Бид бүгд л ядардаг. Гэхдээ үнэн сэтгэлээсээ ядарч, туйлдсан, хүндхэн байдалд байгаа нэгэнд лав та “Бүгдээрээ л ядардаг шдээ“ гэж лав битгий хэлээрэй. “Сэтгэлээр битгий уна”, “Бүгд л тэвчдэг шүү дээ” гэж хэлэхэд ч амархан. Эсвэл шүүмжилж, тэрхүү байдлыг нь арчаагүй зантай холбож, унаж гутарсанд нь буруутгах хандлага гаргах хүн ч их. Гэхдээ үнэндээ бид нөгөө хүнийг юу туулж байгааг, бас тэр бүхэнтэй хэчнээн тэмцэж байгааг мэддэггүй.
Тиймээс дараах нийтлэлээр бяцхан мэт боловч бусдад хүндхэн мөчид нь “Чи ганцаараа биш” гэдгийг мэдрүүлэх хамгийн чухал үйлдлүүдийн, үгийн тухай хүргэж байна.

1. Эхлээд зүгээр л сонс, засах гэж битгий яар.
Үнэхээр туйлдсан нэгэн асуудлуудаа шууд хэлэх биш, үнэндээ чимээгүй болчихдог. Тэд хурдан хугацааны шийдэл хүсэхгүй, зүгээр л хэн нэгний чимээгүй байдалд тайвшрахыг хүсэж байж ч болно. Тиймээс түүний яриаг таслахгүй, зөвлөгөө өгөх гэж хичээхгүй, дүгнэлт хийх гэж яаралгүй сонс.
2. Яаж байгааг нь асуугаад, хариултыг нь анхааралтай сонс.
Хүн бүр “Зүгээр ээ” гэж хэлдэг ч, түүний ард тэгж хэлэхээс ч өөр аргагүй, маш ихэд ядарсан, өөр үг унагаахад ч хэцүү шаналал нуугдаж байж болно. Гол нь асуусан л бол чин сэтгэлээсээ сонсох гэж л асуусан гэдгээ санаж, тэвчээртэй хүлээж, өөрт нь хэлж болно гэдгийг итгүүлэх ёстой.

3. Нэн түрүүнд өвдөлтийг нь багасгах гэж биш, хуваалцах гэж оролд.
“Хүн болгон л зовж байна, бүгд хэцүү байна, ядарч байна, харин ч чи…” гэж харьцуулах нь тус болохгүйг ойлгох хэрэгтэй. Ийм хандлага харин ч ганцаардлыг улам гүнзгийрүүлдэг. Өвдөлтийг нь багасгах гэж хэлсэн, хийсэн буруу үйлдлүүд чинь тэр хүнийг улам холдуулж мэднэ.
4. Хэцүү зүйлийг туулж байгаагийнх нь төлөө шүүмжлэхээ түр хойш тавь.
Тэр өмнөх шигээ биш байна уу? Гоё хувцаслахаа больж, хоцорч, нойргүйдэж, эмх замбараагүй явдаг болж, юм хумаа мартаад байна уу? Шууд битгий загнаж эсвэл шүүмжлээрэй. “Өмсөж байгаа хувцас хунараа хар даа“, “Наад юм хумаа цэвэрлээч“ гэхийн оронд арай өөрөөр хэлэх хэрэгтэй. Ядаж л “Ойрд гайгүй юу?” гэж эхлээд асуу. Хэрэв бүр ч ойлгож, тус болохыг хүсвэл “Юмаа цэгцэлж, дээрдэхэд чинь тусламж хэрэг болбол хэлээрэй“ гэж хэлээд үз. Тэд ихэнхдээ энэ хүсэлтэд чинь татгалзах хэдий ч, өөрсдөө замбараагүй, болохгүй байгаа юм байна гэдгээ арай зөөлнөөр ойлгож, хүлээж авна.

5. Түүний хурдаар амьсгал.
Сэргээхийн тулд өөрийн эрч хүч рүү түүнийг шахах, чирэх биш, хамтдаа түүний нам гүмд хэсэг бай. Тэр хүний хурданд хэсэг хугацаанд байх хэрэгтэй. Эдгэрэл яг тэндээс эхэлдэг.
6. Бяцхан тусламж санал болго.
“Би дэлгүүр орох гэж байна, чамд юу авч өгөх үү?”, “Цайны цаг болчхож, хоолыг чинь халаачих уу“ гэх мэт энгийн асуулт, үйлдлүүд нь, хайр халамжийг илэрхийлэх хамгийн бодит хэлбэр.

7. Дэргэд нь зүгээр л бай.
Хааяа нэг аяга халуун цай хувааж уугаад сууя гэж урь. Амттай бялуу идэх, ажлаа тарахад нь хамт алхахыг уриалаад үз. Бас уулзсан хойноо их зүйл ярихгүй, эхэндээ зүгээр л хамт чимээгүй байгаад үз. Дэргэдэх чимээгүй оршихуй үгээр хэлэхийн аргагүй дулаан байдаг. Зүгээр лх ань болсноороо та түүнд тусалж байгаа юм шүү.
8. Эдгэрэх цагийг нь хүндэл.
Хүн бүрийн шарх өөр цагт анина. Түргэсгэх гэж биш, зүгээр л хүлээж чаддаг хүн хамгийн том түшиг болдог. Тэр танаас илүү дутуу юм хүсэхгүй нь лавтай. Харин жаахан хүлээцтэй байхыг, ойлгохыг л хүснэ.
Өвдөж, ядрах нь сул дорой байхын нэр биш. Харин хүний оршихуй дэндүү эмзэг, тиймдээ ч бид нэгэн хэвийн байдаггүй нь жинхэнэ утгаараа амьдралын амт гэдгийн баталгаа. Тиймээс дараа нь чи хэн нэгний нөхцөл байдалд хандахдаа үүнийг санаарай. “Хүн шиг хандана” гэдэг тийм ч хэцүү биш.
