UBLife Logo
Спорт

Оюутны ёкозүна Т.Бөхчулуун макүшитагаас барилдана

Оюутны ёкозүна Т.Бөхчулуун макүшитагаас барилдана

Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна Т.Бөхчулуун 11 дүгээр сарын 4-нд Фүкүокад шинэ бөхийн шалгалтад орох болжээ. Тэрээр Касүгано дэвжээнд элссэн бөгөөд оюутны ёкозүна тул макүшита зиндааны 10-аас эхлэн барилдана. Т.Бөхчулуун нь Миторюү Б.Төрболд, Оошёоүма П.Дэлгэрбаяр, Оонокацү Б.Чойжилсүрэн нарын дараа Монголоос төрсөн дөрөв дэх оюутны ёкозүна болсон юм. Тус дэвжээний ояката нь сэкивакэ асан Точиновака. Хамгийн том цолтой бөх нь жюүрёогийн тав дахь бөх Точитайкай.

Т.Бөхчулуун 2018 онд Японд ирж, Кашива ахлах сургуулийн чөлөөт бөхийн ангид элссэн. Японы ахлах сургуулиудын чөлөөт бөхийн тэмцээний  92 кг жинд түрүүлж байсан. “Ниппон” спортын шинжлэх ухааны их сургуульд сүмо барилдаж, 2024 оны Бүх Японы оюутны аварга шалгаруулах сонирхогчдын сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, оюутны ёкозүна болсон. Сонирхогчдын сүмо бөхийн 3 том тэмцээний аварга. Түрүүлснийхээ дараа “Оошёоүма П.Дэлгэрбаяр гэсэн хүндэлж явдаг нэг сургуулийн ах нар маань мэргэжилд амжилттай барилдаж байна. Би ч гэсэн мэргэжлийн сүмод орж, ёкозүна болох хүсэлтэй” гэж ярьж байлаа. Тэрээр их сургуулиа төгсөөд Касүгано дэвжээнд орсон. Туршилтын хугацаа дуусаж, шинэ бөхийн шалгалтдаа ороод визээ өөрчилж, ирэх оны нэгдүгээр сараас барилдаж эхлэх юм. Сүүлийн 6 жил дараалан оюутны ёкозүна мэргэжилд орж байна. Тэд бүгд дээд зиндаанд барилдаж байгаа билээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.