“W Korea” сэтгүүлийн газраас жил бүр уламжлал болон явагддаг “Хөхний хорт хавдрын талаарх мэдээлэл олгох” хандивын үдэшлэг энэ сарын 15-нд болж өнгөрлөө. “Love Your W 2025” нэртэй тус арга хэмжээ “Four Seasons” элит зочид буудалд явагдсан бөгөөд Өмнөд Солонгосын шоу ертөнцийн бараг бүх од хүрэлцэн ирсэн байлаа. Зочдын дунд RM, BTS хамтлагийн J-Hope, V, aespa хамтлагийнхан, (G)I-DLE, IVE, Stray Kids, ENHYPEN болон И Мин Хо, Ха Чон У, Пак Ын Бин нар харагдаж байв. Энэхүү арга хэмжээ нь тус өвчний талаарх мэдээллийг нийтэд түгээж, хорт хавдартай хүмүүст сэтгэлийн дэм өгөх ёстой байлаа. Гэвч харин ч өвчтэй хүмүүсийг гутаан доромжилсон, алдартнууд буяны үйлсийн нэрээр тансаглаж, ууж идсэн гэсэн шүүмжлэлд өртлөө. Яг одоо БНСУ-ын цахим ертөнц энэ үдэшлэгийг шүүн хэлэлцэж байна.

Олон нийтийн сүлжээнд тарсан үдэшлэгийн гэрэл зураг, видео бичлэгээс харахад ОДОД хандив өргөж, сэтгэлийн үг хайрлахын оронд оргилуун дарс уун, бүжиглэж, цэнгэсэн улсууд байна. “Энэ чинь шөнийн Клуб уу”, “Ийм их ууж, бүжиглэж байж, яаж мэдээлэл өгөх юм бол”, “Энэ хүлээн авалтад зарсан мөнгөө өвчтөнүүдэд хандивлах ёстой байжээ”, “Би хөхний хорт хавдраар хөхөө авхуулсан. Одоо согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Гэтэл эд нар надад сэтгэлийн дэм өгч байгаа хэрэг үү” гэж иргэд асуусаар.

Дуулианы гол эзэн нь дуучин Жей Пак байлаа. Тэрээр “MOMMAE” хэмээх хит дуугаа дуулсан. Дууны сонголт тун тааруу байсныг хэлэх хэрэгтэй. Хөхний хорт хавдрын эсрэг үдэшлэг дээр дуулсан түүний дууны үг нь “Чиний цээжинд ургасан ихэр хоёр эгч дүүстэй танилцмаар байна” гэж эмэгтэй хүний хөхийг зүйрлэсэн утгатай байлаа. Дараа нь Пак үнэ хөлсгүй дуулснаа хэлж, уучлал гуйсан ч нэгэнт хоцорчээ.

Мөн хөхний хорт хавдрын эсрэг дэлхий нийтийн тэмцлийн бэлгэ тэмдэг болох ягаан тууз огт харагдаагүй. Алдартнууд согтууруулах ундаа ууж, хэт хөгжилтэй байсан, бүсгүйчүүд нь хэт задгай хувцасласан нь ч хүмүүст таалагдсангүй.

Үдэшлэгийн төгсгөлд болсон тайлан хамгийн их шүүмжлэлд өртсөн. “Love Your W” арга хэмжээ бүтэн 20 жил явагдахдаа хөхний хорт хавдартай тэмцэхэд зориулж, 1,1 тэрбум воны хандив цуглуулжээ. 20 жилд 1,1 тэрбум вон гэдэг маш бага байна гэж иргэд үзсэн. “W Korea” сэтгүүлийн газрыг хүнд өвчний нэрийг ашиглаж, тансаг үдэшлэг хийж байна, бодит тус дэм алга гээд дахин хийхгүй байхыг шаарджээ.