UBLife Logo
Кино

Хэллоуин: Японы 9 шилдэг аймшгийн анимэ

Хэллоуин: Японы 9 шилдэг аймшгийн анимэ

Удахгүй Хэллоуин Сүнсний баяр болно. Энэ баяраар л аймшгийн кино үзэхгүй бол өөр хэзээ үзэх билээ. Гэхдээ Барууны аймшгийн киноноос илүү Японы аймшгийн анимэ үзсэн нь сэтгэл илүү хөдөлгөдөг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Наран орны хүүхэлдэйн кино хүний сэтгэл зүйн хамгийн нарийн судсыг хөндөж, хамаг биеийг арзайлгаж чаддаг байна. Ингээд үзсэн хүний сэтгэл эргээд хэвэндээ хэзээ ч ордоггүй есөн шилдэг аймшгийн анимэг санал болгож байна.

“Монстр” モンスター

Англи нэр: Monster

Он: 2004

Германд ажилладаг, япон эрдэмтэн Кэнзо Тэммагийн түүх. Нэгэн шөнө тэрээр эмнэлгийн захирлын тушаалыг зөрчиж, хотын даргын оронд Йохан гэдэг хүүд мэс засал хийж эдгээнэ. Харин хотын дарга үхснээр Тэмма ажилгүй болжээ. Есөн жилийн дараа Тэмма ерөнхий эмч болох ч Йохан цуврал алуурчин болон хувирсныг олж мэднэ. Өөрийнх нь буруу биш биз? Тэмма энэ мангасыг зогсоох ёстой.

“Өөр” アナザー

Англи нэр: Another

Он: 2012

Ёмияма хотын дунд сургуулийн 3-3 ангид хараал шүглэжээ. Энэ ангийн Мисаки гэдэг хүүхэд 1972 онд амиа алдсан ч бүгд түүнийг амьд мэт л санаж явна. Захирал хүртэл төгсөлтийн ёслол дээр Мисакид суудал авсан байлаа. 1998 онд энэ ангид шилжиж ирсэн Коичи Сакакибара учрыг олох гэж оролдох ч сар бүр сурагчдаас хэн нэг нь аймшигт үхлээр үхнэ. Маш аймшигтай анимэ.

“Цөгөрзгөнө уйлах цагаар” ひぐらしのなく頃に

Англи нэр: Higurashi: When They Cry

Он: 2006

Хинамизава хэмээх бяцхан тосгоны тухай триллер. Энэ тосгонд жил бүр "Ватанагаши” хэмээх наадам болдог бөгөөд наадмаар дөрвөн жил дараалан хүн үхэж, эсвэл сураггүй алга болж байгаа ажээ. Энэ явдлыг хэд хэдэн хэсэг болгож, янз бүрийн өнцгөөс харуулдаг нь энэ анимэгийн гол онцлог. Энд аллагыг маш сайхнаар дүрсэлж, харуулдаг.

“Эльфийн дуу” エルフェンリート

Англи нэр: Elfen Lied

Он: 2004

Люси бол мутант. Тэд хүнийг хэдэн хэсэг болгон тасчих чадвартай. Люсиг нууц лабораторид хорьж, судалгаа хийнэ. Эндээс зугтсан мутант мэдээж өс хонзонгоо тайлах хүсэлтэй. Эхнээсээ эцсээ хүртэл маш харгис, хатуу анимэ.

“Kiseijuu: Sei no Kakuritsu”寄生獣

Англи нэр: Parasyte: The Maxim

Он: 2014-2015

Ахлах ангийн сурагч Шиничи Изүмигийн баруун гар нь харь гаригийн Миги нэртэй паразитийн мэдэлд байдаг. Нэгэн шөнө харь гаригийнхан дэлхийд нэвтэрч, хүмүүсийн хамар, чихэнд орж, тархийг нь эзэмдэхийг оролдоно. Харин азаар Изүми чихэвчтэй унтаж байх ажээ.  

“Үхдлүүдийн үдэшлэг” コープスパーティー

Англи нэр: Corpse Party: Tortured Souls

Он: 2013

Хэсэг оюутан үүрд мөнх найзлах “Сачико” гэсэн нэгэн үйл үйлдэнэ. Ёслолын дараа гэнэт газар хөдөлж, тэд сүнстэй сургуульд очсон байх ажээ. Маш зэрлэг аллага, яргалалтай тул зориг зүрхтэй хүн л үзэхэд тохиромжтой.

“Үхсэн чөтгөр” 屍鬼

Англи нэр: Shiki

Он: 2010

1994 оны зун Японы Сотоба гэдэг жижигхэн тосгонд учир битүүлэг үхлүүд гарах болно. Энэ үед хаягдсан хоосон байшинд нэгэн хачирхалтай гэр бүл нүүж ирнэ. Цус сорогчид тосгонд байгаа юм биш биз?

“Хүн-чөтгөр” デビルマン クライベイビー

Англи нэр: Devilman Crybaby

Он: 2018

Го Нагаягийн манганаас сэдэвлэсэн Netflix-ийн төсөл. Акира уг нь эелдэг, зөөлөн сурагч ч дэлхийг аврахын төлөө мангастай нэгдэнэ. Ийнхүү хүн сэтгэлтэй, мангасын хүчтэй чөтгөр гарч ирэх юм. Энэ анимэгийн төгсгөлийг түүхэн дэх хамгийн харанхуй төгсгөл гэж үздэг.

“Хараал хүрсэн хот” メイドインアビス

Англи нэр: Made in Abyss

Он: 2017

Зөгнөлт аймшгийн төрлийн анимэ. Орт хотод амьдардаг Рикогийн түүх. Хот асар том нүхний дэргэд байх бөгөөд үе үе нүхэнд эрдэнэсийн хайгуулчид орох ажээ. Гэхдээ буцаж гарахдаа ихэнх нь хараалд унасан байх болно. Хэт харгис дүрстэй анимэ гэдгийг анхаараарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.