Энэ долоо хоногт Тайванийн урлагийн ертөнцийг доргиосон нэгэн үйл явдал боллоо. Аравдугаар сарын 21-нд Цагдаагийн газраас цэргийн албанаас зугтсан алдартнуудыг баривчлах ажиллагаа явуулж, жүжигчин Чэнь Бо Линь, Сюй Цзе Кай, Energy хамтлагийн гишүүн Жо Чан Шувэй нар баригдсан байна.
Тайвань арлын хууль ёсоор тус улсын иргэн эрэгтэй хүн бүр 4 сараас 1 жил хүртэл цэргийн алба хаах үүрэгтэй. Насны дээд хязгаар нь 33 ажээ. Энэ оны эхээр жүжигчин Даррен Ван цэргийн албанаас чөлөөлөгдөх эмнэлгийн акт хууль бусаар авсан хэрэгт холбогдож, торгуулж байлаа. Ван гуравдугаар сард цэргийн албанд явсан юм.
Энэ удаад баригдсан жүжигчин Чэнь Бо Линь цагдаа нарыг ирэхэд гэртээ найз бүсгүйн хамт байжээ. 2011 онд түүнийг багтраа өвчтэй, даралт өндөр гэсэн бичгээр цэргээс чөлөөлж байсан юм. Харин энэ удаад Прокурорын газраас тус бичгийг үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Байцаалтын дараа Бо Линь 500 мянган тайвань долларын барьцаагаар суллагдсан. Харихынхаа өмнө сэтгүүлчдэд “Өнгөрсөн үеийг минь сануулсан Прокурорт баярлалаа. Би төөрөлдсөн, мангар залуу байжээ. Би Шүүхийг хүндэлж, хамтран ажиллах болно” гэж сэтгүүлчдэд хэлсэн ч эмнэлгийн акт нь хуурамч байсан эсэхийг ярьсангүй.

42 настай жүжигчин Сюй Цзе Кай нийгэмд “Үлгэр жишээ аав” нэрээрээ алдартай. Тэрээр цусны даралт өндөр гэсэн акт бичгийг 4800 ам.доллараар худалдан авч байснаа хүлээсэн. 2016 онд дүйцүүлэх алба хашиж байсан ч эхнэр нь бие давхар гэдэг шалтгаанаар чөлөөлөгджээ. Олон хүүхэдтэй эцгийг армиас чөлөөлдөг ч түүний олон жилийн өмнөх эрүүл мэндийн акт сэжигтэй гэж энэ удаад үзсэн байна.

Дуучин Жо Чан Шувэй одоо 44 настай. Гэхдээ түүнийг олон жилийн өмнө цусны өвчтэй гэж армиас чөлөөлөгдсөнийг одоо сэжиглэж байгаа юм. Цагдаа нар орж ирэхэд Шувэй эхэнрийн хамт байсан бөгөөд “Хэзээ нэгэн цагт баригдана гэдгээ мэдэж байсан. Анхнаасаа хэргээ хүлээх гэж бодож байсан. Гэхдээ айгаад чадаагүй” гэж хэлсэн байна.

Энэ явдал Тайванийн Прокурорын газраас алдартнуудад цэргээс зугтсан бол олон жил өнгөрсөн ч ялтай шүү гэдгийг харууллаа. Нийт арван хүн баривчилснаас тав нь урлагийн салбарын уран бүтээлч байна.