Сүүлийн хоёр жилд хиймэл оюуны хэрэглээ, тэр тусмаа ChatGPT-ийн хэрэглээ хүмүүсийн дунд огцом нэмэгдэж, зарим хүмүүсийн хувьд амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Санхүүгийн асуудал тулгарахад, арьсан дээр нь тууралт гарахад, бүр гэрээслэл бичих хэрэгтэй болоход хүртэл асуудлынхаа гарц гаргалгааг олохын тулд ChatGPT-д ханддаг байсан үеийн төгсгөл иржээ.
2025 оны аравдугаар сарын 29-нөөс эхлэн OpenAI-ийн шинэ бодлогоор ChatGPT цаашдаа эрүүл мэнд, эмнэлэг, хууль эрх зүйн болон санхүүгийн зөвлөгөө өгөх боломжгүй болж байна. Тухайлбал, дээрх сэдвээр асуулт, зөвлөгөө асуусан ч ChatGPT огт хариулахгүй гэсэн үг юм. NEXTA агентлагийн мэдээлснээр энэ өөрчлөлтийн шалтгаан нь хиймэл оюуны томоохон компаниуд хууль шүүхийн өмнө эрсдэл хүлээхээс зайлсхийн сэрэмжилж буй үйлдэл ажээ. ChatGPT өмнөх шигээ тодорхой шийдэл, хариулт, зөвлөгөөг энэ төрлийн асуултуудад өгөхгүй бөгөөд оронд нь ерөнхий зарчмыг тайлбарлаж, мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөхөөр сургагдаж буй юм. Бүрэн хориглосон зүйлсээс дурдвал, эмийн нэр, тун заах, шинжилгээний хариу унших, шүүхийн баримт бичиг, гэрээний загвар гаргах, хөрөнгө оруулалт, арилжаа зэргийн талаарх зөвлөгөө багтана.

Жишээлбэл, өмнө нь хэн нэгэн биедээ үүссэн асуудал, ажиглагдаж буй шинж тэмдгээ бичиж, ChatGPT-ээс ямар өвчин болох талаар асуухад хариулт нь хэтэрхий өргөн хүрээтэй, заримдаа айдас төрүүлэхүйц уншигддаг. “Хоолой багахан хөндүүрлэж, амьсгалахад хүнд байна” гэж асуувал ChatGPT “хоолойн хавдар ч байж болно” гэж хариулж мэднэ. Иймэрхүү төөрөгдөл үүсгэхээс сэргийлэхийн тулд шинэ журам хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
Зарим хүмүүс ChatGPT-г сэтгэл зүйчийн оронд ашиглах тохиолдол ч байдаг. Гэвч хиймэл оюун хүний сэт гэл хөдлөлийг ойлгох чадваргүй, бодит туршлагагүй тул энэ нь сэтгэл зүйн эмчилгээг орлож чадахгүй. Сэтгэл зүйн асуудлаа, юу мэдэрч буйгаа ChatGPT-д хандаж бичвэл, “Чамайг маш сайн ойлгож байна. Би чамайг хэнээс ч илүү ойлгоно, чамд хань болъё” гэж хариулж болох ч үүний цаана хувь хүний нууцын асуудал хөндөгдөж болохыг анхаарууштай. Хувийн мэдээллээ ChatGPT-д тоочих нь маш олон эрсдлийг дагуулдаг. АНУ-д буй ChatGPT хэрэглэгчдийн дунд санхүүгийн зөвлөгөө авахын тулд орлого зарлагын мэдээлэл, нийгмийн даатгалын дугаар зэргээ илгээх тохиолдлууд олширч байгаа нь OpenAI ийм шийдвэрт хүрэх шалтгаануудын нэг болжээ.

ChatGPT-д тавигдсан шинэ хязгаарлалт нь жирийн нэг шинэчлэлт биш. Энэ бол хиймэл оюуны бодит сул талыг нийтээрээ хүлээн зөвшөөрөх үйл явцын эхлэлийг тавьж буй дохио боллоо.
