АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ази тивд ажиллаж байна. Тэрээр Малайзийн нийслэл Куала-Лумпурад АСЕАН, БНСУ-д APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Мөн Японд айлчилж, Пүрэв гаригт БНСУ-д БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар болоод байгаа.
Дональд Трамп айлчлал эхлэхийн өмнө сэтгүүлчдэд “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа хэллээ. Тэрээр Кимтэй тун сайн харилцаатай гэдгээ онцлоод хэзээ ч уулзахад бэлэн гэж ярьсан юм. Хэрэв тэд уулзвал 4 дэх удаагаа уулзаж байгаа хэрэг болно. Өмнөх уулзалтуудаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох гээд чадаагүй билээ.
Трамп Хойд Солонгосын газар дээр хөл тавьсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч болсон. 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт тэдний эхний уулзалт явагдсан. Тэр үед гаргасан баримт бичгээр Пеньян АНУ-аас аюулгүй байдлын баталгаа гаргах юм бол Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгоно гэж үүрэг хүлээж байлаа.
Дараагийн уулзалт 2019 оны хоёрдугаар сарын 27-нд Ханойд, гурав дахь уулзалт 2019 оны зургаадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хил дээр болсон юм. Гэвч талууд тохиролцоонд хүрээгүй. Тэр цагаас хойш Хойд Солонгос хэд хэдэн удаа тив хоорондын пуужин туршаад байгаа билээ.
“Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй гүрэн үү” гэсэн асуултад Трамп “Тиймээ, тэгж хэлж болох юм. Ямар ч гэсэн тэдэнд цөмийн зэвсэг олон байгаа” гэж хариулсан юм.
