UBLife Logo
Ярилцлага

Чухал асуулт | Таны амьдралын хамгийн нандин дурсамж юу вэ?

Чухал асуулт | Таны амьдралын хамгийн нандин дурсамж юу вэ?

Уг нийтлэл нь “Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points: Global Agenda” дугаарт 2025 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн болно. 


Цонх бүрийн цаана, тооно болгоны дор амьдрал үргэлжилж, тэнд нэгэн гэр бүл аж төрөн, амьдран суугаа. Тэд гэр бүлийнхээ үнэ цэнийг хэрхэн бүтээгээ бол? Тэдний амьдралын хамгийн нандин дурсамж юу вэ? Энэ л асуултынхаа хариултыг Хөдөлмөрийн баатар, улс төрч, уран бүтээлч, агрономич, судлаач, оюутан төдийгүй бага ангийн сурагчаас тодруулснаа хүргэж байна.

Дуучин, “Бага тойрог” медиагийн продюсер Ц.Тэгшбаяр: Нохой эзэндээ бүхнээ зориулахад бэлэн байдаг

Би хоёр ах, хоёр эгчтэй. Айлын хэнз хүүхэд болохоор гэрийн ажилд маруухан. Аав, ээж маань хүүхдүүдээ нэг их зардаггүй ажилсаг хүмүүс бий. Манайх Мухтар гэдэг нэртэй банхартай байсан юм. Аавын хэлснээр, Мухтар гэж Оросын дайнд оролцож байсан нохой юм гэнэ лээ. Манай Мухтар гаднын хүнд ширүүн ч бид нарт их хайртай. Нэг удаа хөдөөнөөс гэртээ иртэл аав ээж хоёр “Мухтар алуулчихжээ” гээд гунигтайхан сууж байсан. Хашааны завсраар хүн рүү дайрахад нь хоншоор луу нь цохиод алчихсан гэсэн. Нохойгоо алдахдаа ямар их хайртайгаа илүү мэдэрсэн. Хүүхэд насны минь нохойтой холбоотой дурсамж ийм. 

Сүүлд би найз охинтойгоо ярилцаж байгаад нохойтой болохоор шийдсэн юм. Манай Бадди Японы Акита-Инү үүлдрийн нохой. Хүмүүсийн сайн мэддэг Хачико нохой бол Акита-Инү үүлдрийнх. Баддигаа хоёр сартай байхад нь авснаас хойш гурван жил өнгөрсөн байна. Багад нь гэрт ганцааранг нь үлдээж чадахгүй машиндаа байнга аваад л явна. Хааяа хайрцагт нь хийгээд гэртээ үлдээж, өөрийнх нь орон зайг мэдрүүлсэн болохоор хайрцагтаа байх дуртай. Хайрцагаа хорьдог газар биш өөрийнх нь тухтай орчин гэдгээ мэддэг болохоор нөхөр сэтгэл санаагаар унахаараа тэндээ орчихдог юм. Манай найз охин нэрийг нь өгсөн. Хүмүүс эр юм уу гэж байнга лавладаг юм. Уг нь охин нохой. Бадди аарцтай зайрмагт дуртай. Ер нь хөлдөөсөн юманд нохой дуртай байдаг юм билээ. Ижил үүлдрийн Гинсей нэртэй найзтай нь байнга уулзуулдаг. Хос гэж болно. Анх эздүүдтэй нь нохойгоороо дамжиж танилцаж байсан ч бид одоо их дотнын найзууд болсон.

Хэдий араатан амьтан ч гэлээ Бадди маань бид хоёр л байхгүй бол амьдарч чадахгүй. Биднийг байхгүйд шээж, баахаас эхлээд хэрэгцээгээ хангаж чадахгүй болохоор өрөвддөг юм, хөөрхий. Нас биед хүрсэн нохойны IQ нь хоёр настай хүүхдийнхтэй тэнцдэг юм билээ. Том биетэй, арзгар шүдтэй, үсэрхэг болохоор л хүмүүс айгаад байгаа болохоос биш дотор нь хоёр настай хүүхэд л байгаа гэсэн үг. Хүн бусдыг ямар нэгэн шалтгаантайгаар хайрладаг бол нохой эзнийгээ ямар ч нөхцөлгүйгээр хайрладаг нь хамгийн гоё. Эзэндээ бүхнээ зориулахад бэлэн байдаг. 

Монголчууд нохойноос айдаг болохоор хандлага нь ч эвгүй. Баддигаа хөтлөөд явж байхад хажуугаар явсан хүн цочихоор нохой ч гэсэн цочоод айсандаа хуцдаг юм. Тэгэхээр гудамжинд хүн орилж, нохой хуцах тохиолдол их гарна. Хэрвээ эзэн нь нохойгоо хөтлөөд явж байвал та тайван байж болно шүү. Нөгөө талаас нохойтой хүмүүс ихэвчлэн сул тавих хандлагатай. Манай Бадди зарим нохойтой зодолдож, дайрчих гээд байдаг болохоор сул нохой явахаар асуудал үүснэ л дээ. Тэжээж, хайрладаг амьтнаа юу гэж өөр нохойтой зодолдуулж, ам хамрыг нь гэмтээхийг хүсэх вэ дээ. Тиймээс би ч нохойтой хүмүүстэй ам зөрөх үе бий. Уг нь бид нар нэг талын хүмүүс шүү дээ. Гадуур явахдаа нохойгоо хөтөлгөөтэй, хошуувчтай нь авч явбал зүгээр. Энэ мэт дадлуудаа хэвшүүлэхийг уриалъя.

