Инстаграмдаа найз залуугийнхаа зургийг нийтлэх нь дагагчдаа алдах хамгийн хурдан арга гэнэ үү? Мягмар гарагт Vogue сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн нийтлэл шуугиан тарьж, цахим орчинд маргаан мэтгэлцээн ч эхлүүлээд амжлаа. Найз залуутай байна гэдэг ичмээр үзэгдэл болсон эсэхийг эмэгтэйчүүд хоорондоо хэлэлцэж, энэ нь цаашлаад уламжлалт хосын харилцааны ойлголтын зөв бурууг дэнслэх хүртэл гүнзгийрсэн юм. Vogue сэтгүүлийн нийтлэлч Шанте Жосефийн нийтлэлийг уншигчдадаа бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
***
Хэн нэгэн цахим сүлжээнд найз залуугийнхаа талаар зураг, бичлэг нийтлэх төдийд л дагагчид нь сошиал хаягийг нь сонирхохоо больдог болсон . Хөгжилтэй, сонирхолтой контент, гоо зүйн таашаал төрүүлэхүйц зураг бичлэг нийтлэхийг нь хүлээж байсан дагагчдынх нь хувьд “найз залуутай болсон” гэдгээс цаашгүй, уйтгартай нэгэн болж хувирдаг цаг үе иржээ.
Найз залуутай байх, эрүүл, аз жаргалтай хосын харилцаанд байна гэдэг нэр төрийн хэрэг байсан мэт цаг саяхан. Зарим нь хосын харилцаагаа илэн далангүй элдэв платформуудад хуваалцаж, хосын блог хүртэл хөтөлж дагагчдынхаа тоог өсгөдөг байв.

Энэ байдлыг “Boyfriend Land” гэх бөгөөд цар тахлын үеэр огцом эрчээ авч, тренд болж байлаа. Харин жил өнгөрөх тусам энэ байдал эрс өөрчлөгдөж байгаа нь илт. Эмэгтэйчүүд дурлалт залуугаа ил тод зарлаж, үргэлж зураг бичлэгийг нь нийтлэхийн оронд илүү нарийн арга барилыг хэрэглэж эхэлсэн байна. Жолооны хүрд дээрх гар, энгэр цээжийг нь налсан ч царайг нь гаргаагүй зураг, эсвэл өгсөн бэлэг сэлт, цэцэг навчыг нь олонд харуулах болж. Тэр бүү хэл, хуримын зурагнаасаа сүйт залуугаа “crop” хийж тасдаад, ганц өөрийнхөө л зургийг нийтлэх тохиолдлууд ч олширчээ.
Тэгвэл юу болоод байна аа? Эмэгтэйчүүд үнэхээр найз залуутайгаа байхдаа ичиж санаа зовоод байна уу, эсвэл сэтгэл зүйн төвөгтэй асуудлууд үүний цаана байна уу?

Үнэн хэрэгтээ энэ нь эмэгтэйчүүд хоёр туйлын заагт өөрсдийнхөө хүсэлтэй зөрчилдөж буйн илрэл юм. Нэг талаас тэд тогтвортой хань нөхөр, хамтрагчтай байснаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, бусдад аз жаргалтай харагдах байдлыг хүсэж байгаа ч нөгөө талаас эр хүний л төлөө амьдардаг эмэгтэй шиг харагдахыг хүсэхгүй байна. Зохиолч, нийгмийн идэвхтэн Зое Самудзи “Эмэгтэйчүүд эр хүний хайр халамжийг мэдэрч аз жаргалтай хосын харилцаанд байхыг хүсэвч энэ нь хэтэрхий хэвшмэл, хоцрогдсон зүйл гэж мэдэрч эхэлснээр хайр дурлал, найз залуу, нөхөр гэх ойлголтууд зүгээр л ердийн уйтгартай зүйл мэт эрин үеийн эхлэлийг тавьчихаад байна” гэжээ.

Гэхдээ энэ бүгд зөвхөн бусдад харагдах дүр төрх, имижийн тухай ойлголт биш аж. Инстаграм дээр явуулсан санал асуулга дээр олон эмэгтэйчүүд “найз залуугийнхаа талаар пост хийвэл олны нүд, атаархал, хэл аманд өртөхөөс айдаг”, “харилцаагаа хэт эрт дэлгэх нь удахгүй салахын ёр гэж боддог”, “хэрвээ найз залуутай гэдгээ олонд зарлачихсан байтал удалгүй салчихвал ичмээр хэрэг” гэж хариулсан. 38 настай Никки “Би 12 жилийн турш нэг хүнтэй үерхсэн, гэхдээ хэзээ ч үерхлийнхээ тухай пост хийж байгаагүй. Одоо бид салсан болохоор тэр үед эксийнхээ талаар пост хийж байгаагүйдээ баярлаж байна. Дахиж хэн нэгэнтэй болзож, үерхвэл хэзээ ч пост хийхгүй. Хичнээн романтик, сайн залуу бай тэд зүгээр л эрэгтэй хүн учраас хэзээ нэгэн цагт урмыг чинь хугалах л болно. Тиймээс тэднийг найз залуу, миний хайр дурлал гэж зарлах нь утгагүй хийгээд эрсдэлтэй зүйл юм” гэжээ.

