Орчин үеийн урлагийн орон зайг бүтээж, шинэ мэдрэмж, шинэ сэтгэлгээг эрэлхийлдэг бүтээлч хөдөлгөөн “XAOS Festival 2025” амжилттай болж өндөрлөлөө. “Хувирал” сэдвийн хүрээнд ер бусын олон үзэсгэлэнг дэлгэсний нэг нь “A Temporality” буюу “Агшин зуур” байв. Уран бүтээлч Э.Жанцанхорол уг үзэсгэлэнгээрээ эх орноо төлөөлж, 2019 онд Венецийн олон улсын дүрслэх урлагийн биеннальд оролцож байсан юм. Тэрбээр “Агшин зуур” үзэсгэлэнгээ 6 жилийн өмнөх санаа, шийдлээрээ дахин урлаж “ХАОS” фестиваль дээр монгол үзэгчдийн хүртээл болголоо. Уран бүтээлч Э.Жанцанхоролтой энэ удаагийн үзэсгэлэн болоод уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Та урлагт хэрхэн дурласан түүхээсээ хуваалцаач?
-Харандаа, бал гээд зөвхөн зориулагдсан хэрэгслээр ул мөр үлдээхийг зургийн урлаг гэхгүй. Юуг ч, яаж ч ашиглан зурж болно. Даавууны өөдсөн дээр шавар нааж байгаад дүрс, дүр үүсгэсэн ч тэр бол хүлээн зөвшөөрөгдөх зураг болж чадна.
Жон Кейж гэдэг хөгжмийн зохиолч бий. 50, 60-иад онд орчин үеийн урлагт чухал нөлөө үзүүлэхүйц экспериментал хөгжим туурвиж явсан нэгэн. "Sound art"-ийг бие даасан урлагийн төрөл гэж тооцуулахад маш том хувь нэмрээ оруулсан хүн л дээ. Тэрээр дан ганц хөгжмийн эгшиг гэлтгүй дуу шуум хүртэл хөгжим гэж тооцогдох бүрэн эрхтэй, бололцоотой гэсэн байдаг. Жишээлбэл, салхи, гудамж, шувуудын жиргээ гээд бүхий л чимээг хөгжим гэж болно. Жижигхэн зүйлсээс л урлаг эхэлдэг гэж боддог. Иймхэн жижиг зүйлүүдэд л дурлаж, урлагийн сургуульд сурахаар сэтгэл шулуудсан.

-Та урлагийн олон төрлөөс яагаад баримлыг сонгосон бэ. Баримал таны сэтгэлд яагаад ойр туссан юм бол?
-Баримал бол маш өргөн цар хүрээтэй урлаг шүү дээ. Үүнд юу ч багтаж болно. Дуу авиа, уран зураг багтаж болно. Виртуал орчин ч байж болно. Мөн хүмүүсийн харилцаа, судалгаа, хэлэлцүүлэг бүгд миний мэргэжилтэй уялддаг. Уран зураач бол уран зургаа л зурна, графикийнхан бол графикаа л хийнэ. Харин барималч хүн бол урлагийн энэ олон төрөл дундаас аль нэгийг сонгоод, бүтээлийнхээ утга санааг илэрхийлэхэд ашиглах, цаашлаад өөрсдийн шинэ хэллэг, хэлийг бүтээх боломжтой. Энэ л миний сэтгэлийг татсан даа.

-Та “XAOS festival”-д оролцож, үзэсгэлэнгээ дэлгэсэн. Эх орондоо үзэсгэлэнгээ гаргаагүй нэлээд удсан шүү дээ. Монголдоо үзэсгэлэнгээ дэлгэх ямар байв?
-Куратор Б.Гантуяа бид хоёр Монголд үзэсгэлэнгээ гаргах талаар 2019 оноос хойш ярьсаар л байсан. Ковидын үе ч дайрлаа, нэг л тохироо нь бүрдэхгүй байсан л даа. Мөн үзэсгэлэнгээ гаргахын тулд санхүүжилт хэрэгтэй шүү дээ. ХАОС фестиваль зохион байгуулагдаад 2 жил болж байна. Мөн чанар, чиг хандлагад таарсан сонирхолтой дуу хоолой болох болов уу гэсэн үүднээс энэ жилийн фестивальд үзэсгэлэнгээ дэлгэлээ. Одоо л зөв цаг нь бүрдэх шиг боллоо.

