UBLife Logo
Дэлхий

Исландчууд амьдралдаа анх удаа шумуул харлаа

Исландчууд амьдралдаа анх удаа шумуул харлаа

Энэ жил Исландад маш халуун хавар, зун болж өнгөрсөн билээ. Дундаж дулааны хэмжээ тус улсын түүхэнд рекорд тогтоолоо гэж хэвлэлээр мэдээллэж байсан билээ. Энэ дулаарал Исландын түүхэнд нэгэн гоц үзэгдэл авчирлаа. Исландад анх удаа шумуул харсан байна. Үүнээс өмнө дэлхийд шумуулгүй хоёрхон газар байсан нь Исланд, Антарктид байлаа.

Нийслэл Рейкьявик хотоос баруун өмнөд зүгт орших Кьёс хэмээх мөсөн хөндийд шумуул гарч иржээ. Нутгийн иргэн, хорхой судлаач Бьёрн Хьяльтасон дарстай туузаар дэнгийн эрвээхэй барьж байтал гэнэт шумуул баригдсан гэнэ. Бьёрн фейсбүүк дээрээ зургийг нь оруулж, “Хачин төрхтэй ялаа барилаа” гэж бичсэн ч эм шумуул болох нь мэдэгджээ. Маргааш нь тэр эр шумуул барьж чадсан байна.  

“Morgunblaðið” мэдээллийн сайтад бичсэнээр барьсан шумуулаа Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Маттиас Альфредссонт илгээхэд “Culiseta annulata” төрлийн шумуул болохыг баталсан байна. Энэ шумуул өвлийг даван гарч чаддаг онцлогтой.

Маттиас Альфредссон “Миний урьд өмнө огт харж байгаагүй зүйл гэдгийг шууд ойлгосон. Бид шумуултай боллоо” гэж баяр хөөрөө хуваалцжээ. Гэхдээ зарим хэвлэлд шумуул энэ өвлийг даван гарах уу, Исландад амьдарч, үржиж чадах эсэхийг харсныхаа дараа баярлах хэрэгтэй гэж шүүмжилсэн байна. Culiseta annulata шумуул Европ, Хойд Африкт өргөн тархсан. Ямар замаар Исландад ирсэн нь тодорхойгүй. Ачааны контейнер дотор орсон байж болох ч урьд өмнө яагаад ирж байгаагүй, яагаад энэ жил гарав гээд олон асуулт байна.  

“World Population Review” сэтгүүлд бичсэнээр цаг агаар хүйтэн, үржих, өндөг үлдээх тогтмол ус байхгүйн улмаас Исландад шумуул хэзээ ч амьдарч байгаагүй гэж тэмдэглэсэн байна. Харин энэ жил Исландад тавдугаар сард 20 хэм дулаан өдөр арав хоног үргэлжилсэн. Эйильсстадир нисэх буудалд 26,6 °C хэм хүрсэн нь Исландын түүхэнд хамгийн халуун өдөр болон тэмдэглэгдсэн юм. Энэ бүхний ачаар исландчууд амьдралдаа анх удаа шумуул харан баярлаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.