BBC
Хятадын армийн дээрээсээ хоёр дахь генералаар арми дахь авлигатай тэмцэх хэлтсийг ахалж байсан ахмад зүтгэлтнийг томиллоо. Хятадад яг одоо армийн дээд удирдлагын эгнээг цэвэрлэх, авлигачдаас салах ажиллагаа явуулж байна. Энэ долоо хоногт есөн том генералыг Коммунист намаас хөөсөн. Тэднийг их хэмжээний санхүүгийн луйварт холбогдсон гэж Батлан Хамгаалах Яамнаас мэдэгдлээ.

Дээр дурдсан ахмад зүтгэлтэн Чжан Шэнминь БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн дэд дарга болсон. Цэрэг, армийн салбарт бол гурав дахь хүн. Энэ Зөвлөлийн дарга нь Ши Жиньпин, нэгдүгээр орлогч нь Чжан Юся байгаа. Чжан Шэнминь 67 настай, үүнээс 47 жилийг нь армид өнгөрөөжээ. Пуужин, агаарын хүчний генерал, Цэргийн Төв Зөвлөлийн авлигын эсрэг хэлтсийн дэд тэргүүний алба хашиж байсан. Түүний нэрийг Коммунист намын Бага хурлаас дэвшүүлжээ. Тус хурлаар намаас хөөгдөж, армийн эгнээнээс хөөгдсөн этгээдүүд бүгд Армийн маш өндөр албан тушаалтнууд, Намын Төв Хорооны гишүүд байжээ.
Хамгийн нөлөөтэй нь Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпиний орлогч Хэ Вэйдун байлаа. Хэ хамгийн сүүлд гуравдугаар сард олны өмнө харагдсан. Удаан хугацаанд алга байсан тул байцаагдаж байх магадлалтай гэгдэж байлаа. Тэр бүр Улс төрийн товчооны гишүүн байсан хүн. Хэ Вэйдун авлигын хэргээр мөрдөгдсөн анхны Улс төрийн товчооны гишүүн болсон юм.
Түүнээс гадна:
Мяо Хуа — Цэргийн Төв Зөвлөлийн Улс төрийн албаны дарга
Хэ Хунцзюнь — Цэргийн Төв Зөвлөлийн Улс төрийн албаны дэд дарга
Ван Сюбинь — Цэргийн Төв Зөвлөлийн Удирдах төвийн даргын орлогч
Линь Сянъян — Удирдах төвийн Дорно бүсийн командлагч
Цинь Шутун — Хуурай замын цэргийн улс төрийн комиссар
Юань Хуачжи — Тэнгисийн цэргийн улс төрийн комиссар
Ван Хоубинь — Пуужин, агаарын хүчний командлагч
Ван Чуньнин — Ардын зэвсэгт цагдаагийн газрын дарга нар баривчлагджээ.

БХЯ-ны мэдэгдэлд “Энэхүү 9 хүн Намын дотоод журам, сахилга батыг зөрчиж, маш их хэмжээний мөнгө, санхүүтэй холбоотой онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон” гэж дурджээ. Удахгүй тэднийг Цэргийн шүүхээр шийтгэнэ. Энэ удаагийн үйл ажиллагаа нь Коммунист нам, Армийн авлигын эсрэг тэмцлийн том ялалт байлаа гэж онцлон тэмдэглэсэн байна.
Өчигдөр өндөрлөсөн Намын хурлаар улс орны хөгжлийн Шинэ 5 жилийн төлөвлөгөөг баталсан. Шинэ төлөвлөгөөнд Гадаадын улс орны хоригийн энэ үед бие даан шинэ технологийн салбараа хөгжүүлэх, ногоон хөгжилд шилжих шилжилтийг хурдасгах, Батлан хамгаалах салбараа шинэчлэх зэрэг олон зорилт орсон байлаа.
Энгийн сайд дарга нар ч авлигад холбогдсон бол хатуу шийтгэл амсаж байгаа. 2023 онд ГХЯ-ны сайд Цинь Ган, Намын Төв Хорооны Олон улсын албаны дарга Лю Цзяньчао нар алга болсон бөгөөд саатуулагдан, байцаагдаж байгаа байх гэж Wall Street Journal бичиж байсан билээ.