Медиа болон Харилцаа холбоо судлаач, “ЛГБТ Төв” ТББ-ын Дэд захирал Д.Эрдэнэбүрэн: Эхнэртэйгээ хуримаа хийсэн өдөр жаргалтай бас гунигтай байсан

Намайг хүмүүс ихэвчлэн Гонто гэж дууддаг. Би ганц бие ээжийн хэнз хүүхэд. Бага байхаас л эрэгтэй хүнтэй хамт амьдрах нь хүсэл биш хясал шиг санагддаг байлаа. Үеийн охид нөхөр, хүүхдийн тухай сэдвээр ярих үед би худлаа ярьчихдаг байсан. Үнэндээ бол ганцаараа амьдардаг, уран бүтээлч болно гэж мөрөөддөг байсан юм. Ижил хүйсийн хос байдгийг кинон дээрээс харж байснаас биш ойрын жишээ байгаагүй. Ээж миний боловсролд маш их анхаардаг байсан болохоор таван настайдаа сургуульд орж, 15 настайдаа оюутан болж байсан. Санхүүгийн хувьд бие даан амьдрах боломжтой болсныхоо дараа 21 настайдаа кам-аут (come out) хийхэд айх зүйл байгаагүй. Хамгийн их эмээж байсан хүн бол ээж. Ээж л ойлгочхоор бусад нь яаж хүлээж авах нь сонин биш болчихдог юм билээ. Манай ээж эхэндээ хүнд хүлээж авсан ч яваандаа ойлгосон. Эхнэртэй маань ч сайхан харилцаатай болсон. Бид долоо хоног бүр ээжийнд очиж, хамтдаа хооллож, ууланд гардаг гэр бүлийн уламжлалтай ч болсон.

Манай эхнэрийг Д.Мөнхтуяа гэдэг, эрхзүйч мэргэжилтэй. Бид нэг эвентийн үеэр танилцаад маргаашаас нь болзож эхэлсэн. Тэр өдрөөс хойш холдолгүй байсаар нэг мэдсэн чинь найман жил өнгөрсөн байна. Эхнэр маань намайг маш сайн ойлгодог, халамжтай, хажууд нь байхдаа би үргэлж өөрөөрөө байж чаддаг. Даруухан, үг дуу цөөтэй мөртлөө зарчимч, шударга занд нь анх татагдсан. Хамтын амьдрал эхлүүлсний таван жилийн ойн үеэр Австралийн Засгийн газрын тэтгэлэгт материалаа өгчихсөн байсан юм. Тэнцчихвэл очоод гэрлэлтээ батлуулна гэсэн мөрөөдөлтэй. Тэтгэлгээ ч авсан, хуримаа ч хийсэн. Саяхан бидний хуримын нэг жилийн ой болж өнгөрсөн. Ирээдүйгээ төлөвлөчихсөн болохоор бид хоёрын харилцааг “нэг цаас” өөрчлөхгүй гэж бодсон ч үгүй юм билээ. Гэрлэсний дараа бид хоёрын харилцаа улам дотно болж, нэгэндээ илүү их сэтгэл гаргадаг болсон. Эхнэртээ хослол, өөрсдөдөө бөгж, бугуйвч хайгаад, лүүк бүрдүүлж, цэцгийн баглаагаа бэлдэхэд үнэхээр гоё байсан. Хуримын өдөр үнэхээр догдолсон. Докторантурт сурч байсан найз маань гэрч болж, гурван хүнтэй цомхон ёслол болсон юм. “Ботаникал” цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд хуримаа хийгээд, тэрүүгээр явж хуримын зургаа авхуулсан нь хэзээ ч хуримаа хийхгүй гэж боддог байсан надад үнэхээр сонирхолтой, сайхан дурсамж үлдээж чадсан. Жаргалтай бас гунигтай, олон мэдрэмж давхацсан өдөр болж өнгөрсөн дөө. Хэчнээн жаргалтай байсан ч ээж маань тухайн үед бид хоёрын харилцааг урт хугацааных гэж хүлээн зөвшөөрдөггүй, мөн дэлхий даяар надтай адилхан олон хүн гэрлэхгүй, миний мэдэрснийг мэдэрч чадахгүй байгаа гэхээс гунигласан юм. Манай улсын Үндсэн хуульд гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний дунд гээд заачхаар бидний хувьд хуримаа хийж, батлуулах боломжгүй. Бид хоёр залуу насандаа дурсамж үлдээх, хүүхэдтэй болбол зургаа харуулах зорилгоор гэрлэсэн.  

Эхнэр маань үерхэж эхэлсний нэг жилийн ойгоор надад поларойд камер бэлэглэсэн юм. Би зураг авах хоббитой. Хальсны болон шууд угаагддаг камерт илүү дуртайн дээр дурсамжуудаа декор болгож хардгийг минь анзаарсан бэлэг байсан. Камераа бэлгэнд авснаас хойш бидний бүх тэмдэглэлт өдөр, хөл хорионы дурсамж гээд бүхнийг түүх болгон буулгасан болохоор их нандигнадаг.

Кам-аут хийх үед боловсролтой, ажилтай, орлоготой байсан болохоор стрэйт найзуудаасаа нэг их ялгардаггүй байсан юм. Харин одоо 30 гараад ирэхээр ялгаа гарч байна л даа. Эхнэртэйгээ хоёулаа орлоготой ч гэсэн ипотект хамрагдах, зээл авахад хамтран зээлдэгч болох боломж хомс, хэн нэг нь эрүүл мэндийн эрсдэлд ороход нөгөөх нь хуулийн хүрээнд хөндлөнгийн хүн болж таарах жишээний. Хүүхэдтэй болохыг хамтдаа шийдвэрлэсэн ч зөвхөн нэг нь хүүхдийн төрсний гэрчилгээнд нэрээ үлдээх боломжтой. Энэ мэтчилэн стрэйт хостой харьцуулахад эдэлж чадахгүй эрх ямар их, боломж яасан хязгаарлагдмал юм бэ гэдгээ ойлгож эхэлсэн. Бид хайр сэтгэлээрээ холбогдож, хамтын амьдралаа эхлүүлсэн ч хуулийн хүрээнд ганц бие хүн л “гүйгээд” байна. Гэсэн ч одоо бид мөрөөдлийнхөө төлөө амьдарч байна. Эхнэрээ хэрхэн дэмжиж, яаж сайн ойлгодог болох вэ, ирээдүйд юу хийж, хаашаа аялах вэ гэдэгт анхаардаг болжээ. Утааны үеэр гарчихдаг лагерьтай болох юмсан, хувийн жижигхэн бизнес эрхлэх юмсан гээд бусад хосын адил мөрөөдөлтэй аж төрж байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хүүхэдтэй болоод өдөр бүр аз жаргалыг мэдэрч байна

