юм. Харин хиймэл оюуныг дуу бичлэгийн хоолойн эффэкт, микс мастер зэрэгт өргөнөөр ашигладаг болсон талаар дурджээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.