Олон залуу эмэгтэйчүүдийн хувьд найз залуутай байх нь ичмээр төдийгүй буруутай мэдрэмж төрүүлэхүйц зүйл болжээ. Нью Йоркт төвтэй Delusional Diaries подкаст дээр “Найз залуутай байна гэдэг нь бараг л Бүгд Найрамдах Намын үзэл баримтлал шиг хэтэрхий хоцрогдсон зүйл” хэмээн хошигнож байв. “Boyfriends are out of style” буюу “найз залуутай байх нь моодноос гарсан” гэх сэтгэгдэлд хэдэн арван мянган лайк цугларсан нь ч үүний тод жишээ. Хамгийн сонирхолтой нь, найз залуутай байхыг эсэргүүцдэг, шүүмжилдэг эмэгтэйчүүдийн дийлэнх нь өөрсдөө найз залуутай байдаг. Тэд энэ сэдвийг бусад эмэгтэйчүүдтэй эвтэй, нэгдмэл санаа бодолтой байхын тулд ярьдаг ч нөгөө талаар хосын харилцаанд хэт автсан, хамтрагч нь амьдралынх нь нэг хэсэг болчихсон байдал нь дэндүү өрөвдөлтэй, харамсмаар зүйл болохыг өөрсдөө мэдэрч буй тул найз залуутай байхыг үзэн яддаг байж ч болох юм.
Британийн Vogue-ийн нийтлэлч Стефани Ебоа найз залуугаа цахим сүлжээнд ил болгосныхоо дараа хэдэн зуун дагагчаа алдсан байна. “Бид үерхсэн хэвээр байсан ч би түүнийг дахиж постлохоо больсон. Одоо үед найз залуугаа бүх хүнд харуулах нь ичмээр, бүр хүнд байдалд оруулдаг зүйл болжээ. Зарим эмэгтэйчүүд хортой харилцаанаас болж шаналж, эр хүнээс болж хүнд хэцүү зүйлсийг туулж байгааг мэдсээр байж өөрийн аз жаргалаа ил зарлах нь буруу мэт санагддаг” гэжээ.

Контент бүтээгч Софи Милнерт ч мөн дээрхтэй төстэй зүйл тохиолджээ. “Өнгөрсөн зун нэг залуутай цуг Сицилид аялсан. Би аяллынхаа зургуудийг хуваалцахад маш олон дагагчид маань надад битгий хүнтэй үерхээрэй гэж хэлсэн. Ганц бие байх үед эмэгтэй хүн илүү эрх чөлөөтэй, шулуун шударга байдаг төдийгүй илүү сонирхолтой, адал явдал дүүрэн амьдардаг. Харин хосын харилцаанд ормогц нэг л саармаг, сонирхолгүй болчихдог юм билээ. Би өөрөө ч тэгж байгаагаа анзаарсан” хэмээсэн юм.
Энэ бүгдээс харахад өнөө цагт “эмэгтэй хүн байх” гэдэг ойлголт өөрчлөгдсөөр байна. Найз залуу, нөхөртэй байх нь эмэгтэй хүний байр суурийг баталгаажуулах зүйл биш болж, ганц бие байна гэдэг харин ч илүү бие даасан, сонирхолтой, хүчирхэг гэх статусыг тэдэнд авчрах болжээ. Мэдээж хайрлаж дурлах, зөв хүнээ олох хүртэл сайн муу, янз бүрийн харилцаанд байх нь ичих зүйл биш. Гэхдээ ганц бие байх, заавал нөхөртэй болохыг хүсэхгүй байх нь ч бас хэвийн зүйл. Эдгээрийг нээлттэй ярьж, шүүмжилж, санал бодлоо солилцож эхэлж буй нь “найз залуутай байх” гэсэн ойлголтыг улам эмзэг хийгээд соёлын хувьд маргаантай болгож байна.

Өнөө үед ганц бие байх нь, “нөхөртэй бол, гэр бүл зохио” гэж бусдад чичлүүлэх нь өрөвдмөөр зүйл биш, харин өөрийгөө нээж, амьдралаа бие даан босгож буй хүчирхэг эмэгтэйн статус болжээ. Эмэгтэй хүний үнэ цэн зөвхөн эр хүний хажууд оршдог, аюулд өртсөн гүнжийг баатар эр ирж авардаг гэсэн хуучин зууны үлгэрийн төгсгөл ийнхүү ирлээ.