Хүүхэд байхдаа зуны амралт эхэлмэгц хөдөө яваад хичээл эхлэх үеэр ирдэг байлаа. Ихэвчлэн Өвөрхангайн Хужирт, Хархорин суманд очиж, зусдаг байсан. Аав маань Булган, ээж Говь-Алтайн хүмүүс. Манайх гэр бүлсэг, халуун дулаан уур амьсгалтай айл л даа. Би айлын том хүү, хоёр эрэгтэй дүүтэй. Дунд дүүтэйгээ ойрхон төрсөн учраас найзууд шиг ноцолдож өссөн. Бага нь надаас 12 насаар дүү. Жен зи үе болохоор ойлголцохгүй зүйл гардаг ч аль болох сонсож, ярилцахыг хичээдэг. Гэр бүлийн харилцаанд зааж сургахаас илүү ярилцаж, сонголтоо өөрөө хийх боломжийг олгох нь зөв гэж боддог. Би 15 настайдаа Зориг сангийн тэтгэлэгт тэнцээд Японы ахлах сургуульд сурч, үргэлжлүүлээд их сургуульд орсон. Гурван жилийн дараа Монголдоо ирэхэд гэр бүлээ маш их санаснаа мэдэрсэн. Тэр үед интернэт сайн хөгжөөгүй байсан болохоор утасны карт ашиглаж, таксфоноор гэрийнхэнтэйгээ холбоо барина. Олон улсын дуудлага болохоор карт хурдан дуусдаг учраас ихэвчлэн захидал бичдэг байлаа. Гэр бүлээрээ хамтдаа хуушуур хайрч, бууз чимхэх гэхчлэн хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа хүүхэд насны дурсамжид тод үлджээ.

Би гурван сарын өмнө аав болж, хөөрхөн охинтой болсон. Эхнэрээ төрөхөд хажууд нь байсан л даа. Охин минь төрөөд хорвоод анхны дуугаа хадаахад нь өөрийн эрхгүй сэтгэл хөдлөөд нулимс гардаг юм билээ. Хүүхэдтэй болоод өдөр болгон аз жаргалыг мэдэрч байна. Эхнэрийг маань Б.Пүрэвдулам гэдэг. Эхнэртэйгээ Японд танилцаж, анх инээмсэглэлд нь татагдсан. Төд удалгүй хөл хорионд орж, бараг хоёр жил уулзаж чадаагүй. Тэр хугацаанд онлайнаар байнга холбоотой байж, ковидын дараа болзож эхэлсэн дээ. Би тухайн үед блог бичдэг байсан юм. Эхнэр маань намайг гэж мэдээгүй ч үзэл бодол нийлж, уншдаг байсан юм билээ. Аливаа зүйлийг эерэгээр хардаг, гэгээлэг бүсгүй бий. Үргэлж миний ард бат зогсож, карьерыг маань ч дэмждэг. Улс төрд орох шийдвэр гаргахад эхнэрийн маань санал ихээхэн нөлөөлсөн. Хот төлөвлөлт, нийгмийн төлөө ажиллах нь миний үүрэг гэдгийг итгэлтэйгээр хүлээн зөвшөөрөхөд нөлөөлсөн хүн.

Бид 2023 оны тавдугаар сард гэрлэлтээ батлуулсан. Аав ээж болохоор төлөвлөөд олон улсын хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх аргын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй ном их уншдаг болсон. Аль ч номонд нь эмэгтэй хүний сэтгэл санаа дааврын өөрчлөлтөөс болж савлагаатай байдаг учраас эрчүүд тухайн үед хүлээцтэй, халамжтай байж өнгөрүүлэхийг зөвлөсөн байсан. Сэтгэл зүйн таагүй, тогтворгүй байдлыг би муу зүйл гэж боддоггүй, болох ёстой л зүйл. Тийм болохоор эхнэрээ сонсох нь нөхрийн хийж чадах хамгийн зөв “ажил” юм билээ. Мэдрэмжтэй өрхийн тэргүүн байхыг хичээдэг. Гол нь хүлээцтэй, хүндлэлтэй хандах хэрэгтэй болов уу. Хүнд оюун ухаан, сэтгэл зүйн, бие бялдрын эрүүл мэнд хамгийн чухал. Оюун ухаан, бие бялдрын хувьд зүлгээд л байвал эрүүл байх боломжтой. Харин сэтгэл зүйн эрүүл мэнд үргэлж гадаад орчноос хамаарч, өөрчлөгдөж байдаг болохоор уйлахдаа уйлж, инээхдээ инээж байвал сайн гэж боддог. Харилцан яриа, ойлголцол, гол нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь надад болон гэр бүлд маань ихээхэн чухал. Эхнэр бид хоёр хамтдаа хоол хийх, аялах, амттай хоолтой ресторанд болзох дуртай. Улс орны соёлыг мэдэрч, аялах, тухайн орчинд хамтдаа байх мэдрэмж авах нь манай гэр бүлийн сонирхол. Хамгийн сүүлд Хэнтий аймагт 10 гаруй хоног аялаад, газрын онцлог, соёлыг нь мэдрээд ирсэн. Ганцаараа ирж, буцдаг хорвоо боловч хамтдаа туулдаг амьдрал шүү дээ. Тийм учраас хайртай бүхнийг минь санагдуулдаг, сэтгэлд үргэлж оршин байдгийг мэдрүүлдэг зүйлс хүн бүрт байдаг байх. Миний хувьд хуримын бөгж, аавын өвлүүлж өгсөн хөөрөг, төрөхөд минь надад өгөөрэй гээд эмээгийн үлдээсэн мөнгөн аяга манай гэр бүлийн хамгийн үнэт зүйл.