-“Агшин зуур” үзэсгэлэнгийн онцлог юу вэ?
-“SoundArt”-ийн түүх 1950, 1960-иад оноос эхэлж, судлагдаад 20 жил орчим болж байна. Хөөмийг хослуулах нь кураторын дүрслэл байсан. Хөөмийг дүрслэх урлаг болон экспериментальтай хослуулж, Германы уран бүтээлчтэй хамтрах нь мөн л кураторын шийдэл. Орчин үеийн дүрслэх урлагтай холбогдож, хөгжиж ирсэн болохоор нөлөө бүхий урлагийн төрөл болж чадсан. Тэр талаас нь харвал нэгэн цул, динамик дуу хоолой болсон юм болов уу. Миний ерөнхий бүтээлийн чиг хандлага болоод дүрслэлд хөөмийн авиа их сайн хоршсон.

-Хүмүүс хэрхэн хүлээн авсан бэ. Гадаад үзэгчид болоод монголчуудын хүлээн авах, сонирхох байдал нь өөр байна уу?
-Залуучууд л үзэж байна. Гадныхан бол аливаа зүйлийг их нээлттэйгээр хүлээн авдаг гэх үү дээ. Нээлттэй гэдэг нь юуг ч хамаагүй, ямар ч цензургүйгээр хүлээн авдаг гэсэн үг биш. Зөв зүйлд зохистойгоор нээлттэй ханддаг. Манайханд бол нийтээрээ үзэсгэлэн үзэх туршлага, соёл байхгүй байна. Энэ тал дээр маш муу санагддаг. Юм үздэггүй, үзэх ч сонирхолгүй. Харин залуучууд бол тодорхой хэмжээнд үздэг болжээ. Ер нь хүмүүс үзэсгэлэн үзээд тэр даруйд нь ямар нэгэн гаргалгаанд хүрэх гээд байдаг. Тэр бол дэмий зүйл. Заавал тоо бодож байгаа юм шиг эцсийн хариултыг нь хүлээгээд байдаг. Нөгөө талаараа бүтээл, уран бүтээлчид биш өөртөө хандаж байгаа хандлага юм шүү дээ. Үзэж байгаа киногоо дуусгалгүй “Хүүе энэ яаж дуусдаг юм бэ?” гэж асуусантай л яг адилхан. Өөртөө хандаж байгаа хандлага гэдгийг л манайхан ухамсарлах хэрэгтэй байна.

-Та бүтээлээ хэрхэн бүтээж, урладаг вэ?
-Би ямарваа нэгэн зүйлийг хүчлэхгүй байхыг хичээдэг. “Агшин зуур” үзэсгэлэнгийн бүтээл болон өмнөх үзэсгэлэнгийн бүтээлүүд минь хоорондоо бүгд уялдаатай. Өөрөөр хэлбэл, нэг нь нөгөөгөөсөө ургаж гарч хөгжиж байдаг. Барималч хүн гэдэг нэг ёсондоо бүтээлүүдээрээ цогц шинэ хэл үүсгэж байгаагаас өөрцгүй. Дүрслэл болоод түүний илэрхийлж буй утга санаа, философи дээр тулгуурласан цогц, харилцаа холбооны альтернатив “universe” үүсгэж байгаа гэсэн үг. Зарим тохиолдолд санаанаас бүтээл нь гараад ирнэ. Гол нь бүх зүйл амьд харилцаан дээр л оршино. Аливаа бүтээлийг бий болоход хамгийн том нөлөөлөгч бол гадаад ертөнц. Гэхдээ би өөрөөрөө, өөрийнхөө бүтээлээр тэр ертөнцийг дамжуулна. Уран бүтээлчийн гадаад ертөнцтэй харилцах харилцаа, сэтгэл зүйн байдал, ертөнцийг үзэх үзэл, уулзаж учирч байгаа хүмүүс болоод байгалийн дуу хоолой, дэлхий нийтийг хамарсан асуудал, хөрш, гэр бүл гэх мэт нэг талаараа антропологийн цар хүрээллийн нөлөөллөөс бүтээл төрдөг юм болов уу гэж боддог.
Зарим нөхцөлд материал нөлөөлдөг. Материал бол олон янз. Түүхий эд, үйлдвэрлэлийн материал ч байж болно. Эдгээр зүйл өөрийн гэсэн агуулга, утга санаа, ойлголтыг шингээсэн байдаг. Үүнээс дагавар санаанууд урган гарна. Эдгээрт бас л нөхцөл байдлыг хамаатуулж, шинийг үүсгэж болно. Хуучин хэрэглээтэй нь уялдуулж, ахуйн хэрэглээнд байсан тэр хүчин нөлөө нь хэрхэн шинэ нөхцлийг үүсгэж байна вэ гэдгээс миний зарим бүтээлүүд төрдөг.

-Танд бүтээлээ туурвиж байх үеийн онцгой мэдрэмж байдаг уу. Уран бүтээлчийн таашаал, мэдрэмж байдаг байх.
-Хүмүүс урлагийнхныг бусдаас өөр гэж харах хандлагатай байдаг. Найз нөхдүүд ч манай энэ “ийм тийм” гэж онцгой мэтээр ярьдаг шүү дээ. Миний хувьд аль болох энгийн байхыг л хүсдэг. Энгийн байж гэмээнэ миний бүтээлүүд зөв илэрхийлэгдэнэ. Гэхдээ аливаа нөхцөл байдлыг уран бүтээлчийн үүднээс хүлээж авахыг хичээлгүй яах вэ. Ядаж тогтолцоо, шинэ чиг хандлага зэргийг анзаарч харахыг хичээдэг. Яг бүтээл урлаж байх үедээ бол бүтээлдээ бүрэн төвлөрдөг. Гэхдээ өөрийгөө хэт шаналгах нь дэмий гэж боддог доо. Өөрийгөө хэт шахаж, завгүй хуваарь гаргалгүйгээр юу хийхээ мэдэж байвал их зүгээр. Нэг бодчихсон байхад механик үйлдлээрээ аяндаа бүтээлээ урладаг. Бүтээлээ хаанаас үргэлжлүүлэн хийхээ мэдэж байгаа үед бидний тархинд “үргэлжилж байгаа” гэсэн дохио ирдэг. Үргэлжилж буй ийм циклд нэг л орчихвол шинэ бүтээлч санаанууд ундарна. Зарим алдаагаа хүлээн зөвшөөрөх эерэг хандлага ч бий болно. Урлаг бол “lifestyle” буюу амьдралын хэв маяг байх ёстой юм болов уу гэж боддог. Буддист амьдралын философи ч юм шиг. Сэтгэл санаагаа амгалан байлгаж, бусдад түүнийгээ түгээх ёстой ч юм шиг. Ярихад амархан ч үйлдэл болгоход хэцүү шүү дээ. Миний хувьдаа үргэлж бодож явдаг санаануудын нэг л дээ.

-“Энэрэл, нигүүсэл, хоосон чанар”, “Хүн ба байгалийн шүтэлцээ” гэх сэдвүүд таны уран бүтээлүүдээс харагддаг. Эдгээр ойлголт таны хувьд юуг илэрхийлдэг вэ?
-Миний бүтээлүүд нэг санаанаас ургаж, салаалж байгаа гэсэн шүү дээ. Тухайн бүтээл өөрийн гэсэн санааг агуулдаг ч миний бүтээлүүд үндсэндээ нэг чиг хандлагатай. Ерөнхий санаа нь бол эсэргүүцэл, дархлаа юм. Одоо ч, ирээдүйд ч яригдсаар байх суурь сэдэв учраас тэр. Яг л “Дарвины хууль” шиг. Жишээлбэл, хэрвээ хүнд хуруу, шүд, агт араа зэрэг эрхтэн хэрэггүй байсан бол хүн хуруу болон шүдгүй л хөгжсөөр байна шүү дээ. Бидний хөгжлийн гол зорилго бол дасан зохицол, амьдралын хэв маяг. Урт хугацааны хөгжлийн явцдаа хүн төрөлхтөн хоол тэжээлээ олж идэхдээ ч байгалийн хүчин зүйлсдээ дасан зохицож өөрчлөгдсөөр ирсэн. Бүгд л амьдралдаа шаардлагатай байгаа өөрчлөлтийг сэтгэл зүй болон бие махбодиороо хийхийг зорьдог. Нэг талаараа миний бүтээлүүд цаг хугацааны сэдэвтэй. Нэг үндсээс салаалж байгаа санаа, сэдвүүдийн минь нэг.

-Таны зарим бүтээлд эвэр, чих, гар зэрэг эрхтнүүд тодорч харагддаг. Та эдгээр дүрслэлээр дамжуулан юуг илэрхийлэхийг зорьдог вэ? Таны дотоод ертөнцтэй холбогддог уу?
-Түрүүн хэлсэнчлэн дархлаа, эсэргүүцэл гэсэн утга санааг илэрхийлэх дүрслэл юу байна гэж эргэн тойрноосоо хайдаг. Жишээлбэл, эвэр үечилж ургадаг шүү дээ. Тухайн амьтныг хэд насалсныг эврээс нь мэдэж болно. Яс ч биш, арьс ч биш эрхтэн. Хүний хумс шиг эрхтэн. Нар салхинд гандаж, ургаж, бэртэж гэмтэнэ. Олон бартааг туулж ирсэн өөрийн гэсэн утга санаатай, амьдралын нэг хэсэг болсон амьд материал гэж би боддог. Хүний чихэн дотроос, ардаас эвэр ургаж байгаа дүрслэл нь эсэргүүцэл, дархлаа, тэсвэр тэвчээр гэсэн утга санааг илэрхийлсэн миний анхны бүтээл юм. Нөгөө талаараа соёлын хүчин зүйлсийн илэрхийлэл гэж хэлж болно. Тархи угаалтыг хүмүүс дандаа чихээрээ л хүлээн авч байгаа шүү дээ. Үүнийг дүрслэх урлагаар илэрхийлсэн өнцөг юм л даа.

-Бүтээлийнхээ материалыг та хэрхэн сонгож авдаг вэ?
-Ихэнх нь барилгын материал байна. Яг л лего шиг. Мэдээж уламжлалт материал ч ашиглана. Барилгын материал, түүхий эд нь нөөц бололцоо ихтэй гоё санагддаг. Хоосон канвас зотон шиг. Барилгын материалын дэлгүүрээр хэсэх дуртай. Үзэсгэлэн үзэж байгаа юм шиг сайхан байдаг. Өрөлт тавилт нь ч гоё байдаг. Тухайн хэсэгт оршин суудаг айлуудын юу нь голдуу эвдэрдгийг мэдэх боломжтой. Ихэнхдээ ямар хийцтэй, юу зарж байна гэдгээс маш их мэдээлэл авдаг. Ямар дүүрэгт, ямар улс оронд байгаагаас шалтгаалаад өөр өөр байна. Тэдгээр зүйлсээс юуг ашиглаж, ямар бүтээл хийх төсөөлөл урган гарна. Учир нь ажил хөдөлмөр, бүтээн байгуулалттай холбоотой зүйл байгаад байна шүү дээ. Барилгын дэлгүүрт байгаа бүх зүйлс бүтээл болох бололцоотой. Энэ миний бүтээлд их чухал. Маш урт удаан хугацаанд аман соёл болоод нэгээс нэгд дамжин ирсэн биет бус мэдлэг, соёл миний үзэсгэлэнгийн бас нэгэн материал гэж хэлж болно. Хэрхэн бид нар биеэ торддог вэ? Яаж амьдралаа сайжруулах вэ? гэх зэргээр ахих, сайжрах хүсэл хүний генд байдаг гэж боддог. Нар луу тэмүүлдэг, хоол идэш рүү тэмүүлдэг. Үргэлж л дараагийн шат руу ахих юм сан гэсэн эргэлзэл, хүсэл биднийг өглөө босоход урам зориг өгч байгаа. Миний бүтээл болбол энэ тойрогт өгүүлэмжүүдийг бий болгож анзаарах, түгээх, чангалах зорилготой.

-Танд өөр урлагийн төрлөөр үзэсгэлэн гаргах бодол бий юу?
-Гаргах байх. Ер нь санасан зүйл байгаа. Мэдээж хүчлэхгүй. Миний баримтлахыг хичээдэг амьдралын “motto” гэх үү дээ. Аливаа зүйлд үргэлж өөрийн гэсэн зөв цаг хугацаа байдагт итгэдэг. Мөн арваннэгдүгээр сарын 7-нд Сүхбаатар аймагт болох уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ“ орчин үеийн бүжгийн төсөлд оролцохоор бэлдэж байна.
