Хэвлэл мэдээлэл, медиа салбартай холбоотой хэн бүхэнд дуулгах сайхан мэдээтэй. Хэвлэл мэдээллийн экосистемд чин эрмэлзэлтэй, мэргэжлийн, сахилга баттай соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой “The Media Show 2025“ арга хэмжээ 11 дүгээр сарын 15-нд Үндэсний номын санд болох гэж байна. Энэ арга хэмжээ нь сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй.
THE MEDIA SHOW 2025 ФОРМАТУУД
Энэ жилийн арга хэмжээ уламжлал ёсоор
30 минутын Лаб сургалтууд
PechaKucha илтгэлүүд
Урам зоригийн индэр
The Media Show подкаст ярилцлага гэсэн хэсгээс бүрдэнэ.
Сэдвийн хувьд медиа төсөл бэлтгэх, хэрэгжүүлэх арга зүй, хиймэл оюуны айдсаа давж, боломжийг эрэлхийлэх нь, ярилцлагын ур чадвараа нэмэгдүүлэх нь зэрэг агуулгаар туршлагатай мэргэжилтнүүд сургалтаа бэлдэж буй.
Мөн эдийн засаг, бизнесийн чиглэлийн арвин туршлагатай сэтгүүлчид карьерын түүх, сургамжаа хуваалцаад зогсохгүй сэтгүүлчээс энтрепренер болсон замналаа ч сонирхуулах нэгэн бий.
Урам зоригийн индэрт технологи, менежмент, сэтгүүл зүйн шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буй гурван мэргэжилтэн алдаа, оноо бүхнээ хуваалцах болно.
Харин The Media Show ярилцлага энэ жил хэлэлцүүлэг хэлбэрээр залуу редакцуудын төлөөллийг уриад байгаагаараа онцлог.
ШИНЭЭР
Клиник
Энэ жилийн арга хэмжээнд Клиник гэсэн шинэ хэсэг нэмэгдэж байна. Медиа салбарт ажиллахад тулгарч байгаа асуудал, эсвэл арга эвээ олох гээд туршлагатай, мэргэжлийн хүнээс зөвлөгөө шаардлага гарсан үед хэнд хандахаа мэдэхгүй байвал арга хэмжээний үеэр Клиник дээр цаг авч, зөвлөгөө авах боломжтой юм. Энэ жилийн хувьд Технологи харилцаа, холбооны чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөртэй хамтарсан “Tech Journo” клиник болон медиа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөгөө өгөх клиник арга хэмжээний үеэр ажиллана.
Spotlight: Origin.Impact.Vision
Хэвлэл мэдээллийн экосистемийн эрүүл хөгжлийг бий болгоход хувийн хэвшлийн оролцоо, нөлөө маш их. The Media Show талбар энэ үйл хэрэгт бизнесийн байгууллагуудыг үргэлж уриалж ирсэн бөгөөд энэ жил дэмжигч байгууллагуудын хувь нэмрээр хэлэлцүүлгийн орон зайгаа хамтдаа бий болгоод байна.
Арга хэмжээний хөтөлбөрт 3 байгууллагын үйлчилгээний үүтгэл санаа, үр нөлөө, алс хэтийн зорилгыг танилцуулсан Spotligh богино илтгэлүүд багтсан нь шинэ, соргог мэдээлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна.
The Media Show 2025-тай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл дараах Facebook Event-ийг дагаарай. Илтгэгчдийн мэдээллийг ирэх 7 хоногт зарлаж, тасалбар борлуулагдаж эхэлнэ шүү.