Ойрд ажлын ачааллаас болоод аажуу харьж, үүрээр гарах тохиолдол их байгаа ч гэр бүлдээ заавал цаг гаргадаг. Гэртээ байх үедээ нялх биетэй эхнэрээ амраах, охиноо усанд оруулах, агаарт гаргах, хоолоо бэлдэхэд цагаа зарцуулж байгаа. Мөн хүүхдийнхээ эрүүл мэндэд их анхаарч байна. Бидний эрүүл байх, эсэх агаарын бохирдолтой нэлээд холбоотой шүү дээ. Утаагүй болгох ажлын чиг үүрэг минь ч бий. УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш үр дүнтэй төсөвлөлт, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, утаа болон түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулахад дулаалгаа сайжруулах нь хамгийн зөв, урт хугацааны шийдэл гэдгийг судалгаагаар тогтоосон. Бид төрөл бүрийн түлш эсвэл зуух хэрэглэхээс илүү байшин, гэрийнхээ салхи сийгдэг, дулаан алддаг хэсгийг стандартын дагуу дулаалснаар утаа ч багасна, санхүүд ч хэмнэлттэй болох юм.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Д.Ухаантэнгис: Миний дүү унтаж байхдаа хөөрхөн харагддаг

Намайг Ухаантэнгис гэдэг. Гэрийнхэн маань Ухаанаа гэж дууддаг. Би дөрөвдүгээр ангид сурдаг. Манайх ам бүл зургуулаа. Аавыг Дэлгэрдалай, ээжийг маань Одонтуяа гэдэг. Би ах, эгчтэй. Бас эрэгтэй дүүтэй. Миний эгчийг Азжаргал гэдэг, том болоод тусдаа гарсан. Миний ахыг Оргилуунтэнгис, дүүг маань Уудамтэнгис гэдэг. Ах маань 11 настай, дүү 6 настай. Аав ээж маань хичээл удаан давтуулахаар бага зэрэг залхуу хүрдэг. Бид гурав хичээлээ хийгээд, зав гарвал орой 5-6 цагийн үед хамт тоглодог. Ээжийнхээ авч өгсөн minecraft-аар тоглох дуртай. Дүүтэйгээ бамбаруушаар тоглодог. Манай дүү машинаа эвдэлчихдэг болохоор бамбаруушаараа тоглодог юм. Миний анхны шинэ жилээр аав маань энэ бамбаруушийг бэлэглэж байсан. Бамбаруушиндаа би хайртай. 

Манайх гэр бүлээрээ 9 цагт унтаад өглөө 7:30 цагт босдог. Миний өвлийн амралт энэ сард эхэлж байгаа. Амралт эхлэхээр эгч маань төрсөн өдрийн бэлэг болгож нэг гоё газар луу авч явна гэсэн. Сюрприз барина гэсэн. Хүлээгээд л байгаа. Би гэр бүлээрээ хамт хүүхэлдэйн кино үзэх дуртай. Бас зуны амралтаар манайх зусландаа гардаг. Зусланд очихоороо бид нар дугуй унадаг, элсэн дээр тоглодог, хөөцөлддөг. Өдөржин гадаа тоглодог болохоор гоё байдаг. Би аав ээжийгээ хоол хийхэд нь ногоо арилгаж, угааж өгч тус болдог. Ах бид хоёр гэрээ ээлжилж цэвэрлэдэг. Ах шал арчвал би тоосоо соруулна. Би шалаа угаавал ах маань хивсээ соруулж, арчдаг. Дүү болохоор бид хоёрт тусалдаг. Гэр бүлээрээ хамтдаа байх хамгийн гоё. Миний дүү унтаж байхдаа хөөрхөн харагддаг. Тэгээд би дүүгээ үнсдэг. Би дүүгээ унтаж байхад нь хөнжлөөр хучиж өгдөг. Үүнийгээ би хайр гэж боддог.

Агрономич, “Эвт бархас” ХХК-ийн захирал  Ж.Ганчулуун: Эхнэрээ алдах үед хүүхдүүд нялх байсан учраас надад өвдөх, өтлөх эрх байгаагүй

Ханиа үүрд алдана гэдэг хүний амьдралын хамгийн хэцүү хагацал байдаг юм билээ. Миний хань надад дөрвөн сайхан хүүхэд үлдээгээд явсан. Хүүхдүүд маань байгаагүй бол хагацлын гашуун зовлонгоос салах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй л байсан болов уу. Ээжийгээ бурхан болоход хүүхдүүд маань нялхаараа байж дээ. Бага нь ой гаруйтай, том нь 10 гаруй настай үлдсэн. Ханиа алдсанаас хойш өдийг хүртэл зөндөө л хүнд хэцүүг туулж өнгөрүүллээ. Зорилго, тэвчээр, үүрэг хариуцлага байгаа болохоор тэр бүгдийг умартаад таван жилийг ардаа орхисон байна. Одоо том нь МУИС-ийн Улс төр судлалын дөрөвдүгээр курсийн оюутан. Удаах хүү маань эгчээсээ есөн насаар дүү, нийслэлийн ЕБС-ийн долоодугаар ангийн сурагч. Бага хоёр охин маань дөрөв, хоёрдугаар ангийн сурагч.

Хань Б.Ганжаргалыгаа би нийгэмд аймшигт тахал болсон хорт хавдраас болж алдсан. Гадаадад эмчлүүлж байсан хэдий ч ковид гарч, хил ч хаагдсан. Энд эмчлэх боломжгүй учраас удалгүй бурхан болсон доо, хөөрхий минь. Ханийн минь өвчиндөө шаналж байсан тэр агшин надад хамгийн хэцүү үе байсан. Хайртай хүнийхээ шаналж байгааг нь харах, би оронд нь өвдчихгүй яав даа гэсэн харууслыг зүйрлэж хэлэх үг ч олдохгүй. Хүн гэдэг чинь хөөрхийлөлтэй юм билээ. Орой болохоор л хань ижилээ үгүйлээд л эхэлнэ. Унтаж чадахгүй, гарч хэсэг сууна. Татдаггүй хүн чинь тамхи татна, ганц хоёр пиво ууна. Эхний хоёр сар яг ийм байдалтай өнгөрсөн. Тэгээд нэг л өдөр болихоор шийдсэн. Ер нь надад зөвлөх хүн байхгүй, хүүхдүүд дэндүү балчир учраас хориглох хэн ч байгаагүй. Даамжирвал би хэн ч биш болох юм байна, дөрвөн хүүхдийнхээ ард бат зогсох ёстой хүн ингэж болохгүй гээд шууд больсон. Эхнэрээ алдах үедээ би 50 нас дөхчихсөн хүүхдүүд минь нялхаараа байсан учраас надад өвдөх, өтлөх эрх байгаагүй юм. Сургууль, цэцэрлэгээс нь зөөхөд өвөө шиг нь харагдахвий гэсэн болгоомжлол анх үүссэн. Ингээд би эрүүл, хүчтэй байхын тулд фитнесээр хичээллэж эхэлсэн. Өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэндэд эмэгтэй хүнээс дутахааргүй анхаарах ёстойгоо ойлгосон. Одоо 50 нас гарсан ч спортын гавьяагаар залуухан харагддаг юм шиг байна. Хүмүүс ч их урамшуулах юм. Нөгөө талаас, би гурвын гурван охинтой хүн. Нийгэм ямар хэцүү байгаа билээ. Охидоо бусдаас өмөөрч, хамгаалах ганц хүн нь би шүү дээ. Тийм болохоор 10 жилийн дараа ч 40 настай хүн шиг чийрэг, нүдэндээ галтай, сэтгэлдээ дөлтэй байхыг хичээж, фитнесээр хичээллэж байна даа.

Өмнө нь би шивээстэй хүмүүсийг ойлгодоггүй байсан юм. Ямар нь ингээд арьсаа цоолоод шивээс хийлгэдэг юм бол гэж гайхдаг байсан хүн одоо эсрэгээрээ болсон. Эхнэрээ санаж, үгүйлж байхдаа би түүнийгээ гээчихгүй хайрлаж, нандигнах зүйл юу байх боломжтойг нэлээд удаан бодсон. Эцэст нь, надтай дуусах ганц зүйл шивээс гэж бодоод эхнэрийнхээ нэрийг анх шивүүлсэн дээ. Шивээсчин Жак гэж залуу эхнэрийн нэрний доор бадамлянхуа цэцэг, дээр нь эр хүний тарни шивж, аравнайлж өгсөн түүхтэй. Үүний дараа би нуруу, далан дээрээ “Family of strong” гэж шивүүлж, гэр бүлээ мөнхөлсөн.

Хүүхдүүд маань одоо овоо л боллоо. Гаднаас орохоор толгойн дээрээ гараараа зүрх үүсгээд барьчихсан угтана. Заримдаа оройтоод харихаар орон дээр гоё захиа бичээд үлдээчихсэн байдаг. “Ааваа хайртай шүү. Та минь сайхан амраарай. Маргааш гоё цоглог байгаарай” гэдэг ч юмуу, урмын үгтэй захиа их бичнэ. Хүүхэд томрох тусмаа хайртайгаа хэлэхээ больчихдог юм байна. Ууган охин минь ээжийгээ алдсанаас хойш гурван дүүгээ ёстой л ээж нь мэт өсгөлцлөө. “Миний хайрууд, миний зулзагууд” гээд л дүү нараа хайрлаж, ээжийнхээ орон зайг нөхөж өдийг хүрлээ. Хүүхдүүдийн нүдний гал бөхөөгүй, дүүрэн сэтгэлтэй байгаа нь том охины минь гавьяа гэж би боддог. Ээжээсээ 10 гаруйхан насандаа өнчрөөд хүүхэд насаа хүүхэд шиг жаргалтай өнгөрүүлж чадсангүй гэж бодохоор охиноо их өрөвдөнө, их ч хайрладаг юм.

Одоо надад хүүхдүүддээ дурсамж үлдээх хамгийн чухал санагддаг болсон. Төд удалгүй үүрнээсээ нисээд, шувууд шиг л яваад өгнө шүү дээ. Тийм болохоор дунд ангийн хүүгээ хүртэл байнга сургуульд нь хүргэж өгч, авна. Секц, дугуйлангаас нь зөөнө. Хүүхдүүдтэйгээ ууланд алхдаг, дугуйн аялал хийдэг, цасанд гулгадаг. Тэр хором мөчөө бичлэг болгож, стори болгож хүмүүстэй хуваалцах дуртай. Аав минь бид нартай агаарт гарч, ядартлаа алхаж билээ. Жимс түүж, дугуйгаар аялж билээ гэж дурсагдахын төлөө л би явж байна. Би өдөрт ихэнхдээ 3-4 цаг унтаж байж л энэ бүхнийг амжуулдаг. Надад зурагт хараад бүтэн кино үзээд хэвтэх цаг гардаггүй. Би ганц “Ийгл” телевизийн мэдээг үзэж л улс эх орон болоод дэлхий дахинд юу болж байгаа талаар мэдээлэл авчихдаг. Машиндаа фм, радио сонсчихно. Гэлээ гээд би энэ амьдралдаа ялархдаггүй. Бага цаг унтлаа гээд ядраад, цөхрөөд унадаггүй. Ер нь хүн сэтгэлийн л амьтан юм билээ. Эрүүл саруул, завгүй байна гэдэг бол хамгийн их аз жаргал гэдгийг л би олж харсан.

МУИС-ийн Эдийн засаг, сэтгүүл зүйн тэнхимийн хос хөтөлбөрийн оюутан Т.Номинзул: Туяабазарын Номинзул гээд аавынхаа нэрийг сайнаар дуудуулахад хамгийн гоё

Манайх Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байдаг. Дөрвөн охинтой айлын гурав дахь нь би. Аав ээж ажил ихтэй, завгүй байсан болохоор том эгчийнхээ заавраар хүмүүжиж өссөн. Аав маань ойн цагдаа учраас манайх олон газарт амьдарч байсан. Одоо аав ээж хоёр малчин. Хөдөө амьдарч байгаа. Манай зусланд ямар ч сүлжээгүй байдаг болохоор очиход хотын бүх стресс арилж, орчлонгоос тасарсан юм шиг л болдог.

Хүн ер нь хоёр тохиолдолд гэр бүлээ их санадаг байх. Нэгдүгээрт, аливаа хүнд хэцүү асуудалтай тулгарахад эсвэл алдаа дутагдал гаргасан үедээ хамгийн түрүүнд гэр бүлээ л боддог. Хамгийн сайн ойлгох нь гэр бүл шүү дээ. Ээждээ хэлбэл болчих ч юм шиг, ээж шийдээд өгчих ч юм шиг санагддаг. Хоёрдугаарт, амжилт гаргаад, тэмцээн уралдаанд түрүүлэхэд бас л хамгийн эхэнд гэр бүлтэйгээ баяраа хуваалцмаар санагддаг. Туяабазарын Номинзул гээд аавынхаа нэрийг сайнаар дуудуулна гэдэг хамгийн гоё. Ээж маань энэ дээлийг төрсөн өдрийн бэлэг болгож хоёр жилийн өмнө урлаж өгсөн. Баяр ёслол, хурал зөвлөгөөний үеэр дээлээрээ гангарах дуртай. Гэр бүлийнхээ тухай ярих гээд бас л дээлээрээ гоёод ирлээ.

Би есдүгээр ангиасаа цагийн ажил хийж эхэлсэн. Оюутан болоод гэртээ харих нь бүр багассан. Зуны амралтаараа сургалтын төвд багшилдаг байсан юм л даа. Намайг ЭЕШ-д бэлдэж байсан Буяннэмэх багш маань санал тавьснаар сурч байсан сургалтын төвдөө нийгэм, математикийн багшаар ажилласан. Багштайгаа сургалтын хөтөлбөр боловсруулахаас эхлээд онлайнаар ч хичээл зааж үзсэн. Олон сургалтын төвд багшлах явцдаа туршлага хуримтлуулж, их зүйл сурсан. Ажил хийгээд цалингаараа сургалтын төлбөрөө төлж, гэрийнхэндээ бэлэг авахад сайхан санагддаг. Харин намар “Novo Mind Academy” сургалтын төвөө нээгээд хувийн бизнес эрхэлж үзтэл шантрах, ядрах үе их гарсан. Яг тэгэхэд л дулаахан гэрээ, ээжийнхээ гарын хоолыг их санасан. Гэртээ ороход зуухан дээр халуунаараа байж л байдаг данхтай цай, дулаахан гэрийн минь дүр зураглал нүдэнд харагдаад л байдаг юм билээ. Гэхдээ найзууд, МУИС-д хамт суралцдаг оюутнуудын тус, дэмээр сургалтын төвийн үйл ажиллагаа амжилттай байгаа.

Багаасаа л өнөр өтгөн айлд өссөн болохоор олон хүүхэдтэй болъё гэж боддог. Манай ээж, том эгч хоёулаа алдарт эх. Дээд талын эгч маань хоёр охинтой, удахгүй хүүтэй болно гэж яриад л байгаа. Би ч гэсэн ээж, эгч нар шигээ сайн ээж болохыг хүсдэг. Том хүргэн ах минь их сайн хүн. Таван хүүхдийнхээ хажуугаар эхнэрийнхээ гурван дүүд яг л аав шиг нь хандаж, хамт байсан болохоор ойрхон өссөн. Тийм болохоор хүргэн ах шигээ дөлгөөхөн, амьдралын төлөө хүсэл эрмэлзэлтэй хүнтэй сууж, сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан: Миний гэр бүл амин шүтээн минь юм

Би багадаа анчин, малчин болно гэж л боддог байлаа. Сайхан цагаан эсгийгээр гоё гэр бариад, хөгшин ээжтэйгээ мөнхөд хамтдаа амьдарна гэж л бодож байсан. Сургуульд ороод сайн охиндоо “Чи миний самган болох уу. Өвгөн, самган болъё хоёулаа” гэж тоглоно. Самган гэдэг чинь баруун монголоор авгай гэсэн үг шүү дээ. Жаахан том болоод л авгай авч, тусдаа гардгийг ойлгож байгаа юм.

Миний анхны хань С.Норжмаа зэгзгэр, шөвгөр бор царайтай хөөрхөн охин байсан. Ёстой өөлчихсөн, “шоотогдчихсон” юм шиг цэмбийсэн охин байлаа. Түүнийг бүх сургуулиараа сайн үзнэ. Бүтэн өнчин охин юм. Ээж нь Норжмааг гучин долооны жил дээрээ төрүүлээд нас барж, аав нь 41 настайдаа өөд болоход нагац ахындаа толгой хоргодож байж. Тэднийх олон хүүхэдтэй, авгай нь их ширүүн дориун хүн байжээ. Сургуульд орохдоо хөл нүцгэн, урт цамцтай орсон гэж байгаа юм. Захирал нь харчхаад хүн дуудаж, угааж цэвэрлэ гэж даалгасан гэдэг. Үс нь даахирчихсан алмас шиг юм яваа биз, зайлуул. Тэгээд өнөөх хүн дотуур байрны модон онгоцонд чин сэтгэлээсээ угааж, цэвэрлэж өгсөн байгаа юм. Норжмаа “Миний үсийг арай гэж самнасан. Даахирсан үс туг тугаараа унаад л байсан. Самнаж дууссаныхаа дараа тэр хүн намайг ёстой хөөрхөн охин байна шүү дээ. Чамайг ёстой цэвэрлэж, хальсалж авлаа” гэсэн гэдэгсэн. Өнчин хүүхдүүдэд сургуулиас өвөл, зуны иж бүрэн хувцас өгч, хувцасладаг байсан үе. Тэгж Норжмаа минь дээл бүстэй, хар “бажинк” буюу 38-ын гуталтай, өмд цамцтай болжээ. Цэвэрхний хувьд манай хүний өмнө хэн ч гишгэхгүй. Сүүлдээ улс төрийн товчооны ахлах тогооч болсон. Өнөө Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхтэй шууд харилцдаг хүн нь болсон юм шүү дээ. Арван долоон даргатай. Тэднийхээ хоолыг хийдэг, хагас бүтнээр товчооны байранд авгай хүүхдүүдийг нь цуг хооллоно. “Цэдэнбал, Батмөнх дарга аль аль нь сайн хүмүүс. Товчооны гишүүд бүгд сайхан зантай. Харин авгай нар нь янз бүрийн ааштай. Хүүхдүүд нь гэж ёстой дургүй хүрмээр, бариад алгадчихмаар юмнууд байдаг юм” гэж ярьдагсан. Ажлаа хийсэн шиг хийдэг тогооч байсан болохоор дэвшин дэвшсээр дээд газар ажилласан нь тэр. Норжмаагийн минь түүх их сонин. Сосорбарам гэж хошууч Даянгийн заставт ажиллаж байхад нь өнчин, хөөрхөн охин яваад байдаг байж. Эхнэртэйгээ ярилцаж байгаад гэртээ авчраад дасган дасгасаар хүүхдээ болгоод, өргөж авсан гэдэг. Учир байж л дээ. Тэднийх Тунгалаг гэж ганц охиноо гурван настайд нь алдсан юм гэнэ. Тэгэхэд Сосорбарам гуай ордны комендатурын дарга байжээ. Охиноо алдаад Улаанбаатарт байж чадахгүй хөдөө явж ажиллахдаа Норжмаатай ийн тааралдаж, өргөж авсныхаа дараахан дахин охинтой болсон юм. Норжмаад минь их сайн. “Зовлонд шаналсан хоёр хүн дээр энэ муу охин ирснээр асар хурдан дөрвүүлээ болж, сайхан айл болсон” гэж ярьдаг байж билээ. Дүү нь С.Хэнчбиш гэж дотрын мундаг эмч болсон. Одоо ч манайхаар зочилдог.

Миний садангийн ахмад Халтар гэдэг айлын авгай Дамиа гэж сайхан зантай эмгэн байсан. Тэднийд очхоороо хар цай, бор боорцгийг дотуур байрны хүүхдүүд юм үзээгүй юм шиг л идэж гарна шүү дээ. Норжмаа ч тэднийхээр очдог байж. Би Халтар гуайнхаар орж, гарч явахдаа таньдаг болж, дараа нь Дамиа гуайгаас хошуучийн охин болсон гэж дуулсан. Долоодугаар ангиа төгсөхөд сургуулиас нь хурдан хоолонд нь хүргэе гэж бодсон уу Худалдааны техникумын тогоочийн ангид хуваарилсан гэдэг. Би Германд эхний жил хэлний бэлтгэлээ дуусгаад зуны амралтаараа нутагтаа ирлээ. Гадаадаас ирсэн оюутан гээд нутгийнхан хүндлээд сүйд. Нэг өглөө алчуураа мөрөн дээрээ тохоод л сүрхий ганган амьтан нүүр гар, толгой хүзүүгээ угаахаар Ховд гол руу очтол өнөө охин ус аваад явж байна. Техникумд хуваарилагдчихсан, арваад хоноод хот руу явна гэнэ. Би тэгэхэд нь томорлоо “Сайн байна. Хотод түмэн янзын хүмүүс бий. Аюултай шүү. Чамайг хотын залуус элэг барихвий. Тэдэнд огт царай өгч болохгүй” гээд ном айлдаж гарлаа. Дараа нь учиртай үг хэлсэн. “Би одоо Германд таван жил сурна. Төгсөөд ирэхэд чи жирэмслээгүй, нөхөртэй болоогүй байвал би чамайг авна. Хоёулаа гэрлэнэ” гээд шууд л хэлсэн. Сонсоод их ичиж байна. Тэгээд би хувинтай усыг нь өргөөд гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгэхэд хөдөөний охид бүгд намайг сонирхож, найзлах гэж их үзсэн. Би тэднийг тоолгүй явж байтал тэр муу охин цэвэр цэмцгэр гэдэг нь хуучнаараа, богинодсон тэрлэг нь бүр хөөрхөн эгдүүтэй харагдаад тэрхэн хооронд суумаар санагдаад үгээ хэлсэн нь тэр. Дараа нь Германд очоод Худалдааны техникумын нийтийн хоолны ангид орсон Норжмаад гэж хаягийг нь таагаад “Чи бид хоёрын тохиролцсон юм миний хувьд хүчинтэй шүү. Үүнийг бүү мартаарай” гээд зураг хөргөө хийж, захиа илгээтэл эзэндээ хүрсэн байна лээ. Тэгж захидлаар харилцсаар байгаад Монголдоо ирээд 1968 онд нийлсэн түүхтэй. Би ханьтайгаа 43 жил хамт амьдарч, гурван хүү, нэг охинтой болсон. Одоо арав гаруй ач гучтай болж, өнөр өтгөн айл болсон.

Би 2011 онд авгайгаа хорт хавдраар алдаад бэлэвсэрсэн. Эхлээд тархины хоргүй хавдрыг нь Германы сайн эмнэлэгт эмчлүүллээ. Толгой нь үргэлж өвддөг, тархины даралттай гээд эм уугаад яваад байсан чинь хоргүй хавдар байсан юм билээ. Хавдраа авхуулаад хэдэн сар өвдөж, зоволгүй сайхан амьдарсан. Тэгээд бие нь гэнэт муудаад эмнэлэгт очтол бүдүүн гэдэсний хорт хавдартай байж таарлаа. Хугацаа алдалгүй хавдрыг нь тайруулсан ч нэмэр болоогүй. Их удсан даа хөөрхий, жил шахам болсон. Би эхэндээ авраач гэж залбирдаг байсан бол сүүлдээ зовлонгоос нь салгаж өгөөч гэж сүү өргөдөг болсон. Хөдөө гадаа ажлаар явахаар бие нь муудахтай зэрэгцээд ирэхээр намайг хараад л тэсээд үлдчихнэ. Тэгээд би хэдэн шөнө нойргүй хонож, удаан бодсон. Миний Герман явж хийдэг хавар, намрын уулзалт ч дөхчихсөн байв. Тэгээд би “За миний өвгөн сайн сонсож бай. Чи одоо маш их зовж байна, чамайг харах хэцүү байна. Цаг нь болоход бүгд үхнэ. Далай лам ч, сайд дарга нар ч үхнэ. Үхсэн хүний цаг зогсчихдог юм. Тэнд цаг гэж байдаггүй. Чи яваад хэдэн ч жил, хэдэн ч хоног болсон би араас чинь яваад л очно. Хоёулаа тэнгэрийн оронд уулзъя. Би одоо чамайг орхиод Герман руу явлаа шүү” гэсэн чинь юу ч дуугараагүй. Нүдэнд нь нулимс цийлэгнээд орондоо хэд айхтар хүчтэй хөдлөөд тэгээд л дуугүй болсон. Би тэгэхэд онгоцныхоо тасалбараа хоёр талдаа захиалсан юм. Лав сар болохгүй гэдгийг нь би мэдэж байсан. Намайг яваад долоо хоноход өнгөрсөн дөө, хөөрхий. Би шууд буцаад ирсэн. Улаанбаатарын буяны газар ердөө хоёр цаг 30 минут болоод шарилых нь халуун чандрыг гаргаад ирдэг юм байна. Тэгээд би гэрийнхээ ард, хашаан доторх нарс модныхоо доор хийж, оршуулсан. Үр хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нутгийн олондоо “Манай Норжмаа мод болсон. Миний ханийн нарс сайхан ургаж байгаа. Амар амгалангийн ертөнцөд тэр минь сайн явж байна” гээд яриад суухад сэтгэл тайвширч, элэг минь дэвтдэг юм даа.

Бэлэвсрэл гэдгийн хэцүүг би үзсэн. Арван жил ганцаараа явлаа. Хүүхдүүд өглөө бүр хоол унд бэлдээд тавьчихна, том хүүгийнх хамт өвөлжиж, намайг сайхан л арчилж, тойлж байсан. Нас сүүдэр 70 гараад нэг өдөр би бодлоо. Одоохондоо эрүүл саруул байгаа ч нэгэн цагт өвдөж л таарна, хөгширнө, ядарна. Ер нь ханьтай болъё гэж шийдлээ. Монголд санаанд таарах хүн байдаггүй. Гэтэл энэ муу миний авгай Сабинетай танилцаад бараг 30 жил болсон байж. Сабине Германыхаа Багшийн дээдийн сургууль төгссөн сурган хүмүүжүүлэх ухааны хүн. Мэргэжлээрээ бараг ажиллаагүй, сонирхлоороо бариа засалч хийдэг байлаа. Японы шиа-цү гэж цэгэн барианы урлаг байдаг юм байна. Хувцас тайлахгүйгээр цэгээр хатгаад барьчихдаг. Хурдан ч үйлчилгээтэй юм. Надад анх тэр цэгэн бариаг хийж өгч танилцаж байсан. Ядарч явсныг ч хэлэх үү, бариа хийлгээд дорхноо бие хөнгөрөөд сайхан болчихсон. Тэгээд би гарын шидтэй, буянтай “амьтан” юм гэж бодож билээ. Залуу бүсгүйчүүд надад талтай л байсан. Гэхдээ “Тэнэг муу банди нарын дэргэд тэнхэлтэй хөгшин дээр” гэж үг бий. Сабине Монголд аялах дуртай, амралтаа аваад л энд ирдэг байж. Энэ оронтой л заяагаа холбоно гээд нэг юм хатгаад байж л дээ. Монголоос, Галсангаас битгий сал гэсэн юм байгаа биз. Хөвсгөлд групп аяллаар явж байхдаа ярьж байна. Хорин жилийн өмнө нөхрөөсөө салаад дахин хүнтэй нийлж байгаагүй, гурван хүү нь бүгд тусдаа гарчихсан гэнэ. Тэгээд Сабине монгол хүний ганцаардлаас илүү герман хүний ганцаардал ямар байдаг тухай ярьсан. Би сонсож суугаад “Надад дутаж байгаа юм алга. Өлсөхгүй, даарахгүй, хүнээс мөнгө гуйхгүй өөрийгөө болгоод явдаг. Төр засгаас тэтгэвэр олгоно. Нэртэй, төртэй гээд мөнгө нэмж өгнө. Сайхан амьдарч байна. Даанч надад хүний бараа дутаж байна” гээд “Чи миний самган болох уу?” гэж багынхаа хэлдгээр асуутал хөхрөөд уначихлаа. “Бусад германчуудын хажууд бүү ийм юм хэл. Германд ингэж хэлвэл шоолуулна шүү” гэнэ. Учир нь, тэд нар хөгширөхөөс их айдаг юм. Би “Тэгээд юу гэж хэлэх юм” гэтэл “Чи надад сэтгэлтэй юү. Хоёулаа хайрын сэтгэлээр гэрлэх үү” гэж хэлэх ёстой юм гэнэ. Шоглосон, үнэн хоёрын хооронд өнөөх асуултаа тавихад Сабине минь “Чи намайг тоовол би дуртай байлгүй яах вэ. Би чамайг дотроо хайрладаг, үнэлдэг юм. Зохиолыг чинь бүгдийг уншсан. Заримыг нь хуудас хуудсаар цээжилчихсэн. Зохиол яах вэ, хүний хувьд шударга, хар буруу санадаггүй эгэл юм гэж боддог” гэнэ. Ингэж бид суухаар боллоо. Биднийг нийлэхэд Монголын тал маш халуун дотно хүлээж авсан. Манай гэрлэх ёслолын газар хурдан шуурхай гэрлэлтийг минь бүртгэсэн. За Германы талын хүнд суртал уу, аюултай. Түмэн зүйлийн юм шаардаад амар заяа үзүүлэхгүй. Бараг гурван жил хөөцөлдөж байж бүтээсэн.

Би хаана ч явсан энэ шавыдаа (бөөгийн шавхуурдах хэрэгсэл) биедээ авч, нандигнадаг юм. Гэр бүл болон бусдад тусламж хэрэгтэй үед ашигладаг эд.  

Би Норжмаа, Сабине хоёроо хэн хэнийг нь ханийн сэтгэлээр л боддог юм. Сабине минь Норжмаад ямар хүндэтгэлтэй ханддаг гэж санана. Хүн аюул аминд тулсан цагт, алдар гавьяа байгуулсан цагтаа хамгийн эхэнд гэр бүлээ л боддог юм шүү дээ. Миний гэр бүл бол амин шүтээн минь юм. Би насан эцэслэвэл Норжмаагийнхаа хажууд нарс болон ургана, Сабине минь миний дэргэд гацуур болон ургах ерөөлтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна