UBLife Logo
Технологи
Самсунг компани анхны гурав эвхэгддэг гар утсаа танилцууллаа

Самсунг компани анхны гурав эвхэгддэг гар утсаа танилцууллаа

Самсунг компани өнөөдөр гурван төрлийн шинэ эвхэгддэг гар утсыг олон нийтэд танилцууллаа. Үүнд илүү нимгэн болсон Flip загварууд болон тус загварын хямд хувилбар, мөн гурав эвхэгддэг загвар багтжээ. Ройтерс агентлаг тус технологийн аварга компани эвхэгддэг утас хэрэглэгчдийг нэмэгдүүлэх, хэрэглэж дадсан энгийн ухаалаг гар утсаа эвхэгддэг утсаар солиход хүмүүсийг уриалах зорилгоор шинэчлэл хийж байна гэж мэдээлжээ. 

Өмнөд Солонгосын Самсунг компани эвхэгддэг утасны зах зээлд эрчимтэй шинэчлэл хийж буй нь Honor, Oppo зэрэг БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн ширүүн өрсөлдөөн нэмэгдсэнтэй холбоотой. Өнгөрсөн долоо хоногт Huawei компаниас 2020 онд тусдаа гарсан Honor компани хэт нимгэн Magic V5 эвхэгддэг гар утсаа танилцуулсан бол Oppo компани энэ оны эхээр Find N5 эвхэгддэг загварыг танилцуулсан. Технологийн Canalys сайтын мэдээлснээр Самсунгийн дэлхийн эвхэгддэг гар утасны зах зээлд эзлэх хувь 2024 онд 45 хувь болж, өмнөх онтой харьцуулахад 11 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жил дэлхий даяар нийт 17.2 сая эвхэгддэг гар утас борлуулагдсаны 9.4 саяыг нь БНХАУ-ын үйлдвэрлэгчид бүрдүүлсэн аж. 

Хоёр биш, гурав эвхэгдэнэ

Самсунгийн ‘’Galaxy Z Tri-Fold’’ гар утас нь хоёр нугастай, дэлгэсэн үедээ таблеттай дүйцэхүйц хэмжээний том дэлгэцтэй болох ажээ. 12-р сарын 12-ны өдрөөс эхлэн 2450 ам.долларын үнээр борлуулагдаж эхлэнэ. Дэлгэсэн үедээ 3.9 мм зузаантай, арван инчийн дэлгэцтэй болно. Тус загварын эдэлгээг уртасгахын тулд нугас, хөнгөн цагаан их бие, дэлгэцийн материалыг сайжруулсан болохыг Самсунг компани онцложээ. 

Илүү нимгэн, илүү том гэхдээ нэг том “сул тал”

Galaxy Z Flip 7 загвар

Galaxy Z Fold 7 хаалттай үедээ 8.9 мм, дэлгэгдсэн үедээ ердөө 4.2 мм зузаантай, маш нимгэн бүтэцтэй. Мөн урьдын загвараасаа илүү хөнгөн болж, ердөө 215 грамм жинтэй болсон нь Honor–ын Magic V5 болон Oppo–гийн Find N5–тай жигд түвшинд хүргэнэ. Шинэ Fold загвар нь 6.5 инчийн гадна дэлгэц, нээгдэхэд найман инчийн үндсэн дэлгэцтэй болж, өмнөхөөсөө илүү том хэмжээтэй болжээ. Мөн 200 мегапикселийн үндсэн камер, арван мегапикселийн телеобъектив, 12 мегапикселийн өргөтгөсөн (ultra-wide) камер болон гадна дэлгэц, дотор дэлгэц дээр тус бүр арван мегапикселийн урд камеруудаар тоноглогджээ.

Galaxy Z Flip 7 загвар

Гэхдээ шинэ Fold загвар зах зээлд буй бусад өрсөлдөгчдийн загваруудтай харьцуулахад батерейн хүчин чадлын хувьд хязгаарлагдмал хэвээр байна. Galaxy Z Fold 7 нь ердөө 4,400 mAh батерейтэй бол Honor–ын Magic V5 6,100 mAh, Oppo Find N5 5,600 mAh батерейтэй. Самсунгийн мэдэгдснээр, шинэ Fold загвар нэг цэнэглэлтээр 24 цагийн турш тасралтгүй бичлэг тоглуулах хүчин чадал бүхий батерейтэй ажээ. 

Хүчирхэг хиймэл оюун бүхий шинэ загварууд

Samsung энэ удаад Fold болон Flip 7 утаснуудаараа хиймэл оюуны боломжуудыг онцгойлон харууллаа. Сүүлийн хоёр жилд тус компани AI функцуудынхаа дийлэнхийг Google–ийн Gemini хэлний загвараар ажиллуулж ирсэн бөгөөд энэ жил мөн адил үргэлжилнэ. Хоёр төхөөрөмж хоёулаа Samsung болон Qualcomm–ын хамтран бүтээсэн Snapdragon 8 Elite for Galaxy чиптэй бөгөөд энэ нь хиймэл оюуны боловсруулалтын ихэнхийг үүлэн сервер дээр бус төхөөрөмж дотроо гүйцэтгэх зориулалттай.

Мөн камерт шинэ хиймэл оюуны функцүүд нэмэгдсэн. Жишээлбэл, зураг дээрх илүүц дүрс, объектуудыг автоматаар илрүүлж арилгах санал өгөх, эсвэл бичлэг дээрх илүүц орчны дуу чимээг илрүүлэн арилгах “audio eraser” зэрэг үйлдлүүдтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.