Тасралтгүй өргөжиж буй хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөнд ‘’Google’’ компани хүч түрэн орж ирлээ. Үүнийг салбарын хамгийн том тоглогчид ч анхааралдаа авч эхэлжээ.
‘’Nvidia’’ компани өнгөрсөн долоо хоногт албан ёсны X хуудсандаа “Google-ийн хиймэл оюуны салбарт гаргаж буй томоохон ахиц, амжилтад бид баяртай байна” гэж нийтлэжээ. Харин OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн мөн адил X дээр “Google-ийн Gemini 3 загварт баяр хүргэе. Үнэхээр гайхалтай загвар болжээ” гэж бичсэн байна. Эдгээр мэдэгдлээс гадна ‘’Google’’-ийн шинэхэн Gemini 3 хиймэл оюуны загвар болон тэдний өөрсдийн бүтээсэн чипүүдийн тухай магтаал ч газар авч байна.
Үүнтэй зэрэгцэн “Meta’’ компани ‘’Google’’-ээс Tensor чип худалдаж авах талаар хэлэлцэж байгаа тухай технологийн ‘’The Information’’ сэтгүүл мэдээлсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлд ч томруун нөлөөлжээ. Өнгөрсөн долоо хоногт ‘’Google’’-ийн хувьцаа найман хувьд хүрч өссөн бол “Nvidia’’ компанийн хувьцаа хоёр орчим хувиар буурсан байна. Хоёр компанийн хөгжүүлдэг хиймэл оюуны чипүүд үндсэн зарчмаараа өөр тул нэгнийгээ орлох эсвэл илүүрхэх гэсэн зүйл байхгүй ч салбарын шинжээчид ирээдүйд тэдний хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгааг онцлосоор байгаа юм.

ChatGPT-ээс гадна өнөөдрийн байдлаар ‘’Google’’-ийн Gemini нь дэлхий даяар хамгийн олон хэрэглэгчтэй хиймэл оюуны чатбот бөгөөд ‘’Google’’ бол hyperscaler буюу үүлэн тооцооллын асар том хүчин чадлыг бусад компаниудад түрээслэх хэмжээний технологийн аваргуудын нэг гэдгээрээ илт давуу талтай. ‘’Google’’-ийн хайлтын систем, орчуулга зэрэг нь 2000-аад оны үед анх хөгжиж эхэлсэн цагаасаа л хиймэл оюуны элементүүдийг ашиглаж ирсэн. Одоогийн байдлаар ChatGPT-г долоо хоногт 800 сая хэрэглэгч идэвхтэй ашигладаг бол “Google”-ийн Gemini-г сар бүр 650 сая хэрэглэгч идэвхтэй ашигладаг.
Харин 11 сарын 18-нд танилцуулсан Gemini 3 шинэ загвар нь текст боловсруулах, зураг засах, текстээс зураг үүсгэх зэрэг олон шалгуурт өндөр үнэлгээ авч ChatGPT, Grok, Claude зэрэг ижил чатботуудыг давсан үзүүлэлттэй болжээ. Тус загвар танилцуулагдсан эхний 24 цагийн дотор нэг сая гаруй хэрэглэгч туршиж үзсэн болохыг “Google” мэдээлжээ.
Гэхдээ хүмүүс хэрэгцээнээсээ хамаараад харилцан адилгүй хиймэл оюуны загвар ашигладаг гэдгийг анхаарах нь зүйтэй гэдгийг хөрөнгө оруулалтын компанийн технологийн салбарын захирал Бен Баррингер тайлбарласан байна. Жишээлбэл, хиймэл оюуны тооцоолол, хайлтын чадварыг үнэлдэг шалгуурт xAI болон Perplexity зэрэг хиймэл оюуны загварууд Gemini 3-аас дээгүүр үнэлгээтэй байгаа аж.
Чип үйлдвэрлэлийн шинэ өрсөлдөөн
“Google” хэдэн жилийн өмнөөс Tensor чипээ хийж эхэлсэн. Харин “Nvidia” компани хиймэл оюуны чипийн зах зээлийг одоо ч тэргүүлж буй бөгөөд, тэдний зөвхөн 10-р сарын тайланд тусгаснаар борлуулалтын орлого 62%, цэвэр ашиг нь 65%-ийн өсөлттэй байжээ. Энэ нь Nvidia-ийн хүчирхэг чип, хэрэглээний өргөн байдлаас шалтгаалдаг. Nvidia болон AMD нь GPUs буюу график боловсруулах төхөөрөмжөөр төрөлжсөн бөгөөд эдгээр нь их хэмжээний тооцооллыг асар өндөр хурдаар хийх чадвартай.
Харин Google-ийн Tensor чипүүд нь ASIC буюу тодорхой зориулалтын дагуу хийгдсэн тусгай чипүүд юм. Гэхдээ тус хоёр компанийн хөгжүүлдэг чипүүд хоёул хиймэл оюуны загвар сургах, ажиллуулахад ашиглагддаг. ASIC нь ерөнхийдөө илүү “нарийн хүрээний” зориулалттай гэж Жоржтаун Их сургуулийн технологийн хүрээлэнгийн шинжээч Жэйкоб Фелдгойз тайлбарлажээ. Үүнээс гадна ‘’Nvidia’’ зөвхөн чип бус, дата төвд хэрэгтэй бүхэл бүтэн технологийн цогц багцыг нийлүүлдэг. Үүнд GPU-гээс гадна сүлжээний чип, хөгжүүлэгчдэд зориулсан програм хангамжийн платформ багтдаг.

“Nvidia-ийн санал болгодог технологийн цар хүрээ, хүчийг одоогоор хэн ч гүйцэхгүй,” гэж технологийн шинжээч Тед Мортонсон хэлжээ. “Google”-ийн чипүүд ойрын хугацаанд Nvidia-г орлохгүй. Гэхдээ ASIC-ийн хэрэглээ өсөх, AMD өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нь компаниуд ‘’Nvidia’’-д хэт найдахаас зайлсхийж эхэлж буйн дохио гэж шинжээчид үзэж байна